Малчдад өгдөг халамжийг ”хазаарлаач”

Хүн бүхний мэддэг энгийн хэдэн тоог дахиад сануулъя. Энэ хэдэн тоог бид мартаж огт болохгүй. Монголчууд ердөө л 2.8 саяулаа. Харин бидний хүнсний гол хэрэглээ махны эх үүсвэр болох малын тоо бараг л 50 саяд хүрсэн. Энэ янзаараа цаг агаар сайхан байгаад, мал сүрэг өсөөд байвал хэдхэн жилийн дараа 60, 70 сая болж өсөх байлгүй. Харин мал өсөхийн хэрээр мах, цагаан идээний үнэ дагаад өсч байна. Уг нь эдийн засгийн хуулийн дагуу бодоод үзвэл мал өсөхийн хэрээр мах, цагаан идээний үнэ буурах ёстой. Гэтэл манай улсад бүх зүйл эсрэгээрээ үйлчилдэг ёс тогтсон гэлтэй.

Гэхдээ энэ бүхний цаана төр засаг малчдыг хэтэрхий эрхлүүлж, нялцагануулж байгаа нь асуудал үүсгээд байгаа юм. Тухайлбал, ямаанд нь мөнгө “идүүлнэ”, ноосоо тушаасных нь төлөө урамшуулал олгоно, бүр сар бүр 21 мянган төгрөг шүү. Ингээд зогсохгүй малчин өрхийн нэг хүүхэд оюутан болбол сургалтын төлбөрийг нь төрөөс даана гээд л урамшуулал, халамж эцэс төгсгөлгүй хөврөөд байна даа. Одоо оюутнуудад цалин өгдөг болсноор малчид малаа зарж, оюутны сургалтын төлбөр хийх эдийн засгийн эргэлтийг нэг мөсөн үгүй хийж эхэллээ шүү дээ. Өнөөдөр малчид машин, мотоцикль, Улаанбаатарт байр авахын тулд хэдэн мал үнэтэйхэн зарчихаад, гэдсээ илээд хэвтэж байна.

Үндсэндээ малчдад өгч байгаа халамж хэтэрхий хавтгайрч, тэд малаа зарах ямар ч шаардлагагүй болсон болохоор махны үнэ гэрлийн хурдаар өсч байна шүү дээ. Яаж ч бодсон ноосны урамшууллаас эхлээд бүх халамж олон малтай хүнд илүү ашигтай байгаа нь мэдээж. 1000 хоньтой баян малчин 100 хоньтой хүнээс хамаагүй их урамшуулал авч, баян дээрээ баяжиж байна. Тиймээс малчдад өгч байгаа хавтгайруулсан халамжийг зогсоох зүйтэй. Ерөөс малчид руу чиглэсэн тэр их халамжийн мөнгийг ирэх сараас өгөхөө болих хэрэгтэй. Мал одоо төрийн өмч биш хувийн өмч болсон. Хувь хүн малаа үхүүлснийхээ төлөө төрөөс мөнгө, өвс нэхэж хэвтэх учиргүй. Хэрвээ бүх халамжаа зогсоож, зүгээр л малчдыг эдийн засгийн эргэлтэд өөрсдөө идэвхтэй оролцож, малаа зарж, гурил будаагаа авдаг хэлбэр рүү оруулбал бид кг махыг арай ч 8000 төгрөгөөр худалдаж авахгүй байлгүй. Хэчнээн махны ченжээр дамжиж зарагдсан ч гэсэн махны үнэ хямдрах нь тодорхой. Одоо бол малчдад гурил, будаа, хувцас хунараа авахад мал нядалж зарах ямар ч шаардлага алга байна шүү дээ. Хамгийн ихээр мал нядлах шаардлага гардаг намрын улиралд буюу оюутнуудын хичээл эхлэх үеэр малчид сургалтын төлбөр төлөх гэж тэвдэхгүй болсон.

Төрийн хайр хишиг тэднийг хангалттай эрхлүүлж байхад яасан гэж малаа нядлах юм. Түүний оронд өөрсдийнхөө өвлийн идшийг бэлтгэчихээд л санаа амар малаа 1000 хүргэхийн төлөө зүтгэхээс өөр сонголтгүй болсон. Тиймээс л төр одоо малчдад зарласан хайраа “хөргөх” хэрэгтэй байна. Арай өөр салбарт, өөр хүмүүст хайр зарлах цаг болсон юм биш үү. Нийгмийн нэг хэсэг болох малчдыг биш нийт ард түмнээ бодох цаг болсон байна. Хэн ч гэсэн хямд үнэтэй мах идэхийг хүсч л байгаа шүү дээ. Тиймээс малчдыг халамжлах биш эдийн засагч болгох зам руу түлхсэн нь дээр байх. Болж өгвөл 500-аас дээш малтай малчин айлын хүүхдэд оюутны цалинг ч өгдөггүй л баймаар байна шүү дээ. Тэд 50 хонь зараад төлбөрийг нь хийг л дээ. Тэгж гэмээнэ бид хямд мах идэж чадна. Ямар нийтээрээ малчин бололтой биш. Тийм болохоор ингэж хатуурхахаас өөр сонголт байхгүй юм биш үү.

Н.Пунцагболд

”Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих