АНУ медалийн чансаагаар тэргүүлэв

Олимпийн өрсөлдөөний талбарт үргэлжид хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн Америкийн Нэгдсэн Улсын тамирчид Лондонгийн олимпийн наадамд медалийн тоо болоод чансаагаар тэргүүлжээ. Тэд нийт 104 медаль хүртсэний 46 нь алт, харин мөнгө, хүрэл тус бүр 29-ийг хүртсэн байна.

1980 оны Москвагийн олимпийн наадмыг бойкотолсноос хойш олимп бүрт багийн амжилтаар манлайлж байсан америкчууд дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийн наадамд хятадуудад дийлдсэн. Нутгийнхаа талбарт нийт медалийн тоогоор илүүрхэж байсан хятадууд зуны XXX олимпийн наадамд харь орны талбарт түүхэндээ байгаагүй хамгийн олон алтан медаль зүүлээ. Гэхдээ амжилт америкчуудынх.

Америкчуудын ноёрхдог усанд сэлэлтийн төрөлд “Mandarin Mermaid” гэгдэх болсон Хятадын супер орхин Е Шивен хос алтан медаль хүртэж, дэлхий нийтийн шуугиулсан ч Лондон хотын “Aquatics Center”-т “Загасан хүн” Майкл Фелпс тэргүүтэй америкчууд медалийн ургац хурааж чадсан. Тэд усанд сэлэлтийн төрөлд боломжит 34 алтан медалиас 16-г нь өөрийн нэр дээр овоглуулж чаджээ. Хөнгөн атлетикийн талбарт Усаин Болт, Йохан Блейк нарын Ямайкийн спринтерүүд тэднийг хол хаясан ч хөнгөн атлетикаар АНУ-ын тамирчид 29 медаль хүртсэний ес нь алт байлаа.

Хятадууд уламжлал ёсоор бадминтон, усанд үсрэлт, гимнастик болоод ширээний теннисний төрлөөр илт давуу амжилт үзүүлэв. Дээрх төрөлд боломжит 38 медалиас 20-ийг нь хятадууд авчээ. Түүнчлэн хүндийг өргөлт болоод усанд сэлэлтийн төрлөөр 10 аваргатай болсон байна. Тэд нийт 38 алт, 27 мөнгө, 22 хүрэл, нийт 87 медаль хүртжээ.

Медалийн чансаагаар топ 10-т Их Британи /29-17-19/, ОХУ /24-25-33/, БНСУ /13-8-7/, Герман /11-19-14/, Франц /11-11-12/, Итали /8-9-11/, Унгар /8-4-5/, Австрали /7-16-12/-ийн баг тамирчид багтжээ.

Олимпийн талбарт өрсөлдсөн дэлхийн 205 орноос 85 нь медаль хүртэж чаджээ. Монгол Улсын баг тамирчдын тухайд хоёр алт, гурван хүрэл медальтай медалийн чансаагаар 56 дугаар байрт бичигдсэн амжилттай Лондонгийн олимпийг үдлээ.

С.ЦЭЛМЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих