Нөөц нь дууссан гэх хэрнээ хятадууд ашиглаад байдаг

Цэргийн байгууллага, тэр дундаа хил хамгаалах албанд насаараа зүтгэсэн өвгөн офицер алба хаасан газраа дурсч, очихыг санагалзсаар наадмын дараахан морджээ. Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгуудаар Замын-Үүдээс гадна цаахна талд Бичигтийн хилийн застав гэж бий. Түүнийг залуу байхад хилийн энэ хэсгийг онцгойлон хамгаалах үүрэг, даалгаврыг дээрээс өгдөг байсны утга учир одоо л тайлагдаж байх аж. Учир нь, газрын тосны арвин нөөц баялагтай Дорноговь, Сүхбаатар аймгуудад өдгөө ихэвчлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд олборлолт хийж, хилийн яг энэ хэсэг газраар хэний ч хараанд өртөхгүй өдөр, шөнөгүй зөөсөөр байгаа аж. Судлаад үзвэл Зүүнбаянгийн газрын тосны ордыг нөөц нь дуусчихсан гэж орос ах нар хэлсэн гэнэ. Тэд ингээд 1970 оны үед Зүүнбаянгийн ордыг нам хааж байжээ. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн ярихыг сонсвол монголчууд газрын тостойгоо мэдчих юм бол цээжээ дэлдэж мэдэх улс, тэдэнд энэ талаар нь хэлээд ч дэмий хэмээн нууцалсан юм гэдэг.

Ардчилал, шинэчлэлийн үрээр бүх юм чөлөөтэй болж, Монгол нутагт Оростой хамтран хийж байсан газарзүйн эрэл хайгуул үргэлжилэх үед Зүүнбаянгийн орд нь нөөцгүй бүү хэл нөөцөөрөө асар их болохыг олж тогтоож. Гэхдээ үүнийг ард олноос нууцалжээ. Харин одоо энэ газарт хятадууд нохой шиг үүрлэчихээд шоргоолж шиг өдөр, шөнөгүй газрын баялгийг маань зөөж байгаа аж. Үүнийг нүдээрээ харсан өвгөн офицер үнэндээ хуучин цагаа дурсах гэсэн биш сэтгэлээр унаад Нийслэлд ирж л дээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар урагшаа гарч байгаа энэ заставаар л гэхэд хаагдсан гэж яригддаг, нөөцгүй гэх ордын газрын тосны бүтээгдэхүүн цистерн машинаар өдөр, шөнөгүй урд хил рүү гардаг байна. Нэг цистерн машин 40 тонны багтаамжтай, өдөрт 50 машин гардаг гээд бодохоор ямар тоо гарахыг та лав гадарлаа биз. Харин вагоноор аваад үзвэл нэг вагон 60 тонн багтаамжтай, 40 тонн нь хагасаас илүү вагон байна гэсэн үг. Тэгэхээр бид урд хөрш рүү өдөр бүр нөөцгүй гэх ордын газрын тосыг 25 вагоныг ямар ч үнэ өртөг, татвар, төлөөс авахгүй алдаж байгаа аж.

Уул нь бол хар алт гэж нэрлэгдэх нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн 2030 он гэхэд дэлхий даяар хомсдох тэр үед монголчуудыг тэжээх ганц бүтээгдэхүүн байлаа. Харин одоо бол үгүй. 2030 оны тухай сонссон дэлхийн бүхий л газрууд Монгол руу анхаарлаа хандуулчихсан өдөр, шөнөгүй хилийн боомтуудаар бидний газрын баялгийг зөөсөөр байна. Үнэндээ хяналт, хариуцлага гэдэг юм манай төрд алга. Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголтой бүтээгдэхүүн хуваах гэрээ хийчих л юм бол ямар ч замбараагүй, хараа хяналтгүй, улсад төлсөн нэг ч төгрөгний татваргүйгээр олборлолт хийсээр байна. Харин гэрээний биелэлт нь ердөө хангалтгүй. Яг ийм замаар л иргэдийн нүднээс далдуур эх орны маань баялгийг зөөгөөд дуусч байна шүү дээ. Хил хамгаалахынхан үүнийг мэддэг ч үнэндээ тэдэнд дээш ярьж, шүүмжлэл хэлэх тийм боломж байдаггүй аж. Дэмий л харамсч суудаг  тухайгаа ярьсан байна лээ. Уул нь бол тусгай зөвшөөрөл, олборлолтыг зогсоосон тухай мэдээлээд л байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр бүр ч эсрэгээрээ гэдэг нь харагдаад байгаа юм.

 

У.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих