Газар олгохоор амласан Э.Бат-Үүл хураахаар болов

Цагтаа шалихгүй хувийн улстөрийн зорилгоор хотын төвд трактор жагсааж явсан, өнөөдрийн шинэхэн мэр Э.Бат-Үүл эртнээсээ солигдмол Үүл нэртэй. Солигддог шинжээ аргагүй үзүүлэх шинжтэй болоод явчихлаа. Хотын дарга болохын тулд намаасаа баг бүрдүүлэн орон нутгийн сонгуульд өрсөлдөхдөө тэр газрыг чөлөөлөхийн тухай хачин их ярьсан сан. Газартай холбоотой ямар л хэрүүл маргаан, будилаан булхай байна бүгдийг шийднэ, иргэдэд ч чөлөөтэй газар олгоно…гээд л.

Гэтэл Улаанбаатар хотын захирагчаар батлагдсан өдрөө шахам хууль бусаар олгогдсон газрыг хураана гэж дуугарсан тухай сонсогдож байна. Мэдээж, хууль бусаар олгогдсон газрыг бол хэрхэн шийдвэрлэх арга зам, дүрэм журам нь Үүлтэй, Үүлгүй байдаг л байсан байх. Одоо ч яс чанар дээрээ Үүл өөрөө хотын дарга боллоо гээд хууль бусаар газар “олгох нь ойлгомжтой”. Хууль бус олголтыг цуцалсан нэрээр хэвлэлийнхний өмнө сүржин жүжиг тавиад маргааш нь өөрөө илүү өндөр үнээр дамлаж ч мэднэ. Ардчилсан намынхны цусанд байдаг төрмөл чанараар л тэр ч явна. Жинхэнэ тэр далд зорилгоо “хууль бусаар олгогдсон газар” гэх үгээр халхалж байгаа үнэр ханхийж байна.

Ямар ч л байсан газар олгоно гээд байсан ч солигдсон Үүл газар хураах нь тодорхой боллоо. Уг нь түүнийг газар өгнө гэсэн болохоор л Улаанбаатарчууд өнөөх америк киноны өрсөлдөөн шиг Яармагийн дэнжээр газар хатгаж, хашаа өрөөд жигтэйхэн их үймээн бужигнаан болсон шүү дээ. Тэрхүү хэрэг явдлын нүүрэн дээр иргэд Ардчилсан намын Лу.Болд, Ц.Оюунгэрэл хоёр газар олгоно, амжиж газар хатга гэсэн хэмээн ярьснаас биш нидэр дээрээ Э.Бат-Үүлийн л сонгуулийн амлалт байсан. “Э.Бат-Үүл амласан боло­хоор одоо тэр нь лав л Хан-Үүл дүүргээс эхлээд хэрэгжиж байгаа хэрэг” хэмээн иргэд итгэлтэйгээр Яармагийн дэнж рүү уралдаж давхисан хэрэг. Тэд итгэсэн байна гэдэг нь Ардчилсан намынханд саналаа өгсөн байна гэсэн үг. Тэр итгэл л Ардчилсан намыг хотод ялуулсан байна гэсэн үг.

Худлаа гэвэл, Яармагийн дэнжийн бужигнааны үеэр хүүхэд нялхсаа дагуулж, хөлсөө цутгуулсан хүүхнүүд “Э.Бат-Үүл даргыг газартай болгоно гээд байхаар нь л санал өгсөн. Гэтэл газар өгөх нь бүү хэл айлын хашаанд мөнгө төлж барьсан дөрвөн ханатай гэрт минь ч зүгээр суулгахгүй, нааш цааш гүйлгэж, автобус унааны өртөг дэмий хоосон зарцуулж, газаргүй болчихно гэж айж сандрах боллоо. Үнэхээр Э.Бат-Үүл газар олгоод эхэлбэл саналаа өгсөн юм чинь юмгүй үлдчихмээргүй байна. Өгсөн саналаа үнэлүүлмээр байна. Асар их гомдолтой байна…” гэж телевизээр ярьсан. Бүр газар олгоно гэсэн батламж хүртэл гэр хорооллоор бүхэлд нь тараасан байсан шүү дээ. Ийм л итгэл, найдвар төрүүлж солигдмол Үүл санал авсан юм. Солигдож байгаагаа нуухын тулд тэрхүү Яармагийн үймээний дараа “Хотод бодлогоо хэрэгжүүлэх эрхээ бүрэн аваагүй байхад та нар минь тэвчиж үз дээ …” гэсэн утгатай амлалтыг бас л хэвлэлээр тайлбарлаж амжсан. Тэгэхээр нь, “За Үүл жинхэнээсээ хотын дарга болчихоод бидэнд газар өгнө…” гээд хөлөө жийж суугаад хүлээж байсан нийслэлчүүдийн газрыг одоо Үүл хураахын тухай ярьж хяламхийлж эхэллээ.

Б.Очир

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих