Н.Алтанхуягийн айдас ард түмнээ мартахад хүргэв

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүх цаг үеийн сайдуудаас хамгийн зовлон ихтэй нь байж ч магадгүй. Одоо ч тэрбээр дүүрэн шаналал дунд сууж буй. Тун саяхан танхимаа эмхлэх төлөвлөгөөгөө задалсан хэдий ч түүний шийдвэр бодлого гээч зүйл байхгүйтэй адил. Хэрэв тэрбээр өөрийн санаа бодлоо тусгах гэж оролдвол бүх зүйл буруу тийш эргэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын суудал, Засгийн газрын тэргүүн болох мөрөөдөл нь салхинд хийсч алга болно гэсэн үг л дээ. Адаглаад Х.Баттулга түүнээс намаа булааж авах гэж дайраад хуучин цагийнх нь айдсыг дахин сэдрээх аюултай. Тэгэхээр “Женко”-гийн мэдэлд дуртай яам, хүссэн салбарыг нь хариуцуулахаас өөр гарц үнэндээ байхгүй. Иймдээ ч өдгөө Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын сэнтийд суух боломжоо аль эрт хангачихлаа. “Max импекс”, “Талх чихэр”, “Милл хаус’’ зэргээс эхлээд хүнсний салбарыг гартаа оруулсан түүнд улам илүү монополь байх сайхан боломж үүнээс өөр байхгүй нь мэдээж.

Харин энэ бүхний хажуугаар намынх нь олон фракцын тэргүүнүүд бүгд л нэг нэг тамгатай үлдэхийн тулд Н.Алтанхуягийг бас л зовоосон. Зарим хэсэг нь “Засгийн газрыг чинь задлан хаяна” хэмээн сүрдүүлсэн бол нөгөө хэсэг нь “Намаасаа явна. Явах явахдаа бүх булхайг чинь дэлгэнэ” хэмээн дөвчигнөсөн учир заавал бялуу хүртээхээс өөр аргагүйд хүрээд байсан юм. Энэ мэтээс эхлээд багагүй бэрхшээлтэй тулгарч буй түүнд одоо ард түмнээ бодох, төрийн ажлыг яаруулах тухай бодол ухаан санаанд нь орж ирэхгүй байх нь аргагүй. Харин яавал, ямар аргаар Ерөнхий сайдын суудалдаа удаан суух вэ гэдэг ганц гэрэлт мөрөөдөлдөө хөтлөгдөөд юу ч хийхээс буцахгүй яваа байлгүй. Ядахад нам нь үй олон фракцтай, дээрээс нь өөр намтай хамтарч засгаа бүрдүүлэхээр тохирчихсон. Шударга дүр эсгэхдээ ИЗН-д нэг яам аваарай гээд томорчихсон учир Н.Алтанхуягт одоо том хэмжээтэй бялуу зайлшгүй шаардлагатай. Тэр том бялуу нь мэдээж 16 яам.

Үүгээр Н.Алтанхуяг сайдын зовлон дуусчихгүй. З.Энхболд л гэхэд хэнээр ч хамаагүй хурал даргалуулаад бушуухан тамга тэмдгийг минь өгөөдөх гэж дарамталсан нь тодорхой. Түүнийг залгаад “Фортуна” Н.Батбаяр, С.Эрдэнэ, Л.Гантөмөр гэх мэт тамга нэхэх хүн ч улам олширсон. Энэ бүхнийг шүд зуун байж, ёсчлон биелүүлэхээр фракцууддаа бялуугаа хувааж дуусаад одоо л нэг юм зовлон нимгэрэх нь дээ гэтэл бүр ч эсрэгээрээ болж хувирсан нь харамсалтай. Үндсэн хуулийг зөрчих үедээ зөрчиж, зарим нэгээс нь зөрүүдлэн байж бий болгох гэж зүтгэсэн шинэ танхимаа арай гэж бүрдүүлэх төлөвлөгөөгөө гаргатал Ерөнхийлөгч түүнд зангаргаа харуулж, мөн л нуруун дээр нь зовлон нэмсэн гэх. Олны ярьж буйгаар ноён Ц.Элбэгдорж “Миний санал болгосон хүмүүст сайдын суудал өг” хэмээн мундагдсан юм уу даа, янз нь. Харин төрийн тэргүүний энэ үгнээс Н.Алтанхуяг зөрүүдэлж чадахгүй гэдэгт захын нусгай хүртэл мөрий тавьж дөнгөнө.

Тэгээд ч Н.Алтанхуяг өөрөө цэвэрхэн улстөрч биш. Иймээс түүний дургүйг л хүргэвэл халаасандаа байдаг хууль, хяналтын байгууллагуудаараа дарамтлуулаад байж ч чадна. Ингээд үзэхээр Монгол орон цэвэр усны нөөцөө барж байгаа шиг монголын ард түмэн цэвэр улстөрөөс улам холдож байна гэсэн үг л дээ. Хойшид ч ард түмний эрх ашиг энэ тэр бол юу ч биш болно. Энэ бүхний ард түүний “Алтангадас”-ын нөхөд хүртэл бий. Тэднийгээ хүртэл аль нэг яам тамгын газарт “чихэх” гээд түүнд зовлон мундахгүй. Ядаж байхад Р.Амаржаргал гишүүн өөрт нь юу ч өгөөгүй болохоор гомдохдоо Н.Алтанхуягтай ширүүхэн дайсагнахаар бэлтгэж байгаа. Нэгэн цагт Засгийн газрын тэргүүн явсан, намынх нь нөхөд яаж засаг унагахыг нүдээр харж туршлага суусан түүний хувьд Н.Алтанхуягийн эсрэг дорвитой нүүдэл хийж ч болох юм. Тиймээс ирэх дөрвөн жилийн хугацаанд лав Н.Алтанхуягаас зовлон холдож, шантааж үгүй болохгүй нь бололтой. Эрхэм сайдын хувьд эх орон, ард түмний тусын тулд биш, хэдэн фракцуудын төлөө, түүгээр дамжиж өөрийгөө Ерөнхий сайдад дөрвөн жил хадахын тулд Засгийн газар байгуулж байна.

Д. Булган

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих