X.Баярмаа: Намайг Хятадын мисстэй их харьцуулдаг. Тиймээс миний гол өрсөлдөгч бол Хятадын мисс

Өвөр Монголын Ордос хотод 118 орны гоо бүсгүйчүүд авъяас чадвар, ааш зан, гоо сайхнаараа өрсөлдсөн “Дэлхийн мисс 2012″ тэмцээн болж байгаа. Монгол улсыг төлөөлөн найруулагч Ц.Хүсэлтбаатар, С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа амжилттай оролцож байгаа билээ. Уншигчдаас ирсэн асуултанд Х.Баярмаа он-лайнаар хариулт илгээснийг хүргэж байна.

- “Дэлхийн мисс 2012” тэмцээнд Монголын гоо охидоо төлөөлж амжилттай оролцож байгаад баяр хүргэе. Эцсийн шалгаруулалтын өдөр ойртож байна. Юу бодогдож байна вэ?
- “Дэлхийн Мисс 2012″ тэмцээнд оролцох боломж олдсонд мөн Монголын ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж байгаадаа их баяртай байна. Сүүлийн шалгаруулалтад цөөхөн хэдэн хоног үлдсэн тул чадлынхаа хэрээр хичээн эх орондоо тодорхой хэмжээний амжилттай очно гэж би их найдаж байгаа.

- Энэ тэмцээнд ямар шалгуураар тэнцсэн бэ? Тэмцээнд долоохон хоног бэлдээд явсан гэж сонссон? 

- “Дэлхийн мисс 2012″ тэмцээний Монгол дахь төлөөлөгч “Desoft media”-гийнхан ирж уулзаад надаар андет бөглүүлж, зураг аваад явсан. Тэгээд миний материалыг бусдынхтай хамт “Дэлхийн мисс 2012″  тэмцээний зохион байгуулагчдад өгч явуулсан гэж ойлгосон. Удалгүй “чи тэнцсэн байна” гэсэн хариу хэлсэн. Тэгээд л ганцхан 7 хоног үлдсэн тул байсан зориг шулуудан аль болох түргэн бэлтгэлээ базааж Ордос руу гарсан даа.

- Та өөрийн танилцуулгад Холливуудын жүжигчин болно, өөрийн гэсэн театр байгуулна гэсэн мөрөөдөлтэй тухайгаа бичсэн байсан. Ийм тэмцээнд оролцоно гэж бодож байв уу?
- Өмнө нь ийм зүйл огт бодож байсангүй. Олон сайхан охидууд дундаас сонгогдож ирсэндээ гайхахын зэрэгцээ улсаа төлөөлөөд явж байгаа тул ямар их том хариуцлага үүрч байгаагаа ухамсарлаж бас заримдаа сүрдэх үе байна. Манай гэр бүл бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс тул жүжигчний мэргэжлийг бүр багаасаа мэдэрч өссөн. Энэ мэргэжлээ сэтгэлээсээ хайрлаж дурлаж сонгосон тул мэргэжилдээ ямагт үнэнч, хэзээ ч орхихгүй гэж боддог. Аав, ээжийн маань байгуулаад амжилттай ажиллуулж байгаа “Шилдэг өнгө” продакшныг улам өргөжүүлж нэг сайхан өдөр бие даасан театр болгоно гэж мөрөөдддөг. Олон жаахан охин багаасаа жүжигчин болно хэмээн мөрөөдөж өсдөг шүү дээ. Тэр дундаа Монгол улсаас Холливуудад нэрд гарах анхны жүжигчин болох юмсан гэж мөрөөддөг. Тэр мөрөөдлийнхөө төлөө ч ажиллах болно.

- Энэ жилийн тэмцээн манай улстай тун ойрхон Ордос хотод болж байгаа. Монгол улс, Монголын өв соёлтой холбоотой нэлээд олон газраар аяласан зургуудыг тань сонирхсон. Өвөр Монголд энэ тэмцээн болж байгаа нь танд ямар нэг давуу тал болж чадаж байна уу?

- Тэгэлгүй яахав.  Өвөр Монголд болж байгаа надад сайнаар нөлөөлж байгаа. Олон орны миссүүд гэр орон газар нутгаасаа хол, нутгаа санагалзах үе их гардаг байх аа. Миний хувьд элэг нэгтэй Өвөр Монголын ах дүүс маань цэнхэр хадгаа дэлгэн угтсан тул сэтгэл нэг л өег, төрсөн нутагтаа байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрсөн. Ордост бидэнтэй таарсан хүмүүс бүгд л монгол байна гэж намайг бусдаас онцгойлон сонирхоод байгаа санагдсан. Үдшийн зоогоор Хятадын мисс бид хоёрыг ээлжлэн тайзан дээр гаргаж дуулуулах явдал их гарсан.

-  Бусад орны миссүүдээс хэнийг гол өрсөлдөгчөө гэж харж байгаа вэ? Охидын өрсөлдөөн ч их шазруун байдаг даа?

- Одоогийн байдлаар аливаа тэмцээн, үйл ажиллагааны явцад хүмүүс намайг Хятадын мисстэй зэрэгцүүлж,харьцуулж үзээд байгааг анзаарсан. Тийм учраас гол өрсөлдөгч маань Хятадын мисс гэж хэлэх байна.

- Ер нь монгол охидыг гадныхан хэр үнэлж, юугаар нь илүү хүлээж авч байна вэ? Өмнө нь Монголоос Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан бүсгүйчүүдийн талаар сонсогдож байна уу?
- Тэмцээн Хятадын нутагт болж байгаа тул монгол охидыг хятад охидтой харьцуулах, адилтгах гэсэн хандлага их анзаарагдсан. Юуны түрүүнд монголчууд өвөр монголчуудтай элэг нэгтэй боловч хоорондоо их ялгаатай гэдгийг тайлбарлаж байгаа. Манай монгол охидууд бусад Ази охидуудыг бодвол илүү европжсон хэв маягтай, соёл боловсрол хүмүүжилд нь чөлөөт сэтгэлгээ их дэлгэрэнгүй, нуруу туруу сайтай, баясгалантай хүмүүс байдаг гэж ойлгосон болов уу. Би харин Монголоос урд оролцож байсан мисс охидуудтай уулзаж туршлага судлах сонирхол их байсан ч боловч харамсалтай нь цаг хугацаа давчиг байсан тул амжилгүй наашаа гарсан.

300839_10151178885631159_1457213688_n-  Тэгвэл таны давуу тал?
- Миний давуу тал гэвэл миний мэргэжил. Жүжигчин хүн тул тайзнаа биеээ авч явах соёлыг багш нар маань зааж сургасан. Дээр нь эцэг, эхийн маань багаас өвлүүлж өсгөсөн хүмүүжил, хэрсүү ухаан, тэвчээр хатуужил болон зориг байна гэж бодож байгаа шүү. Та нар гайхаж магадгүй. Гэхдээ би урд өмнө нь ямар нэг миссийн тэмцээнд орж үзээгүй шүү дээ. Гэхдээ бас нэг талаас давуу тал гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ тэмцээний бүх юм миний хувьд цоо шинэ байсан тул айж болгоомжлохоо мэдэхгүй бүх чадлаа зориулан, чин сэтгэлээсээ аливаа юманд хандаж чадвал амжилтанд хүрэн гэсэн ойлголттойгоор бүх үе шатанд нь хандсан. Миний том ээжийн хэлэх дуртай үг “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдгийг санаад л явж байгаа.

-  Мисс охид Чингисийн онгонтой танилцсан байсан. Танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

- Ордос дахь Чингисийн онгоныг очиж үзээд мэдээж сэтгэл маш их хөдөлж, их сайхан санагдсан. Би Ордосд анх удаа ирж байгаа тул юм юм их сонин санагдаж монгол хүн болж төрсөндөө их бахархаж байгаа. Манай улсын түүх соёл ямар их гайхамшигтай юм бэ гэж бодогдсон. Бид ч гэсэн түүх  соёлынхоо өвийг сурталчилсан олон сайхан юм нэмж хийх юмсан гэсэн бодол толгойд маань эргэлдэж байв.

- Тэмцээний бэлтгэл, дасгал сургуулилт гээд зав хэр гарч байна вэ? Гэрийнхэнтэйгээ хэр холбогдож байгаа вэ?
- Бэлтгэл, тэмцээн гээд зав чөлөө маш бага гарч байгаа. Олон орны бүсгүйчүүд оролцсон том тэмцээн тул зохион байгуулагчид биднийг их шахуу цагийн хувиарын дагуу бэлтгэл хийлгэж байгаа юм. Энэ сарын 18-нд болох финалын тоглолтыг их сонирхолтой нэвтрүүлэг болгохоор ажиллаж байгаа тулд ихэд чармайн ажиллаж байна. Хаяа жаахан сиймхий гарвал гэрийнхэнтэйгээ утсаар болон мессенжерээр холбогдож байгаа. Гэр бүлийнхний маань сэтгэл санааны дэмжлэг надад их нэмэр болж байгаа гэдгийг хэлмээр байна.

- Таныг найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин гэдгийг хүмүүс мэднэ. Ээж, ааваасаа олон зүйл өвлөж авсан юм шиг ээ?

- Аав, ээжээсээ өвлөж авсан хүмүүжлийн талаар дээр дурдсан. Гадна төрхөөрөө би аав, ээжийгээ аль алинийг нь дуурайсан гэж боддог. Би аавынхаа саруул ухаан, сайхан сэтгэлийг, ээжээсээ хөдөлмөрч, уйгагүй занг өвлөж авсан болов уу гэж найддаг.  Мөн ээжийнхээ авьяас билэг, цовоо сэргэлэн занг дуурайж чадсан болов уу гэж горьддог. Сайхан ээж, аав маань намайг байнга дэмжиж энхрийлэн хайрлаж өсгөсөн тул би өөрийгөө хорвоогийн хамгийн аз жаргалтай охин гэж боддог.

-  Хамгийн их дэмжиж байгаа хүн хэн бэ? Өвөө тань Ордос хот руу гаргаж өгч байгаа харагдсан?

- Манай гэр бүл, ах дүү, хамаатай садан, найз нөхөд бүгд намайг дэмжиж байгаад би их баяртай байна. Намайг тэмцээнд оролцохоор явахад аав, ээж, өвөө болон миний хайртай хөөрхөн дүү Сумьябазар гээд бүгд үдсэн.

300839_10151178885631159_1457213688_n- Эмэгтэй хүн сайхан харагдана гэдэг хөдөлмөр. Загварын алхаагаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
- Эмэгтэй хүн биеээ сайхан авч явхад их хөдөлмөр ордог гэдэгтэй би санал нэг байна. Би “Азийн Модель” агентлагт өөрийн сонирхлоор орж өнгөрсөн нэгдүгээр сард төгссөн.

-  Авъяаслаг миссийн тэмцээнд ямар бүжгээр өрсөлдөөд шилдэгт шалгарав аа? 

- Энэ тэмцээнд би бүжгээр оролцсон. Манай бүжгийн багшийг Төгсөө гэдэг.  Багш маань бүжиг дэглэлтийн утга санааг надад хэлж өгснөөр авъяаслаг миссийн шилдэгт тунаж үлдсэн. Тийм болохоор оновчтой санаа, урам зориг өгсөн багшдаа их баярлалаа гэж хэлмээр байна.

-  Бүжгээ хэрхэн сонгосон бэ? Хүмүүс хэр хүлээж авсан бэ? 

- Бүжгийг маань хүмүүс их гоёоор хүлээж авсан. Би өөрөө найруулж, өөрөө дэглэсэн болоод ч тэр үү бусад охидууд их сонин үзүүлбэр болсон гэж дүгнэсэн шүү.

-  Тэмцээний эцсийн өдөр ямар хувцас өмсөхөөр төлөвлөсөн бэ?
- Энэ талаар одоохондоо дэлгэрэнгүй яримааргүй байна. Сюрприз болог гэж бодож байна. “Шилмэл Загвар” агентлагийн дизайнер Цэлмэгийн урласан даашинз байгаа.

-  Найз залуутай юу?
- Одоогоор надад найз залуу байхгүй. Гэхдээ удахгүй сайхан сэтгэлтэй, ухаалаг залуутай танилцах болов уу гэж найдаж байгаа.

- Хариуцлагатай тэмцээн гэдэг утгаараа охид нарийн дэг сахиж байгаа байх. Та Ордост байх хугацаандаа ямар дэглэм барьж байгаа вэ? Энэ хугацаанд өмсөх хувцас, биеэ авч явах байдал гээд хэнтэй зөвлөлдөж байгаа вэ?

- Бид нар буудлаасаа дуртай үедээ гарч яваад байх боломж гардаггүй. Өглөө болгон усанд сэлэх, фитнесээр хичээллэхээс эхлүүлээд тэмцээний үеээр хичнээн сайхан хоол унд элбэг байгаа ч хоол ундаа тохируулах гэх мэтээр сахилааг бат хатуу байхыг хичээж байгаа. Ээжээс гадна миний нагац эгч  Энхжаргал маань зөвлөгөө өгч байгаа.

- Хамгийн амархан бас хэцүү шалгуур нь юу байна вэ?

- Би мэргэжлийн жүжигчин хүн, мөн “Free Beat” хамтлагт бүжиглэж ирсэн болхоор нийт тэмцээн дундаас амархан санагдсан шалгуур нь авьяслаг миссийн тэмцээн байсан. Энэ дашрамд хамтлагийнхаа найз охидууддаа мэнд хүргэе. Та нарын маань дэмжлэг надад сэтгэлийн тэнхээ өгч байгаа шүү, баярлалаа гээд хэлье.

337198_405554836169165_641595343_o-  Тэмцээний үеэр тохиолдсон хамгийн сонирхолтой үйл явдлаа хуваалцана уу?
- Хятадын мисс бүсгүйтэй хамт тайзнаа дуулсан өдөр. Хятадын мисс “Арван Тавны Сар”-ыг хятадаар дуулж би “Эхийн Сэтгэл” дууг дуулсан. Дуулж байхад энэрэлт сайхан ээж минь нүдэнд харагдаад өөрийн эрхгүй хоолой минь зангирч нулимс цийлэгнээд ирсэн. Гэтэл зааланд суусан үзэгчид бүгд босч ирээд алга ташсан. Мисс охидууд маань “Монгол, Монголоо бид чамд хайртай” гэж хашгиралдаад, бүгд дор дор ээж нарыгаа санацгааж, бүр зарим нэг нь намайг дагаж уйлсан гэсэн. Тийм олон хүний сэтгэл зүрхэнд хүрч чадсан явдал надад хамгийн дурсамжтай санагдсан.

- Энэ тэмцээнээс таны хувьд ямар туршлага хуримтлуулж байна вэ? Дэлхийн миссийн тэмцээнээс та юу хүлээж байна вэ?

- Дэлхийн ийм том хэмжээний тэмцээнд оролцох боломж олдсонд би маш их баяртай байна. Биеэ зөв авч явах, ямар ч хүмүүстэй эвсэг байх, ямар ч нөхцөлд дасан зохицох  зэрэг олон зүйл суралцаж байна. Дээр нь олон орны, олон сайхан найз нартай боллоо. Жүжигчин хүний хувьд энэ олон орны охидоос суралцах зүйл зөндөө. Бүгд өөр өөрийн зан аашртай болохоор цаашид урлагт янз бүрийн дүр бүтээхэд “алтан уурхай” болно гэж би бодож байгаа л даа. Намайг дэмжиж байгаа 24tsag.mn сайтын хамт олонд баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Баяр

Short URL: http://sharmedee.mn/?p=13912


URL:

Сэтгэгдэл бичих