Хорихын гаднаас хамгаалж чадах уу

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр ялтан болсон. Түүнд ял өгсөнтэй холбоотойгоор нийгэмд янз бүрийн шуугиан тасрахгүй байгаа. Гэвч шуугианы гадна хаягдсан нэг асуудал нь Н.Энхбаяр хамгаалагчидтайгаа цуг хоригдож байгаа гэдэг мэдээлэл юм. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл хэвлэлд ярилцлага өгөхдөө төрийн тусгай хамгаалалтынхан хамт хоригдож байгаа гэжээ. Хорих 461 дүгээр ангийн удирдлага харин үүнийг үгүйсгэв. Н.Энхбаяр ганцаараа хоригдож байгаа гэнэ. Ингээд төрийн тусгай хамгаалалтынхан үнэхээр хамт хоригдсон уу гэдгийг өмгөөлөгчийн өөрийнх нь амнаас сонсохоос өөр аргагүй боллоо. Өмгөөлөгчийн амнаас хоёр чихээрээ сонссоноор бол төрийн тусгай хамгаалалтад байсан хүний хамгаалалтыг нь буулгалгүйгээр хорьчихсон нь төрийн тусгай хамгаалалтынхныг ч бас хорьчихсон гэсэн үг гэнэ.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан учраас Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн есдүгээр зүйлийн 2.3 дах заалтын дагуу гуравдугаар зэрэглэлийн тусгай хамгаалалтад орсон. Энэ зэрэглэлийн хүнийг ямар хүч, хэрэгслээр хамгаалах нь нууцын зэрэглэлтэй учир Н.Энхбаярыг хэдэн хамгаалагч, ямар зэвсэг техниктэй хамгаалж байгааг мэдэх боломж байхгүй. Ямар ч байсан хоёроос доошгүй хамгаалагч байж л таарна. Ерөнхийлөгч байсан хүн ялтан болж, шоронд хоригдчихно гэж тооцоолоогүй учраас одоо тусгай хамгаалалтыг нь яах вэ гэдэг асуудал тулгарах шив. Хуулиар зохицуулж өгөөгүй учраас төрийн тусгай хамгаалалтынхан Н.Энхбаярыг хаяад явчихаж болохгүй, хамт хоригдож ч болохгүй ацан шалаанд оржээ. Ерөнхийдөө хорихын гадна өнжиж, хоносон байдалтай үүргээ биелүүлж байгаа бололтой юм.

Нэгэнт хоригдсон юм чинь гээд хаяад явчихаж болохгүй шалтгаан төрийн тусгай хамгаалалтынханд бий. Хуулийн логик утгаараа төрийн тусгай хамгаалалтынхан Н.Энхбаяр гэдэг хувь хүнийг бус энэ хүн Монгол Улсын нууц мэдээллийг алдах вий гэж хамгаалж байгаа хэрэг. Ерөнхийлөгч байсныхаа хувьд улсын нууцтай холбоотой төрийн маш чухал нууц мэдээллүүдийг Н.Энхбаяр тэр чигт нь мэднэ. Тиймээс төр нууцаа хамгаалахын тулд түүнийг тусгай хамгаалалтад авсан. Харин одоо нөгөө хүн нь гэмт хэрэгтнүүдийн дунд ороод хоригдлуудтай харьцаад эхэлчихлээ. Хоригдлуудын дунд янз бүрийн л хүмүүс бий. Н.Энхбаяраас нууц мэдээлэл олж авахын тулд шоронд орох хүн гарч ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн төрийн нууц мэдээллийг алдахгүй гэх баталгаа ерөнхийдөө дашийн шог болов.

Хорихын гаднаас хоригдлыг хамгаалчихдаг тийм супер хамгаалалт гэж байдаггүй л юм бол. Манайхан Ерөнхийлөгчөөр ажиллаж, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн үргэлж л тэр хэвээрээ, ариун шударгаар явах юм шиг санасан. Гэтэл тийм юм байдаггүйг цаг хугацаа харууллаа. Одоо түүний араас төрийн нууц мэддэг хэдэн хүн хоригдохыг таашгүй. Гадаад орнуудад төрийн өндөр дээд алба хашиж, төрийн нууц мэдээллүүдийг мэдэж авсан хүн ялтан болбол шоронд бус гэрийн хорионд оруулдаг. Янз бүрийн хүмүүстэй уулзуулж, төрийн нууц мэдээллийг алдахгүйн тулд хуулиараа ингээд зохицуулаад өгчихсөн. Харин манайхан энэ талаар юу ч мэдэхгүй…

Одоо Н.Энхбаярыг хорихын гаднаас хамгаал гэх үү, эсвэл хамгаалагчдыг нь хамт хорих уу гэдгийг шийдэх л үлджээ.

Ц.ШИЖИР


URL:

Сэтгэгдэл бичих