Донтох нь нэг төрлийн сэтгэцийн өвчин

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч М.Даваамөнхтэй ярилцлаа.

-Юуны өмнө хүмүүсийн нэрлэдгээр “Галзуу” буюу сэтгэцийн өвчний талаар тодорхой ойлголт өгөөч?
-Яг сэтгэцийн өвчний дунд галзуу гэж өвчин байдаггүй. Галзуу гэдэг нь ХӨСҮТ-д хамаатай, галзуу нохой ч юм уу, амьтанд хазуулснаас болж галзуурах шинж илэрдэг өвчин. Харин манай төвд сэтгэцийн биеэ даасан өвчнүүд л хамаардаг.
-Нэлээд олон төрлийн өвчлөл байдаг гэсэн. Ямар өвчлөл нь манайд илүү тохиолддог вэ?

-Ихэвчлэн сэтгэцийн архаг солиорох эмгэг, тархины гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлт илэрдэг байсан бол сүүлийн үед архи, мансууруулах бодисын чиглэлийн болон нийгмээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд ихсэх хандлагатай байна.
-Архи, мансууруулах чиглэлийн бодис нь сэтгэцийн өвчин үүсгэдэг гэсэн үг үү. Энэ өвчин үүсэх гол шалтгаан нь юу вэ?
-Энэ өвчин нь дотроо олон янз учраас өвчин бүр нь өөрийн гэсэн шалтгаантай байдаг. Удам дамжих болон тархи, толгой гэмтэх, нийгмийн стресс, донтох зэргээс шалтгаална. Архи, тамхи ч юм уу ямар нэгэн зүйлд донтсоноос болж сэтгэцийн өөрчлөлттэй болж болдог.
-Стрессээс болж үүсдэг гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Нийгэм хөгжөөд хүний хийж байгаа зүйлс их хийсвэр болж, дээр нь оюуны хэт ачаалал, стрессээс үүдэн сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд өсч байна. Архи уух, хар тамхинд донтох зэрэг эмгэг нь мөн л стресстэй холбоотой үүсч байгаа.
-Цочролд орсноос болж сэтгэцээр өвчилдөг үү?

-Байж болно. Хүчтэй цочролын улмаас түр зуурын сэтгэл санаа хямрах үзэгдлүүд гарна. Ер нь ойр дотны хүн нь нас барах болон гамшгийн үед хүний сэтгэл санаа түр зуур хямрах шинж тэмдгүүд илэрч болдог. Гэхдээ тухайн зүйл нь өнгөрсний дараа эмчийн тусламжтайгаар хэвэндээ орно.
-Тоглоомонд донтсоноос болж сэтгэцээр өвчлөх тохиолдол байдаг гэсэн. Энэ талаар?

-Тоглоомонд донтох байдал голдуу бага насны хүүхдүүдэд илэрдэг. Насанд хүрэгчдийн хувьд мөрийтэй тоглоомд донтох тохиолдол байдаг ч нэг их ирдэггүй. Гадуур бол ийм өвчтэй хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь өвчин болж, амьдралынх нь утга учир өөрчлөгдчихсөн хүмүүс их бий.
-Тухайн хүн өөрийгөө өвчилсөн гэдгийг мэдэх боломжтой юу. Өөрт мэдэгдэхүйц ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ихэнх тохиолдолд өөрийгөө мэддэггүй. Уурлаад байгаа хэрнээ би уурлахгүй байна аа гэх ч юм уу. Иймэрхүү шинж тэмдэг архичин хүнд их илэрдэг. Архи их уудаг мөртлөө би архичин биш зохицуулаад явдаг, амьдралаа аваад явж байна гэдэг. Гэтэл яг үнэндээ архинд донтох өвчтэй болчихсон л байдаг байхгүй юу.
Гол илрэх шинж тэмдэг маань өвчин бүрт өөр байдаг. Хамгийн элбэг тохиолдох шинж тэмдэг нь нойрны асуудал. Нойргүйтэх, их хөнгөн унтах, зүүдлэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн сэтгэл санаа гуньж, гутраад хүнтэй ярихаа болих, ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй болох ч юм уу. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаж эхэлнэ гэсэн үг. Цаашдаа хүндрэх юм бол өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй байдалд хүрнэ.
-Улирлын шинж чанартай холбоотой өвчлөл ихэсдэг гэж сонссон. Энэ үнэн үү?

-Биеэ даасан буюу дотоод шалтгаантай өвчин эмгэгүүд нь голдуу хавар, намрын үед сэдрэх, хөдлөх магадлал ихтэй байдаг. Яах вэ, албан ёсоор тогтоогоод судалж гаргасан зүйл байхгүй. Хавар, намрын үед ихсэх хандлагууд ажиглагддаг.
-Одоо танай төвд хэчнээн хүмүүс эмчлүүлж байна?

-Манай эмнэлэг 450 ортой. Байнга л дүүрэн байдаг гэж ойлгоход болно. Гадуур хяналтад эмчдээ үзүүлж, эмээ уугаад явдаг хүмүүс байна. Одоо хүндрэлтэй байгаа ч гэсэн удахгүй шинэ цогцолбор баригдана. Ерөнхийдөө нийгмийн хөгжлийг дагаад сэтгэцийн өвчнүүд ихэсч байгаа. Америк, Японд л гэхэд амиа хорлох явдал маш өндөр түвшинд гарсан.
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Яг ямар өвчин гэдгээсээ л шалтгаална. Дотоод шалтгаантай сэтгэцийн өвчнөөс сэргийлнэ гэдэг хэцүү. Харин тархи, толгойны гэмтэл зэрэг гадны нөлөөгөөр үүсэх эмгэгээс бол хамгаалж болно. Тэгэхээр аль болох гэмтэл бэртлээс сэргийлэх. Гэмтэл авсан тохиолдолд тэр дор нь эмчлүүлээд явбал сайн. Мөн архи, дарс болон бусад донтуулах зүйлээс зайлсхийх хэрэгтэй. Дээр нь сэтгэлийн цочрол авсан үед өөрөө өөрийгөө тайвшруулах арга заслуудыг хэрэглэж болно.
-Уг өвчнийг оношлоход хүнд байдаг уу. Яаж оношилдог вэ?
-Энэ өвчнийг сэтгэцийн эмчид үзүүлж байж оношилно уу гэхээс биш, компьютер, шээс, цусны шинжилгээгээр ч юм уу тодорхойлно гэж байхгүй. Голдуу сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч ярилцлагын үндсэн дээр оношилдог.
-Бүрэн эмчлэгдэх үү?
-Биеэ даасан сэтгэцийн архаг солиорлууд эдгэрэхгүй тохиолдол бий. Гамшиг болон сэтгэцийн түр зуурын хямралын улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлтүүд бүрэн эдгэрдэг.
-Ярилцсанд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих