Ялын тогтоолоо гардсан Н.Энхбаяр цагдан хорихын эмнэлэгт хоригдож байна

МАХН-ын дарга, МУ-ын гурав дахь экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 2-нд дөрвөн жилийн хорих ял сонссон. Шүүхийн шийдвэр гармагц түүнийг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Хэдийгээр анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, тэрээр ял сонссон ч экс ерөнхийлөгч гэдэг утгаараа бусад ялтнуудаас арай өөр нөхцөлд хоригдож буй. Н.Энхбаярыг яллагдагчаар татан тус ангид хорьж байхад ямар нөхцөлд хоригдож байгааг ШШГЕГ-аас дүрс бичлэгээр харуулан үзүүлж байсан. Тэрээр тус хорихын эмнэлэгт ганцаараа нэг өрөөнд, дотроо гал тогоо, халуун ус, бие засах өрөө гээд бүх зүйлээр нь хангаад өгсөн өрөөнд хоригдож байсан. Харин өнөөдөр ч гэсэн Н.Энхбаяр яг тэр нөхцөлдөө хоригдож байгаа юм байна. Мөн төрийн тусгай хамгаалалт нь буугаагүй, түүнийг тусгай алба хаагчдын өрөөнөөс камераар хянаж байдаг аж. Хуулиараа түүний төрийн тусгай хамгаалалт ирэх оны ерөнхийлөгчийн сонгуультай хамт дуусна. Тэгэхээр шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн Н.Энхбаяр хоригдож байхдаа ирэх жил хүртэл төрийн тусгай хамгаалалттай байх нь.

Гэхдээ түүнийг хэдэн жил хоригдохыг одоохондоо хэлж мэдэхгүй. Учир нь зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Давж заалдах шатны шүүхээс түүний хэрэг хэрхэн эргэхийг хэлж мэдэхгүй. Ялын тогтоолоо аваад давж заалдана хэмээн мэдэгдээд байсан тэрээр өчигдөр ялын тогтоолоо гардан аваад буй. Түүний ялын тогтоолыг Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх хоригдож буй өрөөнд нь очиж гардуулсан.

Яллагдагчаар татагдан байцаагдаж байхдаа яллах дүгнэлт танилцуулахад “Сонсохгүй байна, сонсохгүй байна” хэмээн хүүхэд шиг аягласан Н.Энхбаярыг энэ удаад ялын тогтоолыг үг дуугүй авсан гэнэ. Харин авсныхаа дараа “Би давж заалдана” гэсэн гуравхан үг хэлсэн хэмээн эх сурвалж мэдээлэв. Юутай ч ялын тогтоолоо авсан Н.Энхбаяр одоо 14 хоногийн дотор давж заалдах өргөдлөө Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлэх ёстой. Сүхбаатар дүүргийн шүүх түүний өргөдлийг Нийслэлийн шүүхэд өгснөөр Нийслэлийн шүүх 30 хоногийн дотор Н.Энхбаярын хэрэгт шүүгч томилж, өргөдлийг хэлэлцэх өдрийг товлох юм. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс түүний ялыг хэвээр баталвал тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандах боломжтой билээ.
Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус, алдаатай явагдсан хэмээн Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” хэмээх номоо уншигчдын хүртээл болгохоор бэлдэж байгаа юм. Тэрээр номоо үнэгүй тараана гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа билээ.
Юутай ч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа Н.Энхбаярын биеийн байдал сайн байгаа. Түүнийг намын нөхөд нь өдөр бүр эргэж байгаа юм байна.
Б.Чимэг

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих