“Тендертэй ноцолддог Ерөнхий сайд гэж юу байх вэ?”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцлоо. “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг сайжруулах шаардлага байна, тэр дундаа зарим яам, агентлагийн эрхлэх асуудал нь ойлгомжгүй нөгөөд шилжүүлэх зэрэг шаардлага байгаа тул Ерөнхий сайдтай энэ асуудлаар ойлголцох шаардлага байна” гэж мэдэгдсэн юм.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус бүлгийн хуралдаанаас гарч ирснийхээ дараа хэвлэлийнхэнд дараах тодруулгыг өглөө.
-“Шударга ёс” эвслийн бүлгээс өчигдөр ажлын хэсэг байгуулаад Ерөнхий сайдтай уулзая, хоёр талаасаа зарим яамдын чиг үүргийг ярилцах шаардлага байна гэсэн. Ойлголцолд хүрч чадав уу?
-Засгийн газрын бүтэц, хийх ажлынхаа талаар ярилцлаа. Хамгийн гол нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн яаж гарсан бэ гэхээр хийх ажилтайгаа уялдаж, зохицож гарч байгаа. Нэлээд ярилцсаны эцэст санал нийлээгүй ажил үндсэндээ үлдсэнгүй. Төрийн өмчийн хороо гэх юм уу ганц нэг агентлагийг хэнд харьяалуулах нь зүйтэй вэ гэдэг дээр эвслийн бүлгийнхэн санал тавилаа. Үндсэндээ нэгдсэн саналд хүрч чадлаа гэж ойлгож болно. Гэхдээ ганц, нэг агентлагийг хэнд харьяалуулах вэ гэдэг дээр дахиж ярина.
-Дахиж ярих агентлаг нь юу вэ?
-Төрийн өмчийн хороо, тус хорооны өнөөдрийг хүртэл явж ирсэн практик нь Ерөнхий сайдын харьяанд байж ирсэн. Өргөн мэдүүлсэн төсөлд Төрийн өмчийн хороог Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд шилжүүлье, нэлээн олон улсын үйлдвэрийн газар байгаа юм. Үүнтэй нь уялдуулж, тийм өөрчлөлт хийхээр шийдсэн хэрэг л дээ.
Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд “Ер нь Төрийн өмчийн хороог өөрчлөх ёстой, төрийн өмчийн баахан компани байдаг, даргыг нь тавих гэж бөөн юм болдог, улмаар төрийн өмч шамшигддаг, хээл хахууль авлига гээд элдэв юм гардаг. Тус хороо нь өнгөрсөн хугацаанд өмч хувьчлалын асуудлаа үндсэнд нь шийдсэн учраас үүрэг функцийг нь өөр газарт шилжүүлэх гэдэг юм уу харгалзах яамд руу нь шилжүүлэх талаас арга хэмжээ авбал яасан юм бэ гэж санал гаргалаа. Тийм учраас Төрийн өмчийн хороонд илүү өөрчлөлт шинэчлэл хийхээ ярьж, Ерөнхий сайдад харьяалуулъя гэж шийдлээ.
-Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ямар агентлагууд харьяалагдах вэ?
-Уламжлалт газрууд орно. Шинэ юм нь газрын харилцааны асуудлыг Ерөнхий сайдын харьяалах асуудалд өгье гэж байгаа. Тэгэхгүй бол хот, дүүрэг, аймаг, сум бүгдээрээ газар олгодог. Нэг талаар засаг захиргааны нэгжээр газар олголт замбараагүй явж байна. Хоёрдугаарт салбараар газар олгож ирсэн. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай хэлбэрээр газар олгодог байхад Эрдэс баялаг, эрчим хүчний яам, хайгуулын, ашиглалтын лиценз нэрээр газар олгох жишээний.
Хөдөө аж, ахуйн яам болохоор эдэлбэр газар, газар тариалангийн газар гэж олгодог. Тийм учраас Ерөнхий сайдад харьяалуулъя гэж үзсэн. Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд усны бодлого алдагдсан гэж үзсэн. Нэг хэсэг нь газар тариалангийн ус ярьдаг нөгөө нь ундны ус ярьдаг. Тийм учраас усны бодлогын асуудлыг Ерөнхий сайдад харьяалуулъя гэж санал гаргасан. Нэг зүйлийг анхааруулъя, Ерөнхий сайдын хувьд газар, усны зөвшөөрөл олгоно гэсэн үг биш шүү, гол нь бодлогын асуудлыг ойлгомжтой болгох зорилгоор ийм өөрчлөлт хийх гэж байна.
-“Шударга ёс” эвслийн бүлгийнхэн тендэр олголтыг Ерөнхий сайд хариуцах нь зохимжгүй гэдэг зүйл яриад байсан, тэр асуудал юу болсон бэ?
-Тийм ээ, манай эвслийн бүлгийнхэн өргөн барьсан бүтэц дээр нэг зүйлийг өөрчилье гэж хэллээ. Тендерийг ирэх аравдугаар сарын 1-нээс яам зарлахгүй болж байгаа, хуулиараа. Бүх тендэрийг зарладаг нэг шинэ агентлаг байгуулагдана. Тэр агентлаг Ерөнхий сайдын харьяанд байна гэчихсэн, харин энэ нь зохимжгүй зүйл, Шадар сайдын харьяанд оруулъя гэсэн. Саналыг нь хүлээн авлаа. Тендэртэй ноцолдоод сууж байдаг Ерөнхий сайд ч гэж юу байх вэ дээ. Тэрний оронд ус, газрынхаа бодлоготой ноцолдсон нь дээр гэж үзсэн.
-Тэгвэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал хэзээ тодорхой болж байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар орох бол?
-“Шударга ёс” эвслийн бүлэг сая саналаа хэлсэн, Ардчилсан намын бүлэг маань дэмжчихсэн байгаа. Ардын намынхны бүлгийн хуралдаанд үдээс хойш оролцоно, тэд юу гэж хэлэх юм. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад дараа нь чуулганаар орно л гэж ойлгож болно доо.
-Сайд нарын нэрийг хэзээ санал болгох вэ?
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдана. Нэг ёсны 16 яам, 18 Засгийн газрын гишүүн ба Ерөнхий сайдтайгаар ажиллах нь гэдэг нь батлагдсаны дараа аль салбарын яамны сайд хэн байх вэ гэдгийг эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ынхантай зөвшилцөнө гэж ойлгох хэрэгтэй. Дараа нь УИХ-д тэр тэр сайдыг санал болгож байна гэдэг төслөө мэдүүлэх учиртай. Тиймээс бүтцийн дараа яригдана гэж ойлговол зохино
Г.Дарь
news.mn
URL: