“Лондон-2012”-ын алтан агшнууд
Дэлхийн зон олныг хоёр долоо хоногийн турш олимпийн тэнгэр дор нэгтгэж чадсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам өндөрлөлөө. Өрсөлдөөний хурц талбарт байж болох бүхий л гайхамшгийг мэдрүүлсэн зуны олимпийн наадмын баатрууд шинэ цагийн түүх бүтээв. Олимпийн наадмын үеэр спортын долоон төрөлд дэлхийн дээд амжилтыг 31 удаа шинэчилсэн тохиолдол гарчээ.
АНУ-ын “Загасан хүн” хочит Майкл Фелпс олимпийн 22 дахь алтан медалиа хүртэж, бүх цагийн олимпийн түүхэнд хамгийн “ганган”, хамгийн их чимэгтэй тамирчин болсон бол Ямайкийн спринтер Усаин Болт Бээжингийн олимпийн наадамд 100 метр, 200 мерт болоод 4х100 метрт түрүүлсэн амжилтаа бататгаж, түүхэнд шинэ хуудас нэмсэн. Түүнчлэн Саудын Араб, Катар болон Бруней улсууд олимпод анх удаа эмэгтэй тамирчнаа өрсөлдүүлж, олимпод оролцсон бүх орон эрэгтэй, эмэгтэй тамирчидтай байснаараа мөн л шинэ түүх байлаа. Мөн боксын төрөлд эмэгтэй ширэн бээлийтнүүд гурван жинд өрсөлдсөн. Энэ нь олимпийн хөтөлбөрт багтсан бүхий л спортын төрлүүд бүгд эрэгтэй, эмэгтэй ангилалтай болсноороо бас нэгэн онцлог байв.
Спортын амьд мэдрэмж дүүрэн өнгөрсөн “Лондон-2012” олимпийн хамгийн торгон, “алтан” агшнаас хүргэж байна.
Лондонгийн олимпийн усан замд эрэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог сэлэлтийн буухиа уралдаанд шигшээ багийн тамирчдынхаа хамт түрүүлснээр “Загасан хүн” олимпийн өрсөлдөөний талбарыг орхисон юм. Гэхдээ тэр олимпийн 22 медальтай агуу түүхэн замналтай их спортоо үдлээ. Лондонгийн олимпийн дараа зодог тайлна гэдгээ хэдийнэ мэдэгдээд байсан Майкл Фелпс дөрвөн олимпийн наадамд оролцож, 18 алтан медалийн эзэн болжээ. Магадгүй олимпийн түүхэнд дахин ийм түүх бүтээх тамирчин гарахгүй ч байж магад.
Дэлхийн хамгийн хурдан хүн гэх тодотголоо баталж, Ямайкийн спринтер Усаин Болт олимпийн 100 метр, 200 метрт түрүүлэв. Мөн тэрбээр багийн буухиа уралдаанд дэлхийн дээд амжилтыг эвдэн түрүүлснээр Бээжингийн олимпод үзүүлсэн гурван алтан медалийн амжилтаа давтсан юм. Гайхалтай нь түүхэнд өөр ийм амжилттай тамирчин үгүй. Түүнчлэн 200 метрийн уралдаанд ямайкчууд үнэмлэхүй ялалт байгуулж, медалийн тавцанд эзэгнэсэн нь гайхалтай тохиол байлаа.
Британичуудын бахархал болсон Мо Фара улсынхаа хөнгөн атлетикийн түүхэнд хамгийн агуу нь болон мөнхөрлөө. Холын зайнд уралдаанд олимпийн алтыг хүртсэн анхны британи тамирчин болсон тэрбээр олимпийн 5000 ба 10000 метрийн зайд хоёуланд нь түрүүлсэн түүхэн дэх долоо дахь тамирчин болсон аж.
Саудын вант улс анх удаа эмэгтэй тамирчнаа олимпод илгээв. Жүдо бөхийн +78 кг-ын жинд зодоглосон Вождан аль Сераж Абдулрахим Шахеркани гялтайх амжилтгүй, тэр ч бүү хэл олон улсын төвшинд огтын туршлагагүй хэдий ч дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпод эх орноо төлөөлсөн нь утга учиртай байлаа. Тэрбээр эхний барилдаандаа 80 дахь секундэд ялагдал хүлээсэн ч талархлын, бахдалын, баярын алга ташилтаар харамгүй шагнуулсан билээ.
Зуны XXX олимпийн бас нэгэн онцлог нь эмэгтэй ширэн бээлийтнүүд олимпийн рингэнд тулалдсан явдал байлаа. Анх удаа олимпийн хөтөлбөрт багтсан эмэгтэйчүүдийн боксын тэмцээний анхны аваргаар Британийн 29 настай тамирчин Никола Адамс тодорсон юм.
Кенийн гүйгч Рудиша 800 метрийн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг эвдэн түрүүлснийг Олимпийн зохион байгуулах хорооны дарга Себастьян Кое “олимпийн бахархам амжилт” хэмээн тодотгосон. 800 метр замыг нэг минут 40.91 секундэд туулсан түүний амжилт агуу байлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнтэй уулзахыг хүссэн, ток шоуны хатан хаан Опра Уинфри олимпийн аваргуудын жагсаалтад түүний нэр багтахыг хараад баярын нулимс унагаасан. Энэ эрхэм бол АНУ-ын гимнастикч Гэбби Дуглас. “Нисдэг хэрэм” хоч авсан тэрбээр гимнастикийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан холимог төрөлд аваргалсан африк, америк гаралтай анхны тамирчин ажээ.
Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 400 метрийн уралдаанд түрүүлсэн Жеймсийн амжилт Гренада улсын олимпийн анхны алт байлаа. Гэхдээ түүний хамт хагас шигшээ уралдаанд нэг гараанд өрсөлдсөн Оскар Писториусыг спортын хорхойтнууд олимпийн аваргын дайтай хүлээн авчээ. Өвчний улмаас хоёр хөлөө тайруулсан хэдий ч өөрийгөө ялан дийлж, эрүүл саруул тамирчдын хамт олимпийн талбарт өрсөлдсөн “Илдэн дээр гүйгч” олимпийн баатруудын нэг яахын аргагүй мөн. Уралдааны төгсгөлд Писториус, Жеймс нар өмсгөл дээр нэр бүхий наалтаа солилцож байгаа тэр мөч олимпийн торгон агшны нэг байлаа.
Ки Бо-бэ, И Сун-жин, Чой Хён-жү нарын БНСУ-ын тамирчид байт харвааны эмэгтэйчүүдийн багийн тэмцээний шигшээ харваанд Хятадын багийг ганцхан онооны зөрүүтэй ялснаар олимпийн аварга болсон. Байт харвааны төрөлд олимпийн наадамд багтсан цагаас хойш аваргын титмээ алдаж үзээгүй тэд ийнхүү долоо дахь олимпдоо түрүүлсэн нь энэ байлаа.
16-хан настай Хятадын усан сэлэгч охин Лондонгийн олимпийн наадмаас хос алтан медаль хүртэв. Хамгийн гайхалтай нь тэр 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд хувийн дээд амжилтаа бүтэн таван секундээр ахиулж, дээд рекорд шинэчилсэн юм.
Олимпийн наадмаас зургаа дахь алтан медалиа хүртсэн Крис Хойгийн баярын нулимс олон сая британичуудыг уйлуулжээ. Британийн олимпийн түүхэнд хамгийн агуу амжилттай тамирчнаар тодорсон тэрбээр дугуйн спортын төрөлд үнэхээр түүхэн амжилт гаргасан юм.
URL: