Н.Энхбаярын “нэхэл”

Өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэм зэмгүй таван иргэнийхээ амийг цаг бусаар авч одсон Монголын төр бүхэлдээ гацаж, энэ “саажилт” нь сар шахам үргэлжилсэн. Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа нар Бээжингийн олимпоос медаль авсаны дараа Монголын төрийнхөн сая сэхээ аван улс төрийн хэлцэлд орж, хамтарсан Засгийн газар байгуулагдан УИХ хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Үүнтэй адил үйл явдал энэ удаагийн олимпийн үеэр ч мөн давтагдлаа. МАН-ын гишүүдийн эсэргүүцлээс болж бас л сар шахам үйл ажиллагаа нь тасалдаад байсан УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн ажилдаа орж, шинэ Ерөнхий сайдаа батламжиллаа. УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд ч гэсэн хурал чуулгандаа оролцох, УИХ-д бүлэг байгуулахаа илэрхийлэв. Нэг ёсондоо өөрсдөөс нь шууд бус хамааралтай өөр нэгэн хүчин зүйл Монголын улс төрийг гацаанаас гаргадаг “моод” дэлгэрээд байх шиг. Энэ нь чухам мухар сүсэг үү, үнэн сүжиг үү гэдгийг хэлэхэд хэцүү. Ямартай ч жам ёсны юмыг жамаар нь аваад явчих хүсэл сонирхол, сэтгэлийн тэнхээ манай улстөрчдөд илт дутагдах болсон шиг.

Гэхдээ шинэ Ерөнхий сайдыг томилох ажлыг Н.Түвшинбаярын хос медаль л урагшууллаа гэж хэлбэл бас хуурмаг зүйл болно. Үнэн хэрэгтээ МАН-ын бүлгийнхэн чуулганд оролцохоо илэрхийлсэн явдал ч бус, харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн өмнө хийсэн улс төрийн тохиролцоондоо үнэнч үлдсэн явдал улс төрийн энэ өрнөлийн гол учиг нь байлаа. Харин хуулиас давсан хүсэл сонирхлоосоо болж УИХ-д бүлэггүй үлдэх хүртлээ доош ороод байсан МАН-ын хувьд аргагүйн эрхэнд олонхийнхоо шийдвэрийг дагахаас өөр гарцгүй болсон хэрэг.

“Шударга ёс” эвслийнхний хувьд хамтарсан Засгийн газарт орохоос хамгийн их бэргэж байсан зүйл нь Н.Энхбаярын шүүх хурал, хамтрагчид маань “Үндэсний их удирдагч”-ийг шорон луу илгээчихвэл яах вэ гэдэг ичингүйрэл. Тиймээс ч Н.Энхбаярт шүүхээс дөрвөн жилийн ял өгсөний дараа УИХ-д сонгогдсон эвслийн гишүүд “Бид шударга бус шүүхтэй улс төрийн аргаар тэмцэнэ, Засгийн газарт хамтрах асуудлаа ч гэсэн эргэж ярина” гэж жаал дэвсэн. Эцэст нь Удирдах зөвлөлөө хуралдуулж, “Улс орны эрх ашиг хувь хүний эрх ашгаас хуруу дээгүүр юм байна. Өмнө хийсэн улс төрийн хэлцэл хэвээр үлдэх ёстой. Шүүхийн шийдвэртэй холбоотой гомдлыг шүүхийнх нь журмаар шийдвэрлэх нь зөв” гэсэн шийдэлд хүрч, Засгийн газрыг шинэчлэн байгуулах ажиллагаа сая нэг голдрилдоо орсон билээ. Эвслийн нөхөд энэ байр сууриа ирэх дөрвөн жилийн турш хадгалж чадвал сайн л хэрэг. Тэгж байж тэдний улс төрийн хүсэл зорилго илүү ойлгомжтой болж, Н.Энхбаяргүйгээр улс төрд оршин тогтнох боломжтой болно. Үгүй гэвэл өмнөх шигээ “Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид” төдий нэртэйгээр улс төрийн намтраа дуусгах биз.

Мэдээж хэрэг тэдэнд ч гэсэн гомдол байгаа. Зөвхөн тэд гэлтгүй тэднийг тойрон хүрээлж, өмгөөлж хамгаалж байгаа олон хүн шүүх хурлын дараа сэтгэлдээ гомдолтой үлдсэн байж магадгүй. Тэр бол “Яагаад Н.Энхбаяр гэдэг хүн ганцаараа буруутгагдаж байгаа юм бэ” гэдэг асуулт. Үүнд мэдээж шүүх хурлын процесс шударга явсан уу, нотлох баримтууд хангалттай байсан уу, улс төрийн нөлөөлөл орсон уу гэх мэт асуултуудыг хамааруулахгүй. Тэртэй тэргүй гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлыг иргэд телевизүүдээр бүтнээр нь харсан юм чинь, нэмэлт хачир хийгээд байх шаардлагагүй. Ямартай ч шүүхийн шийдвэрээс болж Монголын нийгэм тэгтлээ цочирсонгүй, иргэд жагсч цугласангүй, эсэргүүцэл үзүүлсэнгүй. Харин анхаарал татаж байгаа ганц асуудал нь “Энэ бүх хэргийг Н.Энхбаяр ганцаараа үйлдсэн үү. Хамсаатнууд нь, гар хөл нь хаачсан бэ, хаана тасраад үлдчихэв ээ” гэдэг асуулт.

Түүнийг яллаж байсан таван хэргээс хоёр нь шүүхийн шатанд “нотлох баримт хангалтгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж, Нийслэлийн өмчийн “Өргөө” зочид буудлыг үнэгүйдүүлж авсан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг байгуулах нэрээр хуурамч компани байгуулан 3,9 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан, “Улаанбаатар таймс” сонины нэрээр хэвлэх үйлдвэрийн байшин болон түүний доорх газрыг /өнгөрсөн удаа УИХ парламентын ордон барихгүй газаргүй болоод тус газрыг худалдаж авья гэхэд 3,4 тэрбум төгрөг нэхсэн ч билүү, тэр нь багадсан ч гэлүү нэг яриа байдгийг бодоход үйлдвэрийн нурсан байшинд биш, доорх газарт нь үнэ цэнэ нь байдаг бололтой/ хууль зөрчиж авсан гээд гурван хэрэгт нь дөрвөн жилийн ял сонсгосон билээ.

Н.Энхбаяр шүүх хурал дээр өөрөө ч хэлж байсан даа. Энэ бүх хувьчлал энэ тэр чинь ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагатай холбоотой асуудал. Ерөнхийлөгч хүн “Наад компанитайгаа гэрээ хий, ган бөмбөлөг нийлүүлнэ” гээд утасдаж суух зав чөлөө ч байхгүй гэж. Энэ ч гэсэн түүний хэлэх л ёстой үг. “Эрдэнэт”-ийн захирал Х.Наранхүү “Ерөнхийлөгч утасдсан учраас” гээд, хотын захирагч асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Б.Билэгт нар “Ерөнхийлөгчийн эхнэр авах гэж байгаа юм” гээд хуулийг уландаа гишгэсэн бол тэр хүмүүс ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл утасны нэг үзүүрт байсан Н.Энхбаяр гэмтэн болж, нөгөө үзүүрийг атгаж байсан албан тушаалтнууд гэм зэмгүй хоцорч байгаа шударга уу. Авлига хэмээх аалзны торыг Н.Энхбаяр гэдэг хүн ганцаараа нэхсэн гэж үү.

Хачирхалтай нь Н.Энхбаярын хэргийг гэрчилсэн, мэдүүлэг өгсөн гэх тэр хүмүүс, хамт яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан дээрх хүмүүсээс нэг нь ч шүүх хуралд биечлэн оролцоогүй. Бичгээр “Н.Энхбаярын дарамт шахалтын үүднээс энэ бүх шийдвэрүүдийг гаргаж байсан” гэдэг мэдүүлэг гаргаж өгөөд явцгаасан гэж байгаа. Т.Билэгт нь АНУ руу албан ажлаар явлаа гэж зугтаад АТГ-аас хоёр жил шахам эрэн сурвалжлуулсны дараа шүүхийн шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө намынхаа Бага хурал дээр инээд алдаад сууж байсан. Нөгөөдүүл нь УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нэрээр хэргээ тусгаарлуулсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Тэд хэний хамгаалалтад орсон бэ?!

Уг нь бол хотын захирагчийн, НИТХ-ын даргын, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын ч шууд удирдлага нь Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд ч биш. Мөн байлаа ч тэднийг дуудаад хууль бус шийдвэр гаргуулахаар шахсан бол “Чадахгүй” гэх эрх, бас хариуцлага нь энэ хүмүүст бий. “Үгүй” гэснийхээ төлөө үсрээд л ажлаасаа халагдана биз дээ. Ямар ч байсан амьтан хүний хараа идээд, АТГ-ын өмнө чулуу няслаад сууж байхгүй нь лав. Гэтэл улаан цайм хууль зөрчсөн санал тулгаж буй нөхөртэй хүзүү сээрээрээ хөтлөлцөөд, нэг хүний төлөөнөөс нийтийн эрх ашгийг хохироогоод, түүнийгээ амьдрах арга хэрэгсэл, албан тушаал ахих шат гишгүүр болгоод явж байгаа хүмүүсийг хуулийн байгууллага хаацайлах биш, хариуцлага тооцдог байх учиртай.

Н.Энхбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэртэй давж заалдахаа хариуцлагатайгаар мэдэгдэнэ лээ. Дээд шүүх хүртэл даваад, ял хасагдах зарчмаар хэдэн шат явлаа гэхэд дөрвөн жилийн ял нь дөрвөн сарын тэнсэн болоод дуусч ч мэднэ. Гэхдээ л энэ нь төрийн хууль түмэн олонд нэг нүүртэй байхын илэрхийлэл, дараа дараагийн хүмүүст өгөх сургамж. Эрх мэдлийг хуулийн дээгээр, хувийнхаа ашиг сонирхлыг улс үндэсний эрх ашгийн өмнүүр тавьж сурсан хүмүүст “буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээж” мэдэх юм байна, оймсоо гозолзуулаад, эхнэр хүүхдээ түмний нүдэн дээр уйлуулаад ачигдах юу ч биш юм байна гэдэг мэдрэмж, цочроог өгч байгаа хэрэг. Харин үүнийгээ зөвхөн Н.Энхбаяраар хязгаарлаад өнгөрнө гэвэл нөгөө Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “авлигатай газар бүрт, шат бүхэнд тэмцэх”, шударга ёсыг тогтоох, хуулийн өмнө хүн бүр тэгш байх зорилт, нийгмийн хүлээлт үр дүнгүй болж мэднэ. Эсрэгээрээ “улс төрийн өшөө авалт”, “өрсөлдөгчөө дарах гэсэн” төдий үйлдэл болж үзэгдээд өнгөрч ч магадгүй.

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих