16 яам, 19 сайдтай Засгийн газрын бүтцийг өргөн барилаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Зас­гийн газрын бүтцийн тухай саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өчигдөр өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зас­гийн газрын бүтцийн саналд даруйхан хариу өгөхөө хэлж байлаа. Нийт 16 яам, 19 сайдтай байхаар Засгийн газрын бүтцийн тухай саналыг өргөн мэдүүллээ.

Үүнээс дөрөв нь ерөнхий чиг үүргийн бусад чиглэлийн яамд байхаар зохицуулсан аж. Сангийн яам, Эдийн засгийн, хөгжлийн яам, Хууль зүйн яам, Бат­лан хамгаалах яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уур­хайн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Гадаад хэр­гийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэсэн бүтэцтэй Зас­гийн газар байгуулагдах юм байна. Хууль зүйн яамнаас Дотоод хэргийг салгаж тусад нь яам байгуулах тухай хэлэлцээр явагдаж байгаа гэсэн мэдээлэл байсан боловч хилийн цэргийг Батлан хамгаалах яамны бүтцэд оруулснаар Дотоод хэргийн яам гэж байх шаардлагагүй гэж үзсэн тухай эх сурвалж хэллээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зас­гийн газрын бүтцийн саналыг хүлээж авахдаа өмнөх байр сууриндаа хатуу байна гэдгээ илэрхийлсэн.

Тэрбээр өмнө нь “Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд миний өмнө нь барьж байсан байр суурь хэвээрээ байгаа. Хууль тогтоох, Гүйцэтгэх эрх мэдлийг тус тусад нь хариуцлагатай, хяналттай ажиллуулахын тулд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг давхардлыг байлгахгүйгээр бүрэлдэхүүнээ бодож асуудлыг оруулж ирэхийг хүсье, Засгийн газрын бүрэлдэхүүний 3/1-ээс илүүгүй хувийг УИХ-ын гишүүн бүрэлдүүлэх ёстой. Түүнчлэн сонгуульд ялагдал хүлээсэн хүн Засгийн газарт орох эрхгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өчигдөр өргөн мэдүүлсэн Зас­гийн газрын бүтцийн сайдууд хэн байх талаар доорх хүмүүсийн нэр яригдаж байгаа юм байна. Хэрэв доорх байдлаар Засгийн газрын сайд нарын нэр дэвших юм бол М.Энхсайхан, Н.Удвал нар сонгуульд ялагдал хүлээсэн гэдгээрээ түдгэлзэж магадгүй бололтой.
Ерөнхий сайд-Н.Алтанхуяг
Шадар сайд-Д.Тэрбишдагва (МАХН)
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-Ч.Сайханбилэг (АН)
1. Сангийн яам М.Энхсайхан (МАХН)
2. Эдийн засгийн, хөгжлийн яам С.Баярцогт /АН/
3. Хууль зүйн яам Х.Тэмүүжин /АН/
4. Батлан хамгаалах яам Д.Бат-Эрдэнэ /АН/
5. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам С.Оюун (ИЗНН)
6. Боловсрол шинжлэх ухааны яам Лу.Гантөмөр (АН)
7. Соёл, спорт, аялал жуулчлалын яам Ц.Оюундарь (АН)
8. Хөдөлмөрийн яам Ц.Оюунгэрэл (АН)
9. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам С.Эрдэнэ /АН/
10. Зам тээврийн яам А.Гансүх /АН/
11. Барилга хот байгуулалтын яам-Н.Батбаяр /АН/
12. Уул уурхайн яам Д.Ганхуяг /АН/
13. Эрчим хүчний яам М.Сономпил / МҮАН/
14. Эрүүл мэндийн яам Н.Удвал (МАХН)
15. Гадаад хэргийн яам Лу.Болд (АН)
16. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Х.Баттулга (АН)

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих