Гадаадад зорчих эрхийн бүртгэлд өдөрт 2000 хүн хандаж байна
Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэс жил бүрийн 7-9 дүгээр сарын хугацаанд гадаад паспорт шинээр авах, сунгах хүмүүсийн хөлд дарагддаг билээ.
Энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү ачаалалтай байгаа аж. Энэ нь оюутан залуус гадаадад ихээр суралцах болсон, бага насны хүүхдүүдэд гадаад паспорт олгох шинэ журам гарсан зэрэгтэй холбоотой юм байна.
Мөн амралт зугаалга, аялал жуулчлалын улирал эхэлсний зэрэгцээ намар болж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж иргэд арилжаа наймаанд явах, сургууль соёлоо бараадах үе тохиодогтой холбоотойгоор давхар ачааллыг үүсгэдэг байна.
Мөн тус хэлтэст өнөөдрийн байдлаар өдөрт 2000 орчим иргэн хандаж байгаагаас шинээр гадаад паспорт авах иргэн 1500 орчим, гадаад паспортын хугацааны сунгалт хийлгэх 500 орчим иргэн үйлчлүүлж байна.
Энэ нь энгийн үетэй харьцуулбал үйлчилгээний ачаалал нь 34 дахин нэмэгдээд байгаа юм. Тус газраас ачааллыг бууруулахын тулд зургаан цонхоор үйлчилгээ авдаг байсныг нэмж, зарим дүүргээс ажилтан нэмж ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа гэнэ.
URL: