Сайдад нэр дэвшигчдийг шинжихүй
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдахаар болж буй шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай мэдээ олны анхаарлыг татаж эхлэлээ.
Ямартай ч өмнө нь 11 байсан яамдын тоог шинэ Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг 16 болгож өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.
Шинээр байгуулагдах Н.Алтанхуягийн засгийн газрын яамдын сайдуудад хэн хэний нэр дэвшиж байгааг бид өмнө нь хүргэсэн тэгвэл одоо эдгээр сайдуудын талаарх товч мэдээллийг хүргэе.
Ерөнхий сайд Норовын Алтанхуяг - 1958 онд Увс аймагт төрсөн /54 настай/, БиоФизикч, физикийн багш мэргэжилтэй. 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр 1990-1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн даргаар ажиллаж, ардчиллын үйл хэргийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан. 1996 онд анх УИХ-ын гишүүн болж байсан. Улмаар байнгын хорооны дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, МСДН-ын ЕНБД, СХД-ийн АН-ын дарга, Сангийн сайд, Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан. Эдүгээ УИХ-ын гишүүн, АН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байна. Аядуу зөөлөн, “гал унтраагч” арга барилтай боловч бодлоготой улс төрч. Түүний гаргасан зарим цочмог шийдвэр нь намынхан болон ард иргэдийн шүүмжлэлийг хүлээж байсан удаатай. Олны дунд улс төрийн “хорыг сайн найруулдаг” гэдгээрээ илүү танигдсан нэгэн.
Шадар сайд Дэндэвийн Тэрбишдагва - 1955 онд Архангай аймагт төрсөн /57 настай/, 1982 онд Германы Гумболдтын Их Сургуулийг Хүнсний инженер технологич мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 1982 онд Улаанбаатар мах консервын комбинатад цехийн мастераар эхэлж байсан тэрээр 2000 онд анх Н.Энхбаярын нөлөөгөөр улс төрд хөл тавьж төд удалгүй, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд болж байсан ажээ. 2004 оноос өдгөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. МАН-аас сонгуулийн өмнөхөн гарч МАХН-д элсэн орж, УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшин ялалт байгуулсан. Н.Энхбаярын “зовох цагт нь дэргэд нь байсан үнэнч андууд”-ын нэг. Хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг, эрс шийдэмгий, олны итгэлийг хүлээсэн улс төрч.
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Чимидийн Сайханбилэг - 1969 онд Дорнод аймагт төрсөн /43 настай/, 1986 онд Сүхбаатар дүүргийн 45-р сургууль, 1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус дүүргэсэн. Хуульч мэргэжилтэй. 1991 онд МЗХ-ны ажилтнаас ажлын гараагаа эхэлж байсан бол 1996-2000 онд Улсын их хурлын гишүүнээр сонгогдон төд удалгүй, Гэгээрлийн /соёлын/ сайд болж байсан ажээ. ЗГ-ын ХМА-ны дарга, мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын даргын ажлыг хийж байсан. 1990-ээд оны дундуур МҮТВ-ийн VIP нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах байхдаа “та сувгаа бүү солиорой” хэмээн хэлдэг байсан шавилхан залуу хэвлэл мэдээллийн хэрэгслийн “буян”-аар анх олонд танигдаж УИХ-ын гишүүн болж байсан. Сайхан нэрэндээ таарсан сайн улс төрч гэж хэлэхэд эргэлзээтэй. Зарчим гэхээсээ илүү туйлшрамтгай, гэхдээ түрүүлж дуугараад байдаггүй хашир улс төрчдийн нэг. АН-ын дарга Н.Алтанхуягийн талыг баримтлагч гэх. Компьютер, мэдээллийн технологийн мэдлэг, дэвшлийг ашиглах талаараа УИХ-ын гишүүд дотроо номер нэг нь.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Дэмбэрэл - ИЗНН -аас УИХ-д хоёр суудал авсны нэг нь МҮХАҮТ-ын дарга гэдгээрээ олонд танигдсан энэ эрхмийн талаарх хувийн мэдээлэл интернэтэд хомс юм. Гэхдээ түүнийг Монголын сайн эдийн засагчдын нэг гэж үздэг хүмүүс олон бий. Ер нь бол ИЗНН-ыг АН болон МАН-ын талыг далдаас “дэмжигчид” бүрдүүлсэн гэж үзэх хүмүүс байдаг юм билээ. Энэ үзэл ёсоор бол С.Дэмбэрэл МАН-ын талыг баримтлагч гэнэ. Эдийн засгийн өргөн мэдлэгтэй түүнийг байгаль орчны сайд болгож байгаа нь харамсалтай боловч, энэ салбарт дорвитой өөрчлөлт хийнэ байх гэж итгэх хүмүүс олон байна.
Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд – 1961 онд Улаанбаатар хотод төрсөн /51 настай/, 1979 онд 23 дугаар дунд сургууль, 1981онд БНАГУ-ын /хуучнаар/ Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд сургууль тус тус төгссөн. Улс төрч мэргэжилтэй. 1996 онд АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байсан, Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг түүний мэдэлд Мass media групп буюу хэд хэдэн ТV болон сайт багтдаг. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа нэлээдгүй хэл аманд орж байсан. Олон тавин үггүй, хэлсэндээ хүрдэг, тулхтай улс төрч гэж олонд зөвшөөрөгдсөн нэгэн. Тэрээр энэ удаад шинэ засгийн газарт ГХЯ-ыг тэргүүлж ажиллахаар болж байна. Өмнө нь Олон Улсын Парламентын Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази Номхон Далайн Бүсийн даргаар ажиллаж байсан түүнд энэ яамны ажил тийм ч хол биш юм.
Сангийн сайд Мэндсайханы Энхсайхан /”Шударга ёс” эвсэл/ – 1955 онд Улаанбаатар хотод төрсөн /57 настай/, Нийслэлийн 1-р сургуулийг төгсөөд ЗХУ-ын /хуучнаар/ Киев хотын УИС-ийг Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр дүүргэсэн. Эдийн засаг мэргэжилтэй, эдийн засгийн Ph.D доктор, олон жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Монгол улсын Ерөнхий сайд, АН-ын даргын ажлыг хашиж байсан, “Эх орон – Ардчилал” эвслийн даргаар ажиллаж байгаад уг эвсэлийг тараасан гэх нэр “зүүдэг”. Тэрээр энэ удаагийн сонгуулиар Дархан- Уул аймагт нэр дэвшсэн боловч сонсогчдоос маш бага санал авсан. Үндсэндээ улс төрийн карьер нь дуусаж явсан улс төрч “Шударга ёс эвсэл” АН-тай эвсэж Засгийн газар байгуулж байгаагийн “буян”-аар одоо эргээд улс төрд орж ирэх боллоо. Туйлбаргүй, олны дунд нэр хүнд муутай, түүнийг урваач шарваач, эрх мэдлийн төлөө эхнэрээ ч худалдахаас сийхгүй гэж сайн мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин /АН/ – 1971 онд Тав аймагт төрсөн /41 настай/, Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. 2005 оноос АН-ын нарийн бичгийн даргаас улс төрийн гараагаа эхэлсэн тэрээр 2008 онд анх сонгогдон, 2012 онд дахин сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. УИХ дэх хуульч гишүүний болон хуулийн онол практикаа сайн мэддэг хүний хувьд тэрээр хуулийн төсөл боловсруулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн. Хууль бус явдлын эсрэг дуугарч чаддаг цөөн гишүүдийн нэг, АН-ын залуу, туршлагатай улс төрч түүнийг хууль зүйн яамыг толгойлж ажиллах болсонд олон хүн ам сайтай байна.
Үргэлжлэл бий…
Ц.Мөнх
olloo.mn
URL: