Улстөрчдийн зэвсэг-жүдо
Гурван ч удаагийн Олимпийн тоглолтын үеэр монголчуудын сэтгэлийг хөөргөж амжсан япон “гаралтай” жүдо бөхөд дуртай олон үндэстэн байдгийн нэг нь францчууд юм. Харин энэ спортын хөгжил замналд онцгой их үүрэг гүйцэтгэж ирсэн францчууд жүдо бөхөөр хичээллэх нь улстөрчдийн замналд ч тун чухал үүргийг гүйцэтгэж чаддаг гэж батлахыг оролдож байгаа ажээ. Их Олимпийн татами дээрх гайхалтай уран барилдаанд хөөрсөн үзэгчдийн сэтгэгдэл хөрч амжаагүй байгаа энэ үед Францын хэвлэлд жүдо бөхийн хүмүүжил улстөрчдөд туйлын чухал зэвсэг болж чаддаг гэж сурталчилж эхэлсэн байна.
“Жүдо” гэсэн үгийг агуулгаар нь япон хэлнээс хөрвүүлбэл “зөөлөн зам” гэсэн утга буух аж. Олон гүн санааг агуулдаг байж болох ч зарим тайлбарыг нь сонирхвол ерөнхийдөө уян хатан арга замаар өрсөлдөгчөө буулгаж авах гэсэн санаа гэнэ. Маш хурц өрнөл, гайхамшигт уран барилдааныг харуулдгаараа хүмүүсийн сэтгэл зүрхийг татдаг спортын нэг төрөл болтлоо хөгжиж чадсан дорнын бие хамгаалах урлагийн энэ урсгал анх үүссэн домог түүх нь ч бас гайхалтай билээ. Аглагт даяанчлагч нэгэн япон лам цасанд дарагдах моддын мөчрийг ажиглаж байх зуураа нэгэн гайхалтай дүгнэлтэд хүрчээ. Мөчир бүдүүн байх тусмаа дорвитой харагддаг ч өөр дээр нь хөрлөсөн их цасыг даалгүй хугарч байхыг тэрээр анзаарсан байна. Харин нарийн атлаа уян мөчрүүд дээр нь унасан цасыг сэгсрэн унагаадаг болохыг харжээ. Ингээд тэр лам уян хатан чанартай нь хүчтэйгээ дийлдэг гэсэн онолыг бий болгож улмаар үүнийгээ бие хамгаалах урлагийн нэгэн төрөл болтол нь хөгжүүлсэн гэдэг домогтой.
Чухам энэ онцлог “хүмүүжил” нь улстөрчдийн амжилттай замналд хэрэг болдог бололтой юм. Францын парламентийн спикер асан Патрик Олье энэ талаар ярихдаа, ”Жүдогоор хичээллэсэн маань улс төрийн хэцүү ажлыг хийх цагт бие бялдрын хувьд сөрөх чадвараа хадгалахад минь тус болдог төдийгүй парламент дахь “гал авалцсан” хурц цаг мөч тулгарах үеэр биеэ барихад минь хэрэг болдог байсан” гэж хэлжээ. Мөн Францын одоогийн ерөнхийлөгч Франсуа Олланд “жүдо улс төрд маш ашигтай зүйл” гэж онцлон ярьж ирсэн байна. “Жүдо бол хүчийг дээдлэхдээ биш, харин өрсөлдөгчийнхөө сул талыг хэн сайн ашигласан нь ялдаг болохыг нотолдог спорт. Тулааны үед өөрийгөө бүрэн хянаж, өрсөлдөгчийнхөө санааг сайн “уншиж” чаддаг байх нь чухал бөгөөд хүчийг зөв ашиглах ухаан болж байдаг тул жүдо, улс төр хоёр хоорондоо маш адилхан” гэж улстөрчид ярьдаг байна.
Жүдог улс төрийнхөө замналд ашиглах санааг анх хэрэгжүүлж чадсан хүн бол АНУ-ын нэрт ерөнхийлөгч Теодор Рузвельт байсан аж. Жүдо бие даасан төрөл болж хөгжөөд хэдхэн жил болж байсан өнгөрсөн зууны эхээр буюу 1930-аад оны үед Теодор Рузвельт бие хамгаалах энэ урлагийг шимтэн суралцаж эхэлсэн байна. Тэгэхдээ бүр жүдог анх үндэслэгчийн гарын шавь болох Кано Жигоро хэмээх япон мастераар заалгаж байсан юм байна. Теодор Рузвельт долоо хоногт гурван ч удаа жүдогийн бэлтгэл хийдэг байсан бөгөөд Цагаан Ордонд бэлтгэлд нь зориулан тусгай заал бэлдэж байсан түүхтэй.
Шинэ үеийн улс төрийн тавцан дээрх шилдэг жүдочдын тод дүрийг мэдээж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөлнө. Өдгөө 60 настай тэрээр 14 настай байхдаа л жүдогийн спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Олон жил тасралтгүй хичээллэсэн Путин хар бүстэй нэгэн. Түүний жүдогийн хичээл анхлан заалгаж байсан Оросын Санк-Петербург дэх жүдогийн клубыг Оросын ерөнхийлөгч одоо өөрөө тэргүүлэх болсон гэнэ. Путин жүдогийн спортдоо хичнээн үнэнч болохыг харуулсан явдал саяхан өндөрлөсөн Олимпийн үеэр болсон байна. Зөвлөлт гүрнийг байх үеэс хойш огт аваагүй байсан алтан медалийг Оросын спортын гимнастикчид хүртэх үеэр В.Путин тэдэнд баяр хүргэхийг яарсангүй, харин жүдогийн хүнд жингийн барилдааныг үзэж суусан билээ. Түүний хажууд Английн ерөнхий сайд Дэвид Кэмерон хамт байлцсан бөгөөд тухайн өдрийн онцгой сонин үзэгдэл болж англичууд ч ихээхэн анхаарал тавьж байсан ажээ.
(Дашрамд дурдахад Оросын ерөнхийлөгчийг Олимпийн тэмцээн уралдаан болж байгаа танхимд хүндэтгэлтэй хүлээн авч байсан англичуудыг бүгдэд нь ижил хандаагүй гэх шүүмж дараа нь гарч байжээ. Тухайлбал Испанийн хатан хаан Софья болон ханхүү Филипп, гүнж Летиция нарыг өөрийн орны тамирчиддаа баяр хүргэхээр очиход нь мандат байхгүй гэсэн шалтгаанаар уралдаан тэмцээн болж буй танхимд оруулаагүй буцаасан байна. Хөөрхий зүдэрч яваа испаничуудыг ялгаварласан юм биш биз гэж хэвлэлийнхэн баахан шуугисан гэнэ.)
Тэгвэл улстөрчдийнхөө дунд олон жүдочидтой Франц улсын одоогийн болоод өмнөх ерөнхийлөгч нарын аль аль нь энэ спортын үнэнч фэнүүд байсаар иржээ. Өнгөрсөн хавар одоогийн ерөнхийлөгчид “хөнтрүүлж” улс төрийн татами дээр ялагдал хүлээсэн Николя Саркози жүдогийн хүрэн бүстэй юм байна. Түүнийг ерөнхийлөгч байх үед нь Оросын одоогийн ерөнхийлөгч В.Путин Францад очиж түүнд жүдогийн хичээл заахаар болсон тухай хэвлэлүүд маш их шуугиж байсан билээ. Эргээд бодвол тэдний хооронд ямар ч байсан улс төрийн чиглэлийн хамтарсан бэлтгэл олигтой хийгдээгүй гэж ойлгож болохоор. Учир нь Саркози дараа нь болсон сонгуулиар өөрийн өрсөлдөгчдөө хол “шидүүлсэн” юм. Ер нь францын тэргүүн улстөрчдийн жагсаалтыг харвал таван хүн тутмын нэг нь жүдогоор хичээллэдэг болж таарч байгаа ажээ. Энэ байдал зэргэлдээ Испани болон Бельгийн улстөрчдөд ч бас хамаатай юм байна. Түүнээс гадна зарим улс төрийн шинжээч нар жүдогийн “татами”-гаас гарсан улстөрчид ерөнхийдөө консерватив, барууны чиглэлийн номлолыг баримтлагч нар байдаг гэсэн онош тавьсан байдаг гэнэ.
Харин энэ онолыг төдий л ойшоохгүй байгаа газар бол Монгол ч байж болох юм. Манай улстөрчдийн дотор спортын тавцанд нэр алдраа дуурсгаж явсан тамирчид цөөнгүй. Тэдний дотор дээр яригдаад байгаа жүдо бөхтэй холбоотой нь гэвэл УИХ-ын гишүүн хоёр ч эрхэм бий. Харин улс төрийн үзэл баримтлал гэж ярьвал одоогоор Монголын парламентад байгаа жүдогийн хоёр маань зүүн, баруун жигүүрт гарч ирсэн гэж ойлгож болохоор. Энэ утгаараа манайд бол жүдог “баруун”, “зүүний” аль аль нь л эзэмшдэг болж таарч байна. Нөгөө талаар хэрэв өрнөдийнхний хэлж байгаа шиг жүдо улстөрчдийг “нээж” өгдөг нь үнэн л юм бол ирэх УИХ-ын сонгуулиар тамирчин гишүүдийн тоо нэлээд хэдээр нэмэгдэх нигууртай юм уу даа, янз нь…
М.НАСТ
URL: