Э.Бат-Үүл: Төрийн албаныхан нийтийн тээврээр зорчино
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл иргэдийн асуултад хариулсныг хүргэж байна.
-Нийслэлд зам тээврийн осол өдөр бүр л гарч байна. Гэтэл осол замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн статистик үзүүлэлт байдаггүй юм байна, хайж үзлээ. Замын чанарыг шалгахад даатгалын компанийг оролцуулах нь үр дүнтэй болов уу?
-Энэ удаа бид зөвхөн замын түгжрэлийг хэрхэн бууруулж, зам засварын ажлаа яаж чанартай, хурдан хийх талаар ярилцлаа. Замтай холбоотойгоор хууль бус газар олголт, стандарт зөрчин барилга барих зэргээр олон зөрчил гарч байгааг иргэд хэлж байна. Бид аливаа ажлыг хийхдээ иргэдтэйгээ хэлэлцэж, санаа бодлоо солилцдог горим руу шилжинэ.
Бидний сая дэвшүүлсэн санал, иргэдийн гаргасан санаа, санаачлагыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах болно. Өөр нэг хэсгийг нь Засаг даргын захирамж гаргаж шийдүүлнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэг бидний эхлүүлсэн анхны ажил хэдий ч цааш цаашдаа төрийн байгууллагууд, ИТХ-ынхан шийдвэр гаргахдаа иргэдийн дуу хоолойг гол болгоно.
Замын түгжрэлийг бууруулахын тулд 14 ажлын санал гаргаж ирсэн байна, Ч.Бат дарга. Иргэдийн асуулт ч гэсэн бидний дэвшүүлсэн ажилтай ойролцоо бууж байна. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулан замын түгжрэлийг бууруулах нь зүйтэй гэж ойлголоо.
Иргэд маш үнэтэй саналууд хэлсэн. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн Д .Жаргалсайханы саналыг бодууштай юм байна. Түүний хэлснээр зам дээр болж байгаа ослыг замын байгууламжтай нь уялдуулах нь чухал санаа байна шүү. Зам барьж байгаа компаниудаас бид баталгаа гаргуулж авъя л даа. Замаас болж осолдвол, хохирлыг нь зам барьсан компани хариуцах уу, төр үү, даатгалын компани уу гэх мэтээр зохицуулалт хийе. Замаас шалтгаалаад осол гарахгүй гэх баталгаа бий юу. Зам тээврийн ослыг замын байдалтай холбож, тооцдог стандартыг цаашид нийслэлд хэрэгжүүлнэ. ЗЦГ-ын дэд дарга Д.Жаргалсайхан сонсч байгаа байх. Энэ асуудлыг судлаад захирамж гаргая.
-Замын ажлыг багцаар нь хийж болдоггүй юм уу. Цаашдаа шинэ замыг явган хүний болон дугуйн замтай нь хамт барьж болохгүй юу?
-Замыг барихдаа иргэд дугуйгаар явдаг, алхдаг зэрэг эрүүл амьдрах нөхцлийг бодолцох цаг болжээ. Би Ерөнхий сайдтай уулзахдаа Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулаач гэж хэлсэн. Урьд нь бид хамгийн бага үнийн санал хэлсэн компанийг шалгаруулдаг байсан. Энэ буруу байжээ. Хямд үнийн саналын цаана муу ажил хийнэ гэсэн үг. Үүнээс болоод чанаргүй барилга, байгууламж босоод байна. Одоо Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулаад чанар, хугацаа, байгууламжийн багцыг хамтад нь оруулж шийддэг болно.
Сүүлийн үед Улаанбаатар хотын байдлыг хараад иргэд их шүүмжилж байна. Дэлхийн бусад хотыг харж байхад замын стандарт, барилга байгууламж, төлөвлөлтүүдээ сайжруулаад байдаг. Тэндээс хаягдсан, хасагдсан зүйл манай хотын гудамжинд босоод байна. Гадаадын хотын стандартаас хасагдсан зүйлийг бид энд нутагшуулаад л байх юм. Тийм учраас хотын стандартын шаардлагыг маш хурдан шинэчлэн хэрэгжүүлье. Манай хотын энд тэнд босгосон, хэрэгжүүлсэн ажлыг харж байхад тэр хотын хог, хаягдал байна гэж хэлэхээр байгаа шүү, ингэж ажиллаж таарахгүй.
-Иргэдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулж болдоггүй юм уу. Ингэвэл иргэд хувийн тэрэг унахаас татгалзаж замын түгжрэл тэр хэрээр буурах биш үү?
-Наад асуудлыг чинь бид яриагүй биш ярьсан. Ялангуяа хичээл, сургууль эхэлж хот ид ачаалалтай болдог ирэх хоёр сарын хугацаанд түр зуур хотод иймэрхүү арга хэмжээ авбал ямар вэ гэж тооцоо, судалгаа хийж үзлээ. Энэ сарын 25-наас аравдугаар сарын 25 хүртэл нийтийн тээврээр иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах талаар ярилцаж үзлээ. Гэтэл хотын төсөв дээр бууж байгаа ачаалал маш их болсон. Иргэд зөвхөн үнэгүй явсны татаасанд сард 12 тэрбум төгрөг нийтийн тээврийн компаниудад өгөх хэрэгтэй болсон.
Дээр нь төлбөргүй зорчдог хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, цагдаагийн албан хаагч, сургуулийн сурагч гээд тооцоод татаасаа бодохоор нэг сарын дотор 16-18 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн компаниудад хувааж өгөх болж байна. Жилээр нь тооцоод үзэхээр 200 орчим тэрбум төгрөг боллоо. Нийслэлийн маань төсвийн орлого 280 тэрбум орчим төгрөг болдог. Төсвийн орлогынхоо бараг 90 хувийг бид татаасанд өгчих гээд байна. Төсвөө ингээд өгчихвөл эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэтээр Улаанбаатар хотын бусад асуудал орхигдох болж байна.
Энэ асуудлыг хот дангаараа шийдэх боломжгүй юм байна гээд хойш нь тавьсан юм. Хамгийн гол нь Улаанбаатар хотын иргэдийн санал асуулгаар 93 хувь нь автобус хуваарийн дагуу сайн явдаг. Цагаа баримталдаг. Автобус хоорондын хүлээх зай 2-3 минут болсон. Автобус цэвэрхэн, тохитой байх юм бол бид заавал хувийн унаа унах шаардлагагүй гэж хотын иргэдийн 93 хувь нь үзэж байна.
Нийтийн тээврийг хөгжүүлчихвэл иргэд заавал хувийн машин унаж, арчилгаа гэж мөнгө үрэх шаардлага алга гэж хэлж байна. Тиймээс бид энэ хоёр сарын хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргахаар боллоо. Ядаж л стандартыг нь мөрдүүлье л дээ. Одоо бид стандарт хэрэгжүүлэхгүй байгаа автобус компаниудын татаас мөнгийг өгөхгүй байж болно. Шаардлага биелүүлж, иргэдэд сайн үйлчилж байгаа нь мөнгөө бүрэн авдаг болно.
Сардаа 150 сая төгрөг эргэлддэг нийтийн тээврийн урамшууллын сан байгуулъя гэж бид ярилаа. Нийтийн тээврийн стандартыг давуулан биелүүлж, шинэ санаачлага гаргаж байгааг нь урамшуулж, муу ажиллаж байгаад нь хариуцлага тооцдог болно. Энэ зарчмыг хатуу баримтална.
-Замын зохион байгуулалтыг сайжруулж, хөдөлгөөнийг зохицуулахад ахмад настнуудыг татан оролцуулж болдоггүй юм уу?
-Ахмадуудыг зүгээр суулгахгүй шүү. Ахмадуудад хөлсийг нь өгөөд явган зорчигчийг зам хөндлөн гарахад нь туслах гэх мэтээр ажлыг хийлгэж болно. Замын хөдөлгөөний ажилд энэ мэтээр бага зардлаар сул байгаа ажиллах хүчийг ашиглаж болно шүү.
Нийтийн тээврийн үйлчилгээний хяналт, үнэлгээний ажилд бид төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах саналтай байна. Нийтийн тээвэрт хэрэглэгчдийн хяналт, үнэлгээг тогтоохдоо засаг захиргааны байгууллага оролцуулахгүй. Болзолт уралдааны дүнг шалгаруулахдаа иргэдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагын хяналтыг голчлон үзнэ.
-Төрийн байгууллагын ажилтан, алба хаагч нар хувийн унаанаас татгалзаж боддоггүй юм уу?
-Ямар ч байсан ачаалал ихтэй хоёр сарын хугацаанд төрийн албан хаагч нар хувийн унаагаараа явахыг хориглохоос өөр аргагүй болж байх шиг байна. Та бүхэн нийтийн тээврээр зорч л доо. Яагаад гэвэл замын ачаалал ихтэй хоёр сарын хугацаанд 15 мянган машин замын хөдөлгөөнөөс хасагдаж асуудал багасах гээд байна, цаана чинь.
Гэхдээ энэ талаар би албан хаагч нартайгаа сайн ярилцана. Ямарч байсан ийм шийдвэр гарах байх шүү.
”Зууны мэдээ”
URL: