Оюутнууд таны тоглоом юм уу, Ё.Отгонбаяр сайд аа

Засгийн газар, Боловсролын сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн намар хичээлийн шинэ жилийн “сюрприз” болгон цочир хийсэн мэдэгдлээс бол оюутны сургалтын төлбөр даруй 25-50 хувь нэмэгдээд байгаа. Хүний хөгжлийн сангаас сургалтын төлбөрийн 50 хувийг төлнө гэнгүүт их, дээд сургуулиуд төрийн хувийн гэлгүй уралдан хуралдаж, эзэнгүй мөнгөнөөс ихээхэн хувь хүртэхээр төлбөрөө нэмсэн билээ. Харин Засгийн газар 500 мянгыг л өгнө гэв. Хичээлийн жил дуусч байхад одоо хүртэл өгөө ч үгүй юм байна.

Өчигдөр ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн захирал нэг ангийн 30 хүүхдээс арвыг нь төлбөрийн зөрүү хийгээгүй гэдэг үндэслэлээр сургуулиас хасах тушаал гаргажээ. Тус сургуулийн сургалтын төлбөр өнгөрсөн жил 990 мянган төгрөг байснаа энэ жил сая 250 мянга болж нэмэгдсэн, яг 25 хувиар. Гэхдээ сургалтын кредит цаг бол нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл Боловсролын сайдын яриад байгаа “инфляцийг тооцсон 13 хувийн нэмэгдэл”-ээс дариу хоёр дахин өндөр гарсан гэсэн үг. Энэ бол Засгийн газар оюутнуудад “Төлбөрийг чинь төлж өгнө” гэж бэлэн амласны л гай. Тэгээд өнөөдөр тэр мөнгөө өгч чадаагүйгээс болоод сургууль нь багш нарынхаа цалинг тавьж чадахаа больж, хамгийн гол нь оюутнууд сургуулиасаа хөөгдөхөд хүрээд байна. Жамаараа явсан юмыг Засгийн газар жам бус юмаар гацаасны гай энэ. Уг нь сүүлийн 2-3 жил сургалтын төлбөр, оюутны билет гэсэн улиг болсон хэрүүлээс овоо нэг салж, нэг нь төлж, нөгөө нь төлүүлж сураад байсан юм.

Тус сургуулийн оюутнууд өнгөрсөн намар хичээлдээ орохдоо сургалтын төлбөрөө сая төгрөгөөр тооцон 50 хувь болох 500 мянгыг төлсөн аж. Үлдсэн 500 мянгыг төр төлнө гэсэн учраас. Харин одоо төр мөнгөө төлөөгүйд уурссан сургуулийн захиарлууд чаддагаар нь хэдэн оюутнаа дээрэлхэж, төлбөрийн 250 мянгыг төлсөнгүй хэмээн сургуулиас хөөсөн байна. Хичээлийн семистр дуусахад дахиад гурван сар дутуу байхад. Ингэхэд оюутнууд ямар тоглоом юм уу, Ё.Отгонбаяр сайд аа.


URL:

Сэтгэгдэл бичих