Ш. Алтантуяа агсны аав С. Шаарийбуу: Монголын төр “Р. Багиндраг суллаад өгөөч” гэсэн бичиг Малайз руу илгээсэн байдаг
Одоогоос таван жилийн өмнө Малайзад бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн Монгол бүсгүй Ш.Алтантуяагийн хэрэг өнөө хэр нь шударгаар шийдэгдээгүй байна.Хэргийн газраас олдсон охиныхоо өчүүхэн үлдэгдлийг хүний ёсоор оршуулж чадаагүй байгаа эцэг эх, өнчрөн үлдсэн хоёр хүүхдийнх нь цөхрөл хоёр улс дамнан хүчин мөхөсдөөд буйг С.Шаарийбуу гуайн яриа нотлох бизээ. Өнгөрсөн хугацаанд хэргийн талаархи баримтуудыг өөрийн хэмжээнд хоёр сейф дүүрэн цуглуулсан тэрээр итгэсэн хүмүүс нь урваж, хэрэгтнүүд ял зэмээс мултарч эрх дархтай яваад гэсгээл ирнэ хэмээн ярьж байна.
Улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэлтнүүд оролцсон тус хэргийн эздийг Малайзын шүүх суллаад зогсохгүй талийгаачийн хүүхдүүдэд сохор зоосны ч тэтгэлэг оноогоогүйг олон нийт эсэргүүцэж буй. Тус улсад өрнөөд буй улс төрийн сонгууль уг хэргийг зах сэжүүрээс нь эдүгээ сөхөөд байгаа юм.
-Малайзад улс төрийн сонгуультай нь холбогдуулан талийгаачийн амь насыг хөнөөсөн хэрэг сөхөгдөж байгаа тухайд та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Манай төр засагт Тавантолгой, Оюутолгой нь л амь шиг хэрэгтэй болохоос хүн толгой нь огт үнэ цэнэгүй байхад би юу ярих вэ. Монгол улсын өргөмжит консул Д.Саедын манайхантай нийлж хийсэн гол ажил цаад хүмүүстээ мэдээлэл өгч амь амьдралыг нь аварч үлдэх байсан шүү дээ. Мань хүн шаардлагатай бүх материалыг манай талаас бэлдээд сөрөг тагнуулын хэмжээнд аваачиж өгч байсан. Хэргийн баримт, ул мөр дээр ажиллах, зураг хөргийг нь толгой тархиар нь салгах эвлүүлэх мэтийн ажил хийж Багиндагаас мөнгөө авч манайхантай хуваасан. Тэгж яривал Монголоос “Р.Багиндаг суллаад өгөөч” гэсэн бичиг хүртэл явуулсан байдаг.
-Та баримттай ярьж байна уу?
-Баталгаагүй юм би юу гэж ярих юм бэ. Тэр бүү хөл Датук Саедыг гайхамшигтай сайн ажилласан хүн гээд л манай талаас одон медалиар шагнаад байсан шүү дээ. Тэгснийхээ араас нь манай өргөмжит консул Датук Саедын эрх ямбыг эдлүүлж дээд зэргээр харж үзэж байна уу гэж Монгол улсын ерөнхий сайд Малайзын ерөнхий сайдад албан бичиг явуулсан байдаг. Би үүнийг тэд хамтарч тохиролцсон гэж боддог.
-Датук Саед бол нэр нөлөөтэй хөрөнгө чинээтэй бизнесмен хүн. Худалдагдсан гэх нотолгоог та юуг үндэслэж хэлж байна?
-Өргөмжит консулыг өөрийгөө даагаад явах хөрөнгөтэй хүн хийдэг. Манай АПУ-гийн Д.Батжав нартай нийлээд л ирж очоод байдаг хүн. Ирэх бүртээ л тэд нартай уулзаж учирч явдаг. Хөрөнгө мөнгө нь нэг байдаг юм уу би ойлгодоггүй. Малайзын маш олон компани манайд үил ажиллагаа явуулдаг. Тэд нар юу хийж, ямар гавьяа байгуулсан гэж орж ирэх эрхтэй байдаг юм.
-Амь нас, ажил бизнесийн аюулгүй байдлаа үл тоомсорлон энэ хэрэгт эцсийг нь хүртэл зүтгэнэ гэж амлалт өгч байсан хүн шүү дээ?
-Энә Датук Саед гэдэг хүний ерөнхий сайдтайгаа авахуулсан зураг/гар утсаа үзүүлэв/. Надад бэлэг болгож явуулсан байдаг.
-Өнгөрсөн 5 жилд та хэргийн талаар өөрийн хэмжээнд ил далд олон баримт цуглуулж авсан байх. Одоо яая гэж бодож байна?
-Яахав дээ. Хэдэн шкаф, сейф дүүрэн баримт материал байна. Надаас өөр хүн учрыг нь олж чадахгүй л дээ. Хэн нь хэн байснаа хэн болсон юм гэдгийг мэдэхгүй шүү дээ. Цаг нь болоогүй байна. Харж л байя. Төр засгаас ямар нэгэн юм хийг гэж хардаг. Монгол хүн төр засгийнхаа өмнө нэг, хоёрдугаар хүн гэж гурил шиг дугаарлагдах ёсгүй. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд хуульчилсан байдаг биз дээ. Монголд хүний эрх, амьд явах баталгаа ямар түвшинд байгааг эндээс харж болох юм. Учиргүй мафижаад хөл толгойгоо олохоо больчихсон улс биш шүү дээ.
Ганц нэгхэн хүний амь насны асуудлыг төрийнхөө түвшинд эцсийг нь үзтэлээ анхаарал тавьж чадахгүй байгааг одоо юу ч гэж ойлгох вэ. Амьд явах эрхийн тухай ч иргэд нь мэдлэггүй. Мэдлэггүй байлгахыг ч боддог юм уу. Тэрний оронд малын тухай, ямааны ноолуурын тухай, уул уурхайн тухай ярьдаг. Хүнийхээ төлөө юу ч хийдэггүй ийм солиотой нийгэм байдаг юм уу.
-Та хамгийн сүүлд хэзээ Малайз явж Датук Саедтай болон өмгөөлегч Карпал Сингх нартай уулзсан бэ?
-Шүүх хурал болохгүй юм чинь тийшээ зугаалж явах хөрөнгө мөнгө надад байхгүй. Хоёр жилийн өмнө л Р.Багиндаг цагаатгасан20 минутын шүүх хуралд би очсон. Одоо Р.Багинда эрх чөлөөтэй Англид амьдарч эрдмийн цол хамгаалж байгаа юм гэнэ лээ. Бодвол “Монгол хүнийг устгах нь” сэдвээр хамгаалж байгаа байлгүй. Анхнаасаа Датук Саедыг нөгөө талд ажиллаад байгаа тухай хар сэр надад байгаагүй.
Тэр үед чинь хэн л наашаа гэнэ тийшээ л учраа олохгүй гүйж байсан. Манай гадаад хэргийн яамныхан тэнд өргөмжит консул гэж авралын бурхан байгаа гэж надад хэлнэ биз дээ. Манай гадаад хэргийнхэнтэй өвөр түрийндээ орсон холбоотойг би яаж мэдэх вэ. Гэхдээ ажил бизнесээр холбогдоод хэн нь хэнтэйгээ юу хийх нь хувь хүний асуудал.
Итгэж найдсан хүн нь сүүлдээ чононд хонь хадгалуулна гээч л болсон. Тэгээд яахав Монгол талын дарга нь дэвшээд дээшээ яваад өгсен. Негөө талынх нь дарга нь “Чамайг хамгаалж чадахгүй нь. Эзнийхээ төлөө зүтгэхгүй бол би сүйд боллоо” гээд яваад өгсөн. Одоо Малайзад өргөмжит консул ч байхгүй хэдэн залуучууд хүний эрхшээлд дэмий тэнээд бие биенээ талаад эсвэл талагдаад л байж байдаг. Ер нь одоо хэн өргөмжит котнсулаар ажиллах юм. Ажиллана гэвэл Чи дуртай байна уу” гээд хавчина биз дээ.
Монголын төлөө ажиллана гэх нь битгий хэл Монгол хүнтэй уулзсан хүн бүрийг хатуу цээрлүүлнэ гэсэн хууль гарсан, мэдэж байна уу. Маш олон хүн шоронд орсон. Одоо тийшээ Монголчууд зүглэх хэрэг байхгүй.
Тэнд чинь алахаа хүрвэл торхонд хийгээд далай руу чулуудчихна. Хүн төрөлхтөний гэмт хэргийн үүр уурхай, мафи, хар тамхи, хүний наймаа, авилгал гээд хамаг муу муухайн үндэс болсон газар Малайз. Арабын орнуудад болж байгаа хувьсгалын нөлөөлөл тэнд хүрээсэй гэж бодож байгаа. Үнэхээр ерөнхий сайд Т.Нажибтаа гутарч цөхөрсөн. “Олон жил улс орныг худалдаж идсэн авилгын эзэн” гэж үзэн яддаг.
Авгай Росма нь аюултай амьтан. Тэрний заавраар ал гэвэл алж, шагна гэвэл шагнаж дэвшүүлж байдаг. Тэр балай авгайд долигонож чадсан хүн юунд ч хүрч чадна гэж ярьдаг. Үнэхээр улс төрийн сонгууль нь өрнөж энэ хэрэг сөхөгдөж байгаа бол түүнд нь нөлөөлөх шалтагтай орон бол Монгол. Тэгэхэд дуугарч чадахгүй суугаад байдаг нь бодвол өглөг авлагатайнх юм байгаа биз.
Тэрнийхээ тооцоог хийж дуусаагүй учраас хэлж болдоггүй байх. Тийм юм байхгүй бол юундаа өөрсдөө хэрэгтэн шиг хулчагнаад байгаа юм. Өмгөөлөгч нь бас ажиллахад хязгаартай. Сөрөг хүчний намын дарга парламентын хүндэт суудалд суудаг хамгийн өндөр настай хүчтэй дуугардаг хуульч л даа. Надад бол тийм хуульч олдохгүй.
-Таньд цаад талаас өнгөрсөн хугацаанд ямар нэгэн хандлага санал тавьж байсан уу?
-Надад олон хуульч санал болгож байгаа. Ерөнхий сайд Т. Нажиб амь нь тэмцэж янз бүрийн л арга хэрэглэсэн. Олон хүмүүс над руу явуулдаг. Бид нар шийдээд өгье, зуучлаад өгье гээд ирж л байдаг. Би ямар өнөөдөр харангадаж үхчихгээд байгаа биш. Тэд нарт “Би төртэй засагтай тусгаар тогтносон Монгол улсын иргэн. Төр улсынхаа өмнүүр орж асуудлыг шийдэхгүй” гэдэг.
Монголын төрийг би горьдож хардаг. Даанч тэр нь дэндүү удаан дэндүү сонин байх юм. Малайз Монголын эрх зүйн тогтолцоо ялгаатай. Манайх Ром, Германаас хуулбарласан эх газрын эрх зүйн тогтолцоотой. Дуртай нь хуулиа өөрчилж сольж байдаг зохиол шахуу. Малайз шашныхаа хуулиар ч энэ хэргийг” шийдэж “болно. Р.Багиндаг 3 цагдаагийн хамт насаар нь сүмд шал угаалгаж хэргийг нь лалын шашин нь худалдаад авчих боломжтой.
Шашны яам, яам нь сайдтай. Манай шашныхан юу хийж байна. Нэг ч лам талийгаачийн газар дээр нь очиж байгаагүй. Уг нь бол тэр нь буян болох юм л даа. Энэ талаар мөрөөр нь мөшгөөд бүгдийг үзүүлсэн эрэн сурвалжлага яагаад байж болохгүй юм. Намайг тэнд очиход С1, Аль Жазира гээд гадны телевизийнхэн хүрээд ирдэг.
-Та Гадаад хэргийн болон ХЗДХЯамдаар босгыг нь элээтэл явсан тус болсон зүйл байна уу?
-Яваад яах юм. Хэн нэгэн хүнд өөрт нь зовлон ирээгүй бол хаалгаа л хаана. Яахав дээ. Өрөвдсөн хүн болж худлаа ярвайна. Ажил хийсэн хүн болж намайг түргэхэн гаргах гэж “За тэгье” гэнэ. Өнөөдөр маргааш гэсээр 5 жил болсон байна. Эхний жил “Бид харж байна. Хандаж байна. Туршлагагүй байна” гэж байсан биз. Одоо туршлагатай болоо байлгүй дээ. Тэд нар “Аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн НҮБ-ын конвенциор л хазаарладаг. Бусад орон бол зохих хэмжээнд нь хориг тавиад л хийж чадаж байна. Хятадын хэдэн загасчид Япон тэнгист загас барьж байгаад хил зөрчсөн хэрэгт ороход төр засаг нь хориг тавиад л улсуудаа татаад авчихаж байна.
Гэтэл Монгол тийм том хэмжээнд биш гэхэд бүс нутагтаа юм хийж болно доо. Монголын Засгийн газрыг төлеөлж өнгөрсен 5 жилд албан ёсны хүн сэтгэл гаргаж очоогүй. Би гуйж гуйж ганц нэг хүн очуулж байсан удаа бий. Очсон нь өмгөөлөгчтэй нь уулзаад Датукт хууртагдаад хүрээд ирдэг. Одоогийн Еренхий сайд тэр үед Гадаад хэргийн сайд байсан. М.Энхболд Еренхий сайд байж байгаад С.Баяр нь гарч ирсэн. Надтай бол сэжиглээд уулздаггүй. Охиноо тэнд алдчихсан ямар нэгэн муу юм тусна гэж боддог биз. Улс төрчид нь ганц ч ирж уулзаж байгаагүй.
Нийгмийн сайн сайхан шударга ёсны төлөө гээд л тэндээ л улаан тугаа мандуулаад худлаа явж байдаг. Хаа нэгэн газар зуд болж, морь уралдаж байна гэвэл дарга нар тэнд шахцалдаад явж байдаг.
Наадам гэхэд хойморт нь тухлаж байдаг мөртлөө яагаад Монгол эх хүн хүний нутагт зэрлэгээр хөнөөгдсөн байхад төрийн өндөрлөгүүд нь чимээгүй сууж байдаг юм. Ц.Нямдорж сайдтай өргөдөл өгч байж нэг уулзсан. Эрх зүйн гэрээ байхгүй учраас үйл ажиллагаа явуулах ямар ч бололцоо байхгүй гэж л хэлдэг.Ийм байхад одоо юу хийх юм бэ. Гадаад хэргийн яаманд хүний эрхийн чиглэлээр ганцхан хүн ажилладаг. Тэр нь ажлаа мэдэхгүй. Саяхан шинэ хүн авсан. Монголд төр нь иргэдийнхээ төлөө ажиллах ёстой юу, иргэн нь терийнхөө төлөө ажиллах ёстой юу би ойлгодоггүй.
-Талийгаачийн хүүхдүүдэд өнөөдрийг хүртэл хохиролд юу төлсөн бэ?
-Хүн төрөлхтөний хүмүүнлэгийн зарчмаар бол тэр хүүхдүүдэд эхийг нь хөнөөж насан туршид нь өнчрүүлсний төлөө хуулийн дагуу тэтгэмж хохирлыг төлөх ёстой. 5 жил өнгөрөхөд юу ч өгөөгүй. Эхийг нь алчихаад амьд үлдсэн хүүхдүүд нь хүртэл ийм зэрлэг ажиллагаа явуулж байна. Тэгээд ийм байхад манайхан дуугүй л байдаг. Би хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад нь яваад л орсон. Хүний эрхийн комисс нь “Харин тийм ээ. Яах уу” гээд нэг бичиг хийж өгдөг.
Төрийн бус байгууллагад Малайз руу яваад очих хөрөнгө мөнгө сэтгэл ч байхгүй. “Эмнести интернейншл” болохоор Монголд байгаа хүний төлөө үйл ажиллагаа явуулах эрхгүй гэдэг. Төр засгаас яахав, надад зохих хэмжээний туслалцаа үзүүлж байсан юм бий. Тэрэндээ харамсаад байгаа бол би буцаагаад төлчихье л дөө. 21 мянган төгрөг авч байгаа ард түмнээс гуйхад надад 500, 500 төгрөг өгчих байлгүй.
-Талийгаачийн хэргийн гол эд мөрийн баримт ясны үлдэгдлүүдийг Малайзын талаас таньд хүлээлгэж өгсөн үү?
-Эд мөрийг баримтыг юу гэж өгөх юм.
-Уг нь өгнө гээд байсан шүү дээ?
-Өгөхгүй л байгаа байхгүй юу. Эцэг эх хүний ёсоор бурхан болсон охиныхоо оршуулгыг хийж бидний уй гашууг хуваалцсан олон хүмүүст сэтгэлийн үгээ хэлмээр байна. Би маргааш өглөө охиныхоо хойдын буяныг үйлдэнэ гэж хэлээд тэр хүмүүсийн сэтгэлийг амраах ёстой. Хүний ёс, шашин шүтлэг талаасаа ч ямар их зөрчигдөж байна. Манайх буддын шашин гээд нэг юмтай, тэнд нь хамба гээд нэг хүн сууж байдаг. Манайд чинь төр шашны харилцааг ерөнхийлөгч хариуцдаг биз дээ. Тийм хүн байгаа юм бол та нар болиоч дээ гээд хүний ёсны асуудлыг хөндөх ёстой биш үү. Ерөнхийлөгч рүү бол намайг оруулахгүй л дээ. Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх нь өнгөрсөн намар хүлээж авна гэсэн одоо байхгүй л байна.
Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын даргын зөвлөхүүд, Монгол Малайзын парламентын бүлэг таг чиг. Харин С.Оюун гишүүн ахыгаа алдаж ижил зовлон үзсэн юм болохоор хэд хэдэн тодорхойлолт гаргаж өгсөн. Гадаад хэргийн сайд байхад нь хүссэн үедээ уулзаж байсан. Монгол Малайзын парламентын бүлгэмийн шугамаар хүмүүс ирэхэд би Н.Ганбямбад хэлсэн. Монголын төр засаг хүлээж авахдаа ах дүү найрамдал минь, аз жаргал минь гэж солиорох вий гэж анхааруулсан. Хамгийн олон бүрэлдэхүүнтэй ирсэн тэр нөхдүүдийг амар заяа үзүүлэх ёсгүй шүү гэж би өерөө гуйж байж хэвлэлд сануулсан. Ерөөсөө манайхан толгой нь ажилладаггүй юм билээ. Одоо 5-р сарын 6-нд талийгаачийн терсөн өдөр болно.
Болдог бол юм юм л хиймээр байна. Энд байгаа би хүртэл охиныхоо төрсөн өдрөөр Нажибт Алтантуяа гэж нэрийг нь дээр нь бичээд торт хүргүүлж, авгайд нь охиныхоо насны тоогоор хар сарнай явуулдаг. Та нар энийг хүргэж өгөөрэй өгүүлсэн хүндээ хамгаалалт тавиад сэтгүүлчид явуулаарай гэж хэлдэг. Бэлэг хүргэж өгсөн хүн баривчлагддаг. Тэгээд яах юм. Нэг хоноод суллагддаг. Малайзын консул, элчин Монголд байсан бол би өдөр болгон жагсаад, өдөр болгон тугийг нь шатаагаад үйлийг нь үзнэ. Энэ жил охиныхоо төрсөн өдрөөр юу хийдэг юм билээ гээд бодож байна. Р.Багиндаг Монголын эмэгтэйчүүд урих хэрэгтэй. Тэр зартай алуурчинг Монголын охид эмэгтэйчүүд харахыг хүсч байна гэсэн урилга явуулахад яагаад болохгүй гэж. Тэр шүүх хурал дээр над руу харж чаддаггүй.
Эцэг эх нь ч хардаггүй. Тэр угаасаа үйлээ эдлэж байгаа амьтан. Малайзад 15 элит гэр бүл байдгийн нэг нь тэднийх гэж байгаа юм. Тэрийг тэгээд хаячих нь зөв юм байгаа юм. Яахаараа эх хүнийг устгасан хүн эртхэн цаазаар авагдаж амарч байх ёстой юм.Тэгэх ёсгүй. Тэр хүн насан туршдаа үйлээ үзэж, хүний нүүр харж чадахгүй тарчлах ёстой.
Бүхэлдээ энэ хэргийн талаар баримтат кино хүртэл хийж хэргийн газарт очиж хоёр алуурчин цагдаагийн шоронд байгаа амралтанд байгаа эсэхийг шалгаж болно. Хэргийн бүх талын нотлох баримт сэлт хөдлөшгүй бүрдсэн байдаг. Батлан хамгаалахын сайд нь тэсрэх бөмбөг авах зевшеерөл өгсөн байдаг. Сайдад нь Нажиб тушаал өгсөн. Ингээд бүх зүйл дэндүү илэрхий байдаг.
-Талийгаачтай хамт зэвсгийн наймааны хэлэлцээрт орсон 3 хүн амиа алдсан байдаг гэж үнэн үү?
-Үнэн. Миний хамгийн сайн мэддэг Солонгосын иргэн Америк хүүхэн Яан Жин гэртээ хөнөөгдсөн байдаг. Гадны цагаач иргэн учраас асуудал болоогүй өнгөрсөн. Германы иргэн сураггүй алга болсон. Энэ хэргээс сурагтай хөнөөгдсөн нь талийгаач байдаг. Бусад нь гэнэтийн аваар осол ч юм уу байдлаар бурхан болсон. Р.Багинда,Т.Нажиб хоёр чинь бүүр хүн алаад ийм юм хийгээд сурчихсан амьтад. Энийг талийгаач ингээд байна гээд бүх юмыг мэддэг байсан юм. Амьд ганц үлдсэн гэрч нь миний охин байсан. Найзууд нь эндээ бай, битгий яв гэж хэлдэг байсан.
-Эхэн үедээ та Малайзад харуул хамгаалалттай явдаг байсан байх аа?
-Үгүй тийм юм байхгүй. Хоёр дахь удаагийн шүүх хуралд эндээс гэрчүүд аваад явахад амь насанд нь санаа зовж Тагнуулын ерөнхий газарт хамгаалалт авъя гэж хүсээд Интерполын хамгаалалтанд байсан. Хүний нялх хүүхдүүдийг гэрчээр авааччихаад алдчихвал яахав.
-Р.Багиндаг цагаатгасан шүүх хурал ямар уур амьсгалтай, 20 минут болж үргэлжилсэн бэ?
-Баярлаад л орилолдож тэврэлдээд л үндэсний баатар шиг л юм болсон. Шүүхийн танхимд зассан тусгайлсан хашилтнаас гараад ах дүү нар нь өргөөд л аваад явчихдаг юм билээ. Тэр яахав зохион байгуулалттай шоу байсан.
Эх сурвалж: “Монголын нэг өдөр”
URL: