Google корпораци 22,5 сая ам.долларын торгууль төлнө
АНУ-ын Холбооны Худалдааны Комисс пүрэв гаригт нэгэн мэдэгдэл хийлээ. Apple корпорацийн Safari веб хөтчийг ашигладаг хэрэглэгчдийн нууцлалын тохиргоог алдагдуулсан хэргээр Google корпораци 22,5 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болжээ.
Google “cookies“ гэгддэг компьютерийн кодыг хэрэглэгчийн компьютерт суулгаж, веб үйл ажиллагааг нь хардаг байсан байна. Гэхдээ Google хэргээ хүлээн зөвшөөрсөн учир шүүхэд хэрэг үүсгэлгүй, торгуулиа төлөөд салж байгаа юм.
Google, Facebook корпорациуд нь ашгийн ихээхэн хэсгээ хэрэглэгчийн мэдээлэл цуглуулж олдог бөгөөд, хууль сахиулагчид болон нууцлалыг хамгаалах ажилтнууд эдгээр компаниуд хэрэглэгчдийн нууцлалыг хамгаалах ажил хангалттай хийхгүй байна хэмээн шүүмжилдэг юм.
“Хэр том жижиг компани байгаагаас үл хамааран бүх компани ХХКомиссын дүрэм журмын дагуу ажиллаж, хэрэглэгчдийн нууцлалыг хангах ёстой” хэмээн ХХКомиссын дарга Жон Лейбовиц хэлсэн байна.
Google-д оноосон торгууль нь аль нэг компанид оноож байсан хамгийн өндөр торгууль боловч жилийн хоёрдугаар хагас гэхэд 12,21 тэрбум ам.долларын орлоготой байсан Google-ийн хувьд тийм ч их хохирол биш юм.
Ц.Мишээл
URL: