Түүхэн амжилт
Токио-1964 зуны наадамд анх оролцсоноосоо хойш Монголын баг дандаа эх газарт явагдсан олимпийн наадамд оролцож иржээ. Японы Хоншюү арал тэр үед анх олимпод хөл тавьсан монголчуудад медаль зүүлгэж ивээлээ хайрлаагүй. Харин энэ удаа манай баг Британийн арал дээр бяр хүчээ гайхуулан өрсөлдөж байна. Одоогоор Бээжин-2008 олимпийн аварга Н.Түвшинбаяр мөнгө, дэлхийн аварга С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер С.Ням-Очир нар хүрэл медаль хүртээд байна. Боксчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар хүрэл медалийн болзол хангаад, улмаар медалийн өнгийг хувиргах тулаанд бэлтгэж байгаа. ХХХ олимпийн наадам өндөрлөхөд дөрвөн хоног дутуу, манай есөн тамирчин тулаанд орохоо хүлээж байгаа болохоор медалийн тоо цааашид ч өсөх, өнгө нь ахих биз ээ.
Нөгөө талаар Мехико-1968 (Ж.Мөнхбат-мөнгө, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг-хүрэл), Москва-1980 (Ж.Даваажав, Ц.Дамдин-мөнгө, Р.Даваадалай, Д.Оюунболд-хүрэл), Бээжин-2008 (Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган-алт, О.Гүндэгмаа, П.Сэрдамба-мөнгө) олимпоос тус бүр дөрвөн медальтай буцаж байсан Монголын баг энэ удаа Будант Альбионоос дор хаяхад таван медалийг богцлох нь тодорхой байгаа юм. Улсын эдийн засаг өсч, эртний түүхт Монгол улс маань хөгжих дэвших өнгөндөө орсныг манай алдарт тамирчдын ялалт амжилт давхар давхар зөгнөж буй мэт ээ. Их үндэстэн сэргэж байна. Уухай, уухай, уухай !!!
Лондоны олимпийн наадамд хүрэлцэн ирсэн Монголын шигшээ баг урьд өмнө байгаагүй хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр “дэвж шавж” буй. Манай шилдгийн шилдэг 30 тамирчны дунд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолтон дөрөв (Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар, П.Сэрдамба), Монгол Улсын гавьяат тамирчин цолтон найм (М.Бундмаа, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, Б.Сэр-Од, Б.Наранбаатар, О.Бурмаа, С.Батцэцэг, О.Насанбурмаа) лав байна. Энэхүү олимпийн наадмаас од шүүрч ирээдүйд алдар гавьяагаа үнэлүүлэх ирээдүйн баатар, гавьяатууд ч тэдний дунд олон бий. Түүнчлэн манай багийн бүрэлдэхүүн, багш дасгалжуулагчдын дундах төрийн хүндэтгэл ёслолыг хүлээсэн цөөнгүй эрхмийг энд жагсаахад дуусахааргүй. Жишээлэхэд Үндэсний шигшээ багийн улсын дасгалжуулагч Ч.Насантогтох, Монгол Улсын ардын багш Ц.Дамдин, О.Балжинням тэргүүтэн гавьяатуудаас гадна чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүнд өөр нэг баатар Асашёорюү Д.Дагвадорж ирсэн билээ.
Сонирхуулахад олимпийн наадамд оролцсон анхны баатар тамирчин бол Б.Бат-Эрдэнэ аварга билээ. Гурван олимпийн наадамд оролцохдоо тухай бүрт Монголын багийн тугчаар ажилласан тэрээр Сидней-2000 олимпийн наадамд ийм статустай очсон юм. Аварга маань үндэсний бөх, жүдо, самбо, сонирхогчийн сүмогийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1998 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Нөгөөтэйгүүр Бээжин-2008 олимпоос анхны олимпийн аварга цол хүртсэн Монголын баг энэ нутагт анх удаа аваргаа хамгаалахаар ирснийг онцлох хэрэгтэй юм. Түүнчлэн олимпийн медальтан дөрөв, дэлхийн медальтан 11 байгаа нь урьд өмнө байгаагүй хүчирхэг баг Монгол Улсаас олимпийн наадамд ирснийг илтгэнэ.
Б.ЦАГААНБААТАР
(Лондон хотоос)
URL: