Бүтцийг өргөн мэдүүлсэн ч, мэдээлэл нь “нууц” үлдлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн тухай саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өчигдөр өргөн мэдүүллээ. Ийнхүү шинэхэн танхимын бүтцийн асуудалд Төрийн тэргүүн даруй хариу өгөхөө энэ үеэр мэдэгдсэн байна. Харин Засгийн газар яг ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байхаар тохирсон талаарх мэдээллийг одоогоор дэлгээгүй байгаа юм.

Ямартай ч энэ долоо хоногт багтан шинэ Ерөнхий сайдын төлөвлөсөн Засгийн газрын хувь заяа тодорхой болох чигтэй байна. Харин УИХ-аар хэзээ батламжлах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр энэ удаагийн гүйцэтгэх засаглалын харъяанд 16 яам байх төлөвтэй. Харин нэр бүхий хэд хэдэн төрийн бус байгууллагуудын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын дарга Н.Алтанхуяг нарт хүргүүлсэн шаардлагад 21 яам бүхий сайд, дэд сайдуудтайгаа нийлээд 66 хэмээн тодотгожээ.

Сүүлийн үед шинэ танхимын бүтэц бүрэлдэхүүнтэй холбогдуулан дэлгэсэн жиргээчдийн “цайны хачир”-аар энэ удаад бизнесийн төлөөллүүд Н.Алтанхуягийн Засгийн газарт өргөнөөр орж байгаа гэх. Тухайлбал, “Бодь” группын ерөнхийлөгч М.Зоригт, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, “Шунхлай” группын ерөнхийлөгч Г.Батхүү, “Мон Уран”-ы Б.Наранхүү нарын нэр дуулдаж буй юм. Тэр ч бүү хэл энэхүү бизнесийн бүлэглэлийн тэргүүнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр ч дайгдаастай. Жишээ нь гэхэд л, мах магнаг болсон энэ үед танхимын тэргүүнийн “Max экспорт”, “Жаст”-ын Батхүүгийн компани манай улсын махны нийлүүлэлт, ханш нь ямар байхыг тодорхойлдог сурагтай. Энэ мэтчилэн бүрэлдэж ч амжаагүй байгаа шинэ танхимынхан эхнээсээ хэл, аманд өртөж эхэллээ.

Мөн нийгмийн зүгээс хардалт, элдэв маргаан дэгдээж буй бас нэгэн асуудал бол төрийн албан хаагчдыг нийтийн болгох тухай юм. Энэхүү асуудлаас урган гарч буй тэмдэглэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэнд үйлчлэх юм бол оо гэж. Магадгүй хувьдаа бизнесгүй насаараа төрийн албанд зүтгэсэн доогуур албаны хэдэн хүнд л үйлчлэх янзтай.

Сайд, дарга нар эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөөрөө далайлгаад л хуулийн гадна үлдэх нь. Уг нь иймэрхүү хэрэг явдлыг түүхийн шар хуудаснаа үлдээхийн тулд яах аргагүй шинэчлэл үгүйлэгдэж байлаа. Ядаж л Ж.Сүхбаатар нарын гишүүдийн санаачилсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх тухай хуулийн төсөл бий. Энэхүү санааг Ерөнхийлөгч бас дэмждэг. Гэвч энэ удаад ярихаас хэтрэхгүй, мөн л бахь байдгаараа уламжлал ёсоор танхимыг дотроосоо буюу бүр тодруулбал, фракц дундаасаа бүрдүүлэх болчихлоо.

О.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих