Ний нуугүй хэлэхэд, Ц.Нямдорж өшөө хорсол, атаархлаар өлсчихсөн хүн

УИХ-ын дэд дарга Ч.Улаантай ярилцлаа 

 

УИХ-ын дэд дарга боллоо. Таны ажил юу­наас эхлэх бол?

 

УИХ-ын дэд дарга гэдгийг би их хариуц­ла­гатай ажил гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл дэд дарга бол төр, нам, эвсэл, нийгмийг хооронд нь хол­бох гол гүүр байх. Тэр тусмаа энэ удаа­гийн УИХ их онцлогтой. Аль ч нам дангаараа олонхи болоогүй, эвсэж, хамтарч ажиллах нөхцөл байдал бий болсон. Өнөө­дөр УИХ-д хоёр намын бүлэг байна. Уг нь бол үлдсэн нэг нам нь бүлэг байгуулах болол­цооны эрхийг ард түм­нээ­сээ авсан.

Харам­сал­тай нь өөрсдийнх нь явуул­сан харалган бод­ло­гын улмаас бүлгээ ба­талгаажуулж чадал­гүй­гээр хуулийн хязгаар­лал­тад орчихлоо. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал. Тиймээс энэ хүч­нүүд хоорондоо ухаал­гаар хамтарч ажиллан, Монгол төрийн тогт­вор­той байдал, үр ашигтай ажиллах нөхцөл, тэнц­вэ­рийг хадгалах нь юу юу­наас чухал. Энэ чухал үүргийг гүйцэтгэхэд УИХ-ын дэд дарга гол үүрэгтэй гэдэг талаас нь би үүнийг өндөр хариуцлагатай алба гэж ойлгож, хүлээж авч байгаа.

  

 

Таныг дэд даргаар томилогдсоноос хойш УИХ-ын үйл ажиллагаа харьцангуй жигдэрч бай­на. Гэхдээ өнгөрөгч долоо хоногийн эхэн үед байдал нэлээд ээд­рээтэй байсан шүү?

 

Сонгуулийн дараа төр засгийг байгуулах талаар олонхи болоогүй ч гэсэн хамгийн олон суу­дал авсан улс төрийн хүчинтэй хамтарч ажил­лая, ард түмний сон­гол­тыг баталгаажуулъя, на­муудын мөрийн хөтөл­бөрт тусгасан ард түмний хүсэн хүлээсэн зо­риул­туудыг хэрэгжүүлэх нөх­цөлийг бүрдүүлье гэж манай “Шударга ёс” эв­сэлд зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг ахлах үүр­гийг надад ногдуулсан. Уг ажлын хэсэг сар гаруйн хугацаанд бусад эвсэх намуудын ажлын хэсэг­тэй хамтарч ажил­лас­наар өнөөгийн улс төрийн байдлыг цаашид тас­ралт­гүй, тогтвортой явуу­лах нөхцөлийг бүр­дүүл­сэн тогтолцоонд хүрч чад­лаа.

Хуулийн дагуу, олон улсад байдаг пар­ла­мен­тийн засаглалын нийт­лэг жишгийн дагуу олонхи нь ачаагаа үүрч, хариуц­лагаа хүлээдэг. Харин цөөнх нь хяналтаа тавьж, алдаа гарахаас сэргийлэн хамтарч ажил­ладаг жишгээ дагаж мөр­дөх нөхцөл бүрдлээ гэж үзэж байна.

 

 

Өнгөрөгч пүрэв га­ригт Засгийн газрын тэр­гүүнийг томиллоо. Засгийн газраа байгуу­лах ажил одоо л эр­чимжих нь?

 

 

Төр засгийг аль бо­лох хурдан бүрдүүлж, үйл ажиллагааг эхлүүлэх явдал нь нэн чухал, тул­гамдсан зорилт. Өөрөөр хэлбэл, ард түмэн шийд­вэ­рээ нэгэнт гаргачихсан. Одоо харин үүнийг боди­той ажил хэрэг болгох ажлыг бид удаашруулж, саатуулах ёсгүй. Тиймээс Ерөнхий сайдыг томилох ажилд манай “Шударга ёс” эвслийнхэн нэлээд санаачилгатай ажил­ла­лаа.

Нөгөө талаас өмнө нь эрх барьж байсан МАН нийгмийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөр­дөхгүй, харалган, бодлого vйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай.

Тухайлбал, УИХ сонгогд­чихоод, дотоод бvтэц нь шинээр бүрэлдчихээд байхад Засгийн газар хөрөнгө мөнгө шийдэх, боловсон хүчний халаа сэлгээ хийх шийдвэр гар­гаад байгаа нь зохимжгvй. Ер нь соёлтой ертөнцөд бол сонгууль зарлагдаж, төр засгийн удирд­лагад өөрчлөлт орох нь тодорхой болсон үед гүй­цэтгэх засаглал дээрх хэлсэн асуудалтай хол­боотой шийдвэрүүдийг гаргадаггүй.

Гэтэл манай­хан улс төрийн энэ жиш­гийг дагахгүй, нийгэмд таалагдах гэсэн ч юмуу дараагийн засагт дарамт болох vйл ажиллагаа явуулж байгаа нь зохис­гүй. Тийм учраас аль бо­лох төр засгаа хурдан хугацаанд эмхлэн бай­гуулах шаардлагатай бай­сан. Энэ үүднээс бид Засгийн газрыг хурдан байгуулах ажилд гэрээ­нийхээ дагуу үүргээ хү­лээж, шуурхай хандаж оролцсон. Энэ бол нийт монголчуудын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа гэж бид бодож байгаа.

 

 

Ерөнхий сайдыг то­милох хуралдааны үеэр зарим гишүүд хэ­лэлцэх асуудалдаа бус өөр зүйлд анхаарал хан­дуулж байсан?

 

 

Мэдээж хэрэг Зас­гийн газраа байгуулах гэж байгаа үйл ажиллагаа таалагдахгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс байсан байна. УИХ ын хурал­даа­наар Засгийн газрын тэр­гүүний тухай асуудал хэ­лэлцэж байхад огт өөр асуудал ярьж дүйвүүлж нам эвсэл, хүмүүс рүү дайрч дав­шилж  овил­гогүйтэж бай­на лээ. Үүний тодорхой жишээ нь  Ц.Нямдорж. Ер нь бол нийгмийг цөөхөн хүмүүс бохирдуулж явдаг шvv дээ. Бид асуудалд их хү­лээцтэй хандаж ирсэн. Ер нь бол биднийг олон удаа элдвээр хэлж бай­гаа. Гэх­дээ монголчуудын нэг сайхан үг бий, “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг юм” гэж.

Ц.Нямдорж гишүүний хувьд тэрхүү хуралдаан дээр нэлээд зүйлийг ярьс­наараа энэ хүн хэн бэ гэдгээ ард түмэнд өөрөө таниулчихлаа. Ний нуугүй хэлэхэд энэ хүн бол өшөө хорсол, атаархлаар өлс­чих­сөн хүн байгаа юм. Тиймээс ч хэдэр ярдаг зан, харалган богинохон бодлогоороо өөрийнхөө намд тус нэмэр болохоо­соо нэрмээс болох нь их болчихсон байна. Уг нь бол өдий олон жил улс төрд явсан хүн нөхцөл байдлыг өөрөө ойлгоод үйл ажиллагаандаа зохи­цуулалт хийх ёстой юм. Гэтэл түүнд эрүүл саруул ухаан, уян хатан ухаалаг зохицуулалт,жолоодлого захиргаа нэгэнт байхгүй болжээ. Ичих ичгүүр ч үгүй юм байна. Тормозгүй машин ямар аюултай байх вэ. Тэгээд бүр жо­лоон дээр нь хэвийн бус хүн сууж байвал юу болох вэ.

Ер нь улс төрд олон жил зүтгэсэн туршлага­тай хүмүүс нийгэмдээ, хойч үедээ эерэг нөлөө үлгэр жишээ үзүүлэх ёс­той юм шүү дээ. Үргэлж өшөө хорсол атаархлаар нийгмийг харж болохгvй ээ. Хүн нийгмийн бүтээг­дэхүүн , олон тvмний дунд амьдарч байдаг учир  цаг үедээ дүгнэлт хийж, ор­чин­тойгоо зохицож олон түмнээ дагаж амьдрах хэрэгтэй. Нийгэм ор­чин­доо зохицуулж өөрий­гөө өөрчилж хөгжүүлж байх хэрэгтэй. Түүнээс бус нэг хүнд зохи­цуулж нийгэм өөрч­лөгд­дөггүй юм. Үүнийг Ц.Ням­дорж ойл­гох хэрэгтэй гэд­гийг зо­риуд хэлмээр байна.

 

 

Та бүхнийг урвагч, тун удахгүй Н.Алтан­хуяг Ерөнхий сайдын бөөр рүү нь хутга зоо­чихооод орхиод явна, харж л байгаарай гэж байсан?

 

Өдий насны хvн үр­гэлж л хутга зооно, буудна дорбинкдоно, уст­гана зай­луулна гэж ярих нь ямар вэ гэдгийг ядаж бо­дох хэрэгтэй дээ. Юманд утга учир билэг дэмбэрэл, хол ойрын үр дагавар гэж байдгийг ойл­го­доггүй нь харамсалтай. Урвагч шар­вагч гэнэ үү. Ер нь хэн хэнээс урвасан юм. Бодъё л доо. Бид­нийг намаасаа урвасан гээд байгаа юм уу. Би анх ямар намд элссэн тэр намдаа л байж байна шүү дээ. 1981 оны тавду­гаарын сарын 1-ний өдөр би МАХН-д элссэн. Өөрийн­хөө итгэл үнэмш­лээр үйл ажиллагаа, дү­рэм журмыг нь хүлээн зөвшөөрч энэ намын тө­лөө тууштай тэмцэнэ, ийм үзэл бодолтой хүмүүстэй хамтарч ажиллана гэж элссэн юм. Өнөөдөр би энэ үзэл бодолдоо үнэнч хэвээрээ л байгаа.

Гэтэл Ц.Нямдорж ямар намд байгаа юм. Анх элссэн нам нь мөн юм уу. Ц.Нямдорж анх МАН-д элссэн юм уу. Дарга дагаж далда­га­наж, олигархи дагаж омой­тож яваад МАН д орчихсон яваа юм биш биз дээ. Ингээд бодо­хоор харин хэн нь хэ­нээсээ урваад байгаа юм бэ?

Ер нь хамгийн муухай юм бол хүн өөрөө өөрөө­сөө урвах явдал гэж би үздэг. Орчин нөхцөлдөө тааруулж, өөрөө өөрий­гөө худалдаж байгаа бол тэр харин том урвалт. Тиймээс ч нөгөө талаас нь бодоод үзвэл би на­маас гарч өөр намд орохыг урвалт гэж үзэхгүй байна. Нам гэдэг бол үзэл бодлоороо нэгдсэн хү­мүүсийн нэгдэл.

Гэтэл үзэл бодол таарахгүй бол яах юм бэ. Өнөөдөр МАХН-ыг зарим хvмvvс нэрийг нь солиод, үзэл баримтлал vнэт зvйлсийг нь үгүй хийхийг санаар­хаж  огт танигдахгүй нам болгохыг оролдлоо шүү дээ.  Монголын тусгаар тогтнол, ард түмний сайн сайхны төлөө нам байс­ныг одоо тэд хувь, хэсэг бүлгийн эрх ашгийн тө­лөө хөөцөлддөг ,албан тушаал эрх мэдлийн тө­лөө, өнгө мөнгөний төлөө хөөцөлддөг олигархийн нам болгохыг оролдож байсан биздээ. Ийм хү­мүүстэй санал бодол, үзэл баримтлал нэгдэхгүй байгаа хvмvvс байгаа бол эртхэн зам мөрөө бодсон нь дээр биздээ. Тийм уч­раас богинохон бодол, атаа хорслоор бүдүүлэг үг, давилуун зангаар шу­дарга, зарчимч гишүүд дэмжигчдээ хазаарлан хорьж, дарангуйлан за­хирч чадахгүй гэдгээ ойлгодоггүй юм байх даа. Монголчууд бид урт хэл хүзүү орооно гэж ярьдаг даа.  Хүн болгон руу сөр­вөлзөж нус нулимсаа үсэргэж явдаг зан бол Монгол зан биш.

Монгол хүн гэгээлэг, буян номын учир ойлгодог, урдах хойдохоо боддог, үргэлж сайн сайхныг дээдэлж билэгдэж  явдаг ард тү­мэн. Тийм учраас юм бү­хэнд хорссон атаархсан сэтгэлээр ханддаггvй өршөөж уучлах өгөөмөр сэтгэлээр хандахыг урь­тал болгодог ард түмэн шүү дээ. Буруу бодол, буруу үйл,  буруу үг хэл­лэгийн үр дагавар нь өөрт нь эргээд ирдэг гэдгийг үргэлж тунгааж байдаг. Тиймээс л нийгэмдээ зо­хи­цож өөрчлөгдөх ёстой гэж хэлээд байгаа юм. Түүнээс бус нийгмийг өөр­төө тохируулах гэж нэгэн суурин дээрээ ялбайж, ялзарч сууж болохгүй ээ. Тэгээд түүнийгээ туйлын үнэн гэж боддог. Бас ша­лихгүй мөртлөө давилуун зантай.

Хол явахгүй мөрт­лөө дээрэлхүү байдлаар асуудалд хандах нь ний­гэмд өөрийгөө хэн ч биш болгож харагдуулж бай­на. Хүн чинь төрд ажил­ласан хугацаандаа ялан­гуяа тэтгэвэрт гарах үедээ ажил төрлийн түүхэн зам­налаа эергээр  ард тү­мэндээ үнэлүүлж чадвал  энэ насны буян болох учиртай. Гэтэл урд өмнө хийсэн бүтээснээ ухаан­гүй алхам, болчимгүй үйлд­лээсээ болж, төгс­гөлийн шатанд бүгдийг нь баллуурдаж, хар мөртэй гарвал насан туршдаа өөрөө өөрийгөө зүхэж, өөртэйгээ тэмцэлдсээр байгаад дуусах болно шүү дээ. Өөрөө л ха­рамсах болно доо.

 

 

Ер нь байдал яа­гаад бүр иймдээ тул­чих­сан юм бэ?

 

Би хэзээ ч эхэлж хүн рүү чулуу шиддэггүй. Тийм­дээ ч өдий болтол олон удаагийн дайралтыг дуугүй өнгөрөөсөн. Орой бүр телевизээр Улаан, Тэрбишдагва, Чулуунбат нарын урвагчдыг гарсны дараа манай намд 5000 хүн орж ирлээ. Бид эд­нээр дутахгүй гээд л зар­лаад байгаа. Тэгвэл тэр 5000 хүнээ л яриач дээ. Яагаад нөгөө гурвыг да­хин дахин яриад байгаа юм бэ. Үүгээрээ 5000 нь харагдахгүй нөгөө гурван хүн нь үгvйлэгдээд байна гэдгээ өөрөө хүлээн зөв­шөөрч байгаагаа мэддэг­гүй юмуу даа. Бүгдийн мэд­дэг нэг кинонд гардаг Дулмаа минь санагдаад байна гээд уйлж байдаг шалихгүй эр шиг л байх юм.  Бид алхам тутамд нь үгүйлэгдээд байгаа юм байна л даа. Үгvйлнэ дээ чи намайг үгүйлнэ гээд дуулаад  байдаг шиг юм болох нь байна шүү. Тийм учраас нийгмээсээ, сайн санаат хүмүүсээсээ ингэж зохиомлоор холдох нь өөрт нь хохиролтой байх­гүй юу.

Урьд нь Ц.Нямдорж ийм хүн байгаагүй. Аль өнгөтэй, өөдтэй, сайн бүхнээ хялайж үзсээр байгаад одоо нөмөр нөө­лөг, түшиг тул­гуур­гүй бо­лох, нөхөрлөх нөхөргүй ганцаараа болж байгаа нь харам­сал­тай. Зөвхөн бухимдлаар амь­дарч бол­доггvй юм шvvдээ. Үүнээс бид сургамж авах хэрэгтэй. Адгийн наад зах нь ийм болж зөнөг­лөхгүй юмсан гэж бодох хvн олон байгаа байх шүү. Улс төрийн зөнөглөл гэж шинэ хэллэг гарлаа. Хүн биологийн наснаа­саа өмнө оюун ухаан нь хөгшрөхийг зөнөглөл гэх байх л даа. Хүний эрхт­нүүд өөр өөр нас­тай бай­даг. Тэгэхээр Ц.Ням­дор­жийн сэтгэлгээ нь биоло­гийнхоо наснаас түрүү­лээд хөгширчихсөн юм биш байгаа даа хөөрхий. Уг нь бол сэтгэлгээ нь залуу байх ёстой юм. Ингэвэл урт насалж, эрүүл саруул байна. Ний­гэм, олон түмэн­дээ сайн үйл хийнэ. Тиймээс улс төрийн зөнөглөлөөс сэр­гийлэх хэрэгтэй.

Хэдэн жилийн өмнө Японы нэг судлаач “Мон­голчуудад тархины ту­раал хэмээх өвчний шинж тэмдэг илэрч байна” гэж бичсэн байсан. Би хувь­даа энэ өвчин улстөрч­дөд тусаад дараагийн шатанд шил­жихээрээ улс төрийн зөнөглөл болж болох юм гэж бодох бол­лоо. Өөрөөр хэлбэл, эмч­лэгдэх түв­ш­нээсээ давж, засал авахаа больсон үедээ шилжсэн болж таарч байна.

 

 

Чуулганы танхимд ингэж дураараа аашилж байхад на­мынх нь удирдлагууд нэг ч үг хэлэхгүй байсан?

 

Хүний өмнөөс ичих хамгийн хэцүү байдаг юм гэсэн. Тийм боло­хоор болох болохгүй зүйл яриад нийгмийн доог болж байгаа хүнээ­сээ бусад нь ичээд байгаа учраас дэмжиж үг хэлээгvй байлгvй дээ.  Байгаа байдлыг засья гэхээр наа­дах нь үг авахгүй байгаа байл­гvй дээ. Нөгөө засал авах үеэсээ өнгөрсөн гэдэг нь энэ биз. Өвчнөөр бол гурав, дөрөв дэх үедээ орчих­жээ. Эрүүл саруул хүмүүс нь үг хэлээд нэмэргүй гэж үзэж байгаа учраас бусад нь юм хэлсэнгүй гэж би хувьдаа бодсон.

 

 

Засгийн газрын тухай асуу­далд анхаарлыг тань хан­дуулъя. Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүн ямар байх бол?

 

 

Ерөнхий сайд томилогдлоо. Түүнд хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх бол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх өөрийн саналаа оруулж ирж шийд­вэрүүлэх. Одоо нэгэнт хариуцах субъект нь томилогдсон учир асууд­лаа оруулж ирнэ. Үүнийг нь шат шатандаа хэлэлцэнэ. Тиймээс үүнээс өмнө ямар бодлого баримт­лах вэ гэдгийг би хэлж мэдэхгүй.

Гэхдээ Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхийн өмнө эвсэж байгаа нам, эвслүүд энэ талаарх асуудлыг хөндөж, урьдчилсан байр сууриа нэгтгэсэн. Мэдээж, шинэ Засгийн газар одоогийнхоос бүтцийн хувьд нэлээд өөрчлөгдөнө. Урьд нь цөөн яамтай гэж нэг талдаа ярьж байсан бол нөгөө талдаа агентлаг, товчоо, газар гэх мэт асар олон нэгжтэй данхар бүтэцтэй байсан. Тэгэхээр үүнийг илүү төвлөрөлтэй болгох, яамд дээрээ бодлого үйл ажилла­гаа нь төвлөрч, олон задгай нэг­жүүд нь цөөрсөн үйл ажиллагааны бүтцийг бий болгох чиглэл рүү ажиллах нэгдсэн ойлголттой бай­гаа.

Нөгөө талаар асуудалд өнгөц биш буюу харахад цөөхөн ч үзэ­хээр олон, яамдаас том агентлаг, товчоо, газар байдаг хоосон дүр зургийг өөрчлөхийн төлөө ажиллая гэж тохирсон. Ил харагдах хэсэг нь харагдаг. Аль болох далд бүтцийг багасгая гэж байгаа. Тэгэхээр төсвийн орлогоос сорж амьдардаг төв, газар, товчооны тоо цөөрч, агуулгын хувьд Засгийн газрын бүтэц илүү товчхон болох юм. Үүнээс олох ололт нь чадварлаг, мэргэшсэн болоход байгаа юм.

 

 

Тэгвэл эвслийн зүгээс хэдэн яамыг толгойлох вэ?

 

Бид хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Шадар сайдаас гадна гурван яамыг авна. Тэдгээр нь Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам байна.

 

 

Нэг хэсэгШударга ёсэвс­лийг Засгийн газарт орохгүй гэсэн яриа гарсан. Энэ нь МАХН-ын даргыг шүүхээс ялалсантай холбоотой байсан гэх. Үнэхээр тийм шийдвэрийг гаргаж байсан юм уу?

 

 

Энэ бол эвслийг Засгийн газарт битгий ороосой гэж бодсон хүмүү­сийн явуулсан бодлого. Бид эвсэлд хамтарч ажиллана гэдгээ өмнө ч тодорхой зарласан. Харин хамтарч ажиллахдаа бид хууль зөрчдөг, ардчиллын үнэт зүйлсийг үгүйс­гэдэг, хэлмэгдүүлэлт бий болгодог үйл ажиллагаа явуулахгүй гэдэг зарчмаа мөн зарласан. Тиймээс ч хамтарч байгаа намууд бүгдээр энэ тал дээр тус тусын мэдэгдлээ гаргасан байгаа.
 

 

МАХН төрийн өндөр албан тушаалд очиж байгаа болохоор намынхаа даргыг ялгүй үлдээнэ гэсэн яриа байна. Үнэхээр ч тийм зүйл гарч болох юм?

 

Үүн дээр хардаж, сэрдээд байх асуудал байхгүй. Бид бүгдээрээ шударга ёсыг тогтоож, ардчиллын үнэт зүйлс, эрх чөлөөг баталгаа­жуулах, Монгол улсдаа хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулахын төлөө зориг шулуудаад ажиллаж байгаа. Гэтэл яагаад бидний энэ зорилгыг өнөөдрийн нам, эвслийн удирдлагын асуудалтай хар­шил­дуулж тавиад байгаа юм. Тэр хүн шударга ёсны төлөө тэмцэж, шу­даргаар явж байгаа. Түүнд анхан шатны шүүхээс оногдсон ял шу­дарга ёсонд нийцэж байна уу гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Яагаад гэвэл шүүх хурлыг ард түмний нүдэн дээр ил явуулсан. Тийм учраас энд хоо­рондоо харшилдаад байх зүйл байхгүй гэж бодож байна.

 

 Гэхдээ энэ нь хоёр талтай байж болох уу. Хэрэв шүүхийн шийдвэр хүчингүй болбол та бүхнийг нөлөөлсөн гэж үзэж болох. Харин хүчинтэй болвол Ц.Нямдорж гишүүн та бүхнийг даргыгаа шоронд суулгасан, албан тушаалын төлөө юуг ч золиослох хүмүүс хэмээсэн нь үнэн болж таарах?

 

Бүх асуудал хоёр талтай. Гагц­хүү аль талаас нь авч үзэх вэ гэдгээс их зүйл хамаарна. Түүнчлэн хэн яаж харж байна вэ гэдэг нь мөн хоёр талтай шүү дээ. Боловс­рол­той, соёлтой, гэгээрсэн, хүнлэг хүн бол асуудлыг дандаа болох, бүтэх, алдаа эндэгдлийг засах, амжилт ололтыг баталгаажуулах талаас нь ярьдаг зүй тогтолтой.

Мэдээж нөгөө талд нь бүх зүйлд үргэлж гомдож явдаг, бүгдийг хараар хардаг, харлуулахыг хүсдэг, ямар ч зүйлд сэтгэл нь ханадаггүй хэсэг нийгэмд бий. Тиймээс бүх хүнд нийцсэн шийдвэр гарах нь эргэлзээтэй л дээ. Гэхдээ олонхи нь эерэг үзэл­тэй, шударга үнэний төлөө байгаа гэдэг нь ойлгомжтой. Энэ ч үүднээс олонхийн эрх ашигт нийцсэн шийд­вэр гарна гэдэгт би итгэлтэй байна. Үүний төлөө ч бид тэмцэж байгаа.

www.Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих