“Яамдыг цомхотгосоор ажиллах чадваргүй болгосон”
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж УИХ-ын 2013 оны төсвийг 18,6 тэрбум төгрөг байхаар санал нэгдэж Сангийн яаманд шилжүүлэхээр болсон юм. Энэ талаар болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн талаарх байр суурийг нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, бие даагч гишүүдийн зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-УИХ-ын төсөв дотор гишүүдийн орон сууцны төсөв гэж 220 сая төгрөг тусгасан. Энэ төсвийн яаж зарцуулах вэ?
-УИХ-д хөдөөнөөс сонгогдсон гишүүдэд байр, орон сууцны дэмжлэг үзүүлэх төсөв гэж өмнөх парламентуудад ч байсан. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад ч байр, орон сууцны дэмжлэг үзүүлэх төсөв гэж тусгадаг. УИХ-ын төсвийн нийт хэмжээ өнгөрсөн оны үеийнхтэй яг ижил хэмжээнд батлагдсан.
-Энэ удаагийн төсвийн онцлог юу вэ. Тухайлбал хэмнэл гарч байна уу?
-Хэмнэлт гарч байгаа зүйл гэвэл тойргоос сонгогдсон гишүүдийн тоо цөөрч ачаалал нэмэгдэж байгаа. Хөвсгөл аймаг гэхэд өмнө нь дөрвөн мандаттай байсан бол одоо хоёр гишүүнтэй болсон. Тэгэхээр миний ачаалал хоёр дахин нэмэгдэж байна гэсэн үг. Тэр агуулгаараа тойргоос сонгогдсон гишүүдэд нэг бие төлөөлөгч нэмэгдэж байгаа. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийнх хоёр дахин буурсан. Эндээс төсөвт 100 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа.
-Жагсаалтаар орж ирсэн гишүүдэд хэр зардал ногдож байгаа бол?
-Томилолтын зардал батлагдсан. Бие төлөөлөгч байхгүй. Нэг зөвлөх, нэг туслахтай байхаар баталсан.
-Жагсаалтаар орж ирсэн гишүүд орон сууц хүсвэл өгөх үү?
-Хөдөөнөөс жагсаалтаар орж ирсэн гишүүн бол байж болох юм.
-Одоогоор байр хүссэн гишүүн байна уу?
-Одоогоор байхгүй юм билээ. Энэ бол 2013 оны төсөв. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд байр хүсэх нь нээлттэй.
-Гишүүдийн өрөөний тохижилтод 500 сая төгрөг зарна гэсэн. Үүнийг яаж зарцуулах вэ?
-Түүнийг эргэж харж байгаа. Парламентын шинэ ордон барих, эсэх тухай яригдаж байгаа. Тэр асуудал намар шийдэгдэнэ. Тэндээс шалтгаалж тавилга шинэчлэх асуудлыг шийднэ.
-Бие даагч гишүүний хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг юу гэж үзэж байгаа вэ?
-Механикаар яам их байна, бага байна гэж ярих хэрэггүй. Үүрэг функц, ачаалалтай нь уялдуулсан бүтэц байх ёстой. Яам нэмэх гэж байгаа бол үнэхээр тийм хэмжээний ажил, ачаалал байна уу гэдгийг харах ёстой. Аль ч орон Засгийн газрынхаа бүтцийг ачаалалтай нь уялдуулж байгуулдаг.
Одоо бол бодлого гаргадаг яам бараг алга. Одоогийн манай Засгийн газар ажлаа хийх гээд оромддог бүтэцтэй байгаа. Яамд хэдхэн хүнтэй. Өдөр тутмын ажил хийдэг. Бодлого гаргадаггүй. Уг нь яамд бодлого гаргаж байх ёстой. Гэтэл хэтэрхий популизм хийж цомхотгосоор байгаад ажлаа хийх чадваргүй болгочихсон. Үүнийг шинэ хуулиар засах ёстой. Сайд бол бодлого тодорхойлж шийдэл гаргадаг мэргэжлийн хүн байх ёстой. Мэргэжилтнүүдийн санал дагадаг хүн байх ёсгүй. Агентлагууд гүйцэтгэх ажлаа хийх ёстой. Өнөөдөр яам, агентлаг хоёрын ажил бараг ялгаагүй болчихсон. Үүнийг засах хэрэгтэй.
Д.ОЮУН
news.mn
URL: