Шинэ төр, засагт анхны зочин ирнэ
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго манай улсад энэ сарын 22-25-ны хооронд айлчлах гэж байна.
Тэрбээр УИХ-ын сонгууль болж, Монголд шинэ төр, засаг байгуулагдсаны дараа ирж буй анхны өндөр хэмжээний гадаад зочин болох юм. Түүний айлчлалын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.
Ноён Дай Бинго айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Монгол Улсын шадар сайдтай хэлэлцээ хийх юм байна. Мөн Гадаад харилцааны сайдтай уулзахаар төлөвлөжээ.
Айлчлалаар Монголын төр, засгийн шинэ удирдлагуудтай уулзаж Монгол, Хятадын стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх юм байна.
Дашрамд дуулгахад, энэ оны эхний хагаст хоёр улсын худалдааны эргэлт гурван тэрбум 300 сая орчим ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өсчээ. Хятадын талаас өнөөг хүртэл Монгол Улсад нийт гурван тэрбум 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ сарын 30-наас Монголд Хятадын соёлын сарын ажиллагаа эхлэх гэж байна.
URL: