“Номин” супермаркет хугацаа нь дуусан бараагаа орон нутагт шахдаг
“Номин” супермаркет бол манай улсын хамгийн нэр хүндтэй томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн нэг. Улаанбаатар хотын хамгийн байршил сайтай газар өөрийн сүлжээгээ нээж чадсанаас гадна орон нутагт ч гэсэн сүлжээ дэлгүүрүүдээ нээж өргөжин тэлсээр байгаа. Саяхан 20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэж азтай хэрэглэгчдийнхээ дунд 20 тэрбумын шагналын сантай сугалаат худалдаа явуулсан тус худалдааны төв сугалаа, өнгө төдийхөн зүйлээр хэрэглэгчдийг хуурч, эрүүл мэндээр нь дэнчин тавьсан өөдгүй гэмээр мэдээг танд дуулгая.
“Номин” супермаркет нь баруун бүсдээ хамгийн томд тооцогддог Ховд аймагт өөрийн салбараа нээн ажиллуулаад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Энэ салбараар нь Ховдчууд төдийгүй тус аймгаар дайран өнгөрдөг гадаад дотоодын жуулчдаас авхуулаад үйлчлүүлдэг хүн цөөнгүй. Гэтэл Ховд аймаг дахь “Номин” супермаркетын салбар дэлгүүрт маш олон төрлийн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Үүний ихэнхи нь багачуудын идэх дуртай амттан хрустик, Mars, контик ззэрэг бүтээгдэхүүнүүд байлаа.
Номин супермаркет орон нутгийн хэрэглэгчидийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл хаа сайгүй гардаг тухай тэндхийн оршин суугч ярьж байсан юм. Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед хамгийн олон хэрэглэгчтэй томоохон компани ийм зөрчил гаргана гэдэг бол эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлж байгаа явдал билээ. Орон нутагт мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулдаг ч хөдөө орон нутагт төдийлөн сайн нөлөөлж чаддаггүй болохоор ийм үйлдэл даамжирч байна.
shuum.mn
URL: