“Хар” Эрүүгийн хууль буюу шорон дүүргэх бодлого
Монголын шоронгийн хатуу хүтүүг давж туулж, олон жилийн ял эдлээд гарч ирсэн иргэд өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, үзэл бодлоо илэрхийллээ.
Тэдний гол зорилго нь Монголын төр 1990 оны дундуур шоронд өлсгөлөнгөөр амиа алдсан олон арван залуусын ар гэрийнхнээс уучлал гуйж, нөхөн олговор олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Уг нь шорон хүнийг хүмүүжүүлэх ёстой. Гэтэл Монголын төр зүгээр л өлсгөж алж байсан аж.
Тухайн үеийн өлсгөлөнгийн шуурганаар 100 гаруй залуу нас барсан тухай ч тэд хэлж байсан юм. Нөгөө талаар тэд өнөөгийн Эрүүгийн хуулийг “хар” хэмээн тодотгосон юм. Хурлыг зохион байгуулсан М.Батлхавга нь 2000 оны үед Эрүүгийн хуулийн-137.3-р зүйлчлэгдэж, 11 жилийн хорих ял авчээ.
Тэрбээр Булган аймгийн онцгой дэглэмтэй хорих ангид 11 жилийн ял эдэлж, өнгөрсөн онд суллагдсан аж. Эрүүгийн хуулийн 147.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж 10-аас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байгаа юм.
Энэ хэрэг гэдэг дээрмийн хэрэг гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Чухам ямар учраас иргэн М.Батлхагва дээрмийн хэрэгт буруутгагдаж, 11 жилээ шоронд өнгөрөөсөн бэ гэдэг нь сонин. Тухайн үед 4-5 залуу М.Батлхагвад 400 грамм монетан эдлэл авчирч өгөхөд нь зарж өгсөн аж. Тухайн үедээ нэг граммыг нь 5000 төгрөгт бодож, хоёр сая төгрөгөөр зарсан гэж байгаа. Тэгэхдээ 190 мянган төгрөг зарж өгсний хөлс болгож авсан байгаа юм. Гэтэл тэр нь хулгайн замаар алдсан үнэт эдлэл болж таарч, М.Батлхагва зургаан сарын баривчлах ялаар шийтгүүлж, бусад нь хүний эд зүйл булаасан хэмээн ял сонссон байж.
Гэтэл дахиж хэрэг задраад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад дээрмийн хэрэг болгож хувиргаад, зургаан хүнд 10-12 жилийн ял оноосон аж. Дээрмийн хэрэг гэж шийдсэн хэдий ч ямар ч гэмтлийн акт байхгүй, нотлох баримт хангалттай цуглараагүй байсан аж. Гэтэл хүчээр дээрмийн хэрэг болгож, тэр олон жилийн ял өгсөн байгаа юм. Шүүх хурал болох үед нэг хүнийх нь өмгөөлөгч байхгүй байж. Гэтэл шууд гаднаас өмгөөлөгч дуудаад, үг хэлүүлэх ч үгүй тасалсан гэнэ. Энэ бол одоогоос 12 жилийн өмнө болсон явдал. Прокурор, шүүхийнхэн Монгол Улсын бүх шоронг ялтнаар дүүргэх бодлого барьсан хэрэг үү, мөрдөн байцаагч хэргийн үнэн мөнийг тогтоохоос залхуурсан болж таарах уу. Сонирхолтой л асуулт. Эсвэл бүгд авлигад автсан байсан ч байж болох юм гэж хардахад хүрэх болох нь.
Үнэндээ өнөөдөр ч Эрүүгийн хуулийн утгагүй заалтууд өөрчлөгдөөгүй, шүүгч алх цохиж, олон мянган залуусыг өчүүхэн асуудлын төлөө шорон руу илгээж байна.
1942 онд шинэ цагийн Эрүүгийн хуулийн үндэс суурь тавигдаж, “Эрүүгийн хууль” гэсэн нэр зүүснээс хойш өдийг хүртэл зургаан удаа шинэчлэн найруулсан байдаг. 1987 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар шинээр 48 төрлийн гэмт хэргийг нэмж оруулан хоёр бүтэн бүлгийг нэмсэн түүх байдаг юм билээ. Түүний дараа 2003 онд батлагдсан Эрүүгийн хууль нь нийтдээ 30 бүлэг, 304 зүйлтэй бөгөөд шинээр 70 гэмт хэргийг нэмж оруулсан байгаа юм.
Уг нь дэлхий нийтийн жишгээр бол Эрүүгийн хуулиас гэмт хэргийн зүйл заалт хасагдаж л байвал сайн байдаг юм билээ. Гэтэл манай улсад байдал эсрэгээрээ. Дээрээс нь нэр томьёоны хувьд ч ойлгомжгүй үг хэллэг олон бий. Үндсэндээ Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн Монголын залуусыг хорхойтой араандаа зууж байгаад баталсан эрүүгийн хууль гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Бүр нарийн яривал Монгол Улсын Эрүүгийн хууль нь хүндэвтэр хэргээс бусад бүх гэмт хэрэгт холбогдогчдыг шоронд хорихоор зүйлчлэгдсэн гэхэд болно. Сонгодог утгаараа “Шоронжсон хууль” гэсэн тодотголыг онооход болохгүй юмгүй.
Саяхан нэг танил маань хэрэгт холбогддог юм байна. Хөөрхий минь машинаар хүний эд бараа зөөж яваад ганц жижиг цүнхтэй бараа хаячихсан бололтой юм. Яг хаясан эсэхийг нь мөрдөн байцаагч тогтоогоогүй гэж байгаа. Гэтэл мань хүнийг Эрүүгийн хуулийн 152.1-ээр зүйлчлээд ял оноочихсон. Хулгай хийгээгүй, залилаагүй. Ердөө л тээвэрлэж яваад хаясны төлөө ял авч байна. Эрүүгийн хуулийн 152.1-т. “Бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгө, малыг завшсан буюу үрэгдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гээд заагаад өгчихсөн байгаа юм. Гэхдээ энэ заалтад ганц зүйл тодорхой бус байгаа. “Эд хөрөнгө” гэдэг үг оруулж өгсөн байж тэр нь ямар хэмжээний үнэтэй тохиолдолд эрүү үүсгэх эсэхийг тодорхой заагаагүй. Түүнээс нь болж олон гэмгүй иргэд зальтай этгээдийн золиос болж, баривчлах ялаар шийтгүүлж байна. Хэрвээ цүнх дүүрэн хог ачиж яваад хаячихсан бол хохирогч гэгдэх нөхрийн аман мэдүүлгээр л ял өгөх болох нь. Гэтэл Эрүүгийн хуульд хөдөлмөрийн хөлснөөс доош хэмжээний хохирол учирсан хэргийг авч хэлэлцдэггүй. Харин 152.1-ээр зүйлчилж байгаа тохиолдолд тухайн цүнхэнд 140800 төгрөгөөс бага үнэлгээтэй эд зүйл байсан эсэхийг ч тогтоох шаардлага байхгүй байгаа юм. Ёстой л хар Эрүүгийн хууль байгаа биз дээ.
Хэдхэн жилийн өмнө ядарсан эмэгтэй хоёр удаа 1000 төгрөг хулгай хийснийхээ төлөө давтан үйлдэл нэрийдлээр 10 гаруй жилийн ял авах дөхөж байлаа. Азаар хууль мэддэг хүмүүс өмгөөлөл явуулж тусалсны хүчинд ялгүй үлдэж байсан.
Өнөөдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэгээн цагаан өдөр гарцан дээр хүн дайрсан хэрэгтэн 3-5 жилийн ял авах хуультай байхад мэдүүлэг өгч байхдаа санаатай байна уу, санамсаргүй байна уу худлаа хэлсэн хүн 2-5 жилийн ял авах болж байгаа юм. Хууль ийм эрх тэгш биш байна.
Ганцхудагийн урьдчилан хорих төвийн үүдэнд ганцхан өдөр суухад залуучууд 20, 30-аараа гавлуулаад ирж байна. Энэ бол “хар” Эрүүгийн хуулийн гай. Манайхаас өөр шинэ шорон барьж, хоригдлуудаа багтааж шингээхээ больсон орон дэлхийд байдаггүй байх. Тэдний тал хувь нь хууль хяналтынхны “шоронжуулах” бодлогын золиос болж байна гээд хэлчихэд ч болохгүй юмгүй.
Тиймээс шинээр бүрэлдэж байгаа Засаг, парламент, гишүүд “хар” Эрүүгийн хуулийг бага ч болтугай цайруулах бодлого баримтлах буй за.
Н.Пунцагболд
”Монголын мэдээ”
URL: