Засгийн газрын бүтцийн хууль ”түр саатав”

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаар шинэ Засгийн газар хэдэн сайд, хэдэн яамтайгаар үйл ажиллагаа явуулах нь тодорхой болсон. Яамдуудыг чиглэл, салбараар нь салгаж, мөн шинээр яам нэмсэнээр нийт 16 яам, 19 сайдтай болох юм. Яамдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан 43 байсан агентлагийн тоог хасч 28 болгож хасах юм байна.

Засгийн газрын бүтцийн тухай хуулийг УИХ дахь нам эвслийн бүлгүүд өөрсдийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

“Шударга ёс” эвсэл бүтцийн хуулийг “эргэн харна”

“Шударга ёс” эвсэл бүлгийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг дахин судлах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, зарим яамдын чиг үүргийг нэлээд нухацтай ярилцах ёстой. Эрхлэх асуудлынх нь хүрээнд харьяалагдах зарим чиг үүргийн ажил оновчгүй хуваарилагдсаны зэрэгцээ орхигдсон, эргэлзээтэй зүйлүүд байна” гэжээ. Тодруулбал, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд энгийн виз олгохтой холбоотой асуудлыг оруулсан нь оновчгүй, Гадаад харилцааны яамандаа одоогийнх шигээ төвлөрөх нь зөв гэж үзсэн. Мөн Эрдэс баялгийн яаманд түлшний хангамжийн асуудал оруулсан нь оновчтой биш, түлшний балансын асуудал нь Түлш эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх. Худалдан авах ажиллагаатай холбоотойгоор шинэ агентлаг байгуулахаар болж байгаа. Үүнийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулахаар тусгасан нь оновчгүй, Сангийн яам талдаа харьяалуулах. Төрийн өмчийн хороог Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд оруулсан нь мөн л буруу. Төрийн өмчийн хорооны үндсэн пункц бол хувьчлах бус төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдийг илүү үр ашигтай ажиллуулах шаардлагатай гэдэг утгаараа харьяаллыг нь өөрчлөх шаардлага байна” гэж үзсэн аж. Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Улааныг томилж, гишүүд бусад чиг үүргийн дагуу ажиллана гэлээ.  Эвсэл шийдвэрээ өнөөдөр танилцуулна. Мөн өчигдөр хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болон УИХ-ын чуулганыг тус эвслээс хойшлуулах санал тавьж, ажлын хэсэг гарга ажиллах болсноо УИХ-ын даргад танилцуулснаар өчигдөр хуралдах байсан УИХ-ын чуулган хойшилсон юм. Бүлгүүд Засгийн газрын бүтэц хэлэлцсэн бөгөөд бүрэлдэхүүний талаар хэлэлцээгүй гэлээ. Гэвч  “Шударга ёс” эвслийн бүлэг Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Шадар сайдыг эвслийн зүгээс томилох ёстой гэсэн чиг барина гэсэн юм.

Ардчилсан нам 16 яам, 19 сайдыг дэмжлээ

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуульд шинэ Засгийн газар 16 яам, 19 сайдтай байхаар тусгасны зэрэгцээ агентлагуудын тоог цөөрүүлэхээр зааж өгсөн байна. Тодруулбал, одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч хийгээд тохируулагч 43 агентлаг байдаг, үүнийг 28 болгоно. Дээрх агентлагт нийт 3300 хүн ажилладаг, гэхдээ цөөлсөн тохиолдолд эдгээр албан хаагчдын тоог бууруулах шаардлага байгаа юу гэдгийг эргэж харна. Яамдуудад ч мөн орон тооны асуудлыг нягталж үзнэ. Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхийн тулд аль болох чирэгдэл багатай хүргэхийг хичээнэ. Тэр дундаа хүнд суртал, авлига хээл хахуульгүй тунгалаг төрийг бий болгохын тулд төрийн зарим үйлчилгээг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх чиг үүргийг шинээр эмхлэгдэх Засгийн газар барьж ажиллах болно гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилохдоо “Засгийн газрын бүрэлдэхүүнд байх  УИХ-ын гишүүний тоо бага байх ёстой, аль болох гаднаас томилох ёстой” гэж байр сууриа илэрхийлж байсан. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар бүрэлдэхүүний талаар хэлэлцээгүй байгаа ч тус нам Ерөнхий сайд ямар хүмүүсийг санал болгож оруулж ирэхээс хамаарах бөгөөд шинэ хүмүүс байна байх гэсэн байр суурьтай байгаа юм байна.

МАН Ерөнхий сайдаас “ам асууна”

МАН-ын хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч эцсийн шийдлийг гаргаагүй аж. Учир нь эл төслийг саяхан бүлэг хүлээж авсан тул гишүүд танилцах шаардлагатай байгаа. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүлгийн хуралдаанд оролцуулж мэдээлэл сонсох гэсэн боловч “Шударга ёс” эвслийн бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхэнд мэдээлэл хийж буй тул өнөөдөр 10.00 цагт болох бүлгийн хуралдаанд оролцохыг хүссэн. Тэр үед Ерөнхий сайдаас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар мэдээлэл сонсохоор ярилцсан байна. Тиймээс ажлын хэсгийн шийдвэр, Ерөнхий сайдын мэдээлэл зэргээс хамаарч УИХ дахь МАН Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудалд эцсийн байр суурийг нэгтгэж гаргахаар шийджээ.

Мөн тус намын хуралдаанаар УИХ-ын төсвийн сүүлийн хагас жилийн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, УИХ-ын сонгуультай жилийн сүүлийн хагаст төсвийн тодотголыг гаргах шаардлага гардаг. Тухайлбал, Энэ удаагийн УИХ гурван бүлэгтэй ажиллана гэснээр санал явсан байгаа юм байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцсэн юм. Энэ асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх аж. Мөн УИХ-ын дэд дарга М.Энхболдыг нэр дэвшүүлж, УИХ-ын даргад танилцуулсан байна. МАН-аас гурваас дээш байнгын хороонд ажиллахаар шийдвэрлэсэн байна. Одоогоор МАН-аас 9-11 гишүүн ажиллах хуваарийг УИХ-д өргөн барьсан байна.

Ш.ЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих