Д.Хаянхярваа сайдаа, хариугаа өгөөч

Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн бүрдэж, хуучныг шинээр солих мөч ойртсоор байна. Гэвч халаагаа өгөх сайдууд дотор албан тушаалаа урвуулан ашиглан улсын хөрөнгийг өөрийн мэт цацсан нөхөд бий. Тэдний нэг бол яах аргагүй Сангийн сайд Д.Хаянхярваа. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Дархан-Уул аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүний ялалт Дархан-Уул аймгийн Засаг даргаар олон жил ажиллаж, ард иргэдийнх нь итгэлийг олж авсантай холбоотой юу аль эсвэл Сангийн сайдын эрх мэдлээ урвуулан ашиглаж саналыг нь мөнгөөр худалдаж авсан уу гэдэгт байгаа юм. Бараг сүүлийнх нь зүйд нийцэх байх.

Тэрбээр өөрийн нэр дэвшсэн тойрог болох Дархан-Уул аймагт өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 670 мянган төгрөг тараасан асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаад байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан зэрэг асуудлаар түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгууль болох яагаа ч үгүй байхад “Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээснээ, яаж ажилласан тухайгаа ард түмэндээ тайлагнаж тайлан тавих ёстой гэж би ойлгодог” хэмээн ярилцлага өгсөн байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааны хугацаа болоогүй байхад өөрийгөө сурталчилж суусан нь энэ. Түүгээр ч зогсохгүй энэ хүн улсын мөнгийг хэнэг ч үгүй завшаад сурчихсан нэгэн бололтой. Тэрбээр 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашиж байх хугацаандаа тус аймгийн төсвийн мөнгөнөөс 800 сая төгрөг бүлэглэн хувьдаа завшсан хэрэгт холбогдож байжээ. Улсын хуулийг уландаа гишгэж, ард түмний хүч хөдөлмөрөөр олсон мөнгийг татвараар мөлжчихөөд өөрийн мэтээр энд тэндгүй цацаж явдаг энэ үйлдлээ тэрбээр энгийн үзэгдэл мэтээр ойлгодог бололтой юм.

Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийн тухай асуудлыг авч хэлэлцсэн. Ингээд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг ирэх дөрөвдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал олгоно хэмээн шийдвэрлэж байлаа. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сард 330 мянга, тавдугаар сард мөн 330 мянга, зургадугаар сард мөн 330 мянган төгрөгөөр тус бүр олгох нь зөв алхам гэж үзэж байсан юм. Үүнд нийт 334 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2012 оны төсөвт энэхүү хөрөнгийг суулгаж өгсөн. Холбогдох албаны хүмүүс эдгээр мөнгийг олгоход шаардагдах санхүүгийн эх үүсвэрүүд цагтаа орно хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч өдгөө наймдугаар сар аль хэдийн дундаа орчихоод байна.

Саяхан УИХ-ын гишүүн Г.Уянга ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжлийн сангаас бэлнээр олгох нэг сая төгрөгийн олголтын байдал ямар түвшинд байгаа талаар Сангийн сайд Д.Хаянхярваад хандаж асуулга тавьсан. Энэхүү асуулгад , Нэг. Хүний хөгжлийн сангаас бэлнээр олгох нэг сая төгрөгийн олголтын байдал ямар түвшинд байна.

Хоёр. Иргэдээс ирж байгаа мэдээллээр дээрх мөнгөний олголт газар бүрт тэгш биш байгаа, зарим дүүргийн иргэд 330,0 мянган төгрөг аваад үлдэгдлийг нь аваагүй байхад зарим газар 670,0 мянган төгрөг авсан байна. Яагаад ийм зөрүүтэй байна зэрэг асуулга тавиад байгаа юм. Гэвч Сангийн сайд Д.Хаянхярваа өдийг хүртэл хариу хэлэхгүй гүрийсээр байна. Өнгөрсөн зургадугаар сард олгоод дуусчихна гэж ам бардам хэлж байсан нөгөө мөнгө чинь хаана байна вэ. Ард түмний мөнгөөр тоглосон энэ бузар булхайгаа хэдий болтол нуух гэсэн юм бэ Д.Хаянхярваа сайдаа хариугаа хурдан өгөөч.

У.Сарангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих