Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Увс аймгийн цагдаагийн мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна
УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгаж байгаа. МАН-аас Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабт ажилласан хоёр залууг мөн саатуулан шалгаж байгаа юм.
Тэднийг сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод мөнгө тараах ажлыг зохион байгуулсан гэх үндэслэлээр Увс аймгийн Тагнуулын газарт шалгаж байгаа билээ.
Тариалан сумын нэг хот айлын арван иргэн дээрх залуусыг 100, 100 мянган төгрөг тараасан гэх баримтыг хуулийн байгууллагад авчирч өгснөөр Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг сонгууль будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Увс аймгийн мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна.
Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сурталчилгааны үеэр “21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно” хэмээн ярьж явсан гэнэ. Энэ нь мэдээж Сонгуулийн хууль зөрчиж байгаа. Мөн Өмнөговь сумын Ардын намын байранд хотоос аваачсан оюутнуудыг цуглуулж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах нь тус бүр 150.000 төгрөг тараагаад МАН-ын төлөө ажиллахыг хүсчээ.
Мөн Улаангом сумын иргэн Б.Цэгээгийн гэрт Б.Чойжилсүрэнгийн туслах Н.Ариунтуяа орж, гэрийг чинь түрээсэлж сонгуулийн штаб байгуулъя” гэхэд айлын эзэгтэй зөвшөөрөөгүй юм байна. Гэтэл Н.Ариунтуяа “Чойжилсүрэн гишүүнийг дэмжээрэй” гэж хэлээд 100 мянган төгрөг өгөхөд нь айлын эзэгтэй цагдаа дууджээ.
Түүнчлэн Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөхдөө Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэнгийн нэрийг дугуйлахыг давхар сануулаад явсан байна. Үүнд нь дургүйцсэн иргэд сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргасны дагуу АН-ынхан баримтжуулж байжээ.
Б.Золбоо
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=59514
URL: