Хэчнээн монголыг Хятадын шоронд илгээх вэ

Хууль хяналтынхан хар тамхи зөөвөрлөгчдийг баривчлах сонирхолгүй байдаг бололтой. Учир нь Зүүн өмнөд Азийн орнуудад хар тамхи зөөвөрлөн борлуулдаг «Алтан гурвалжин» бүлэглэлийн гишүүн гэгддэг Б.Хулан, Б.Халиун нарын «урилгаар» урд хөршид очсон Монголын олон иргэн Хятадын шоронд ял эдэлж байна. Мөн 30 гаруй хүн Монголд эрүүгийн хэрэгт татагдчихсан, шалгагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд Б.Хулан, Б.Халиун нарыг хууль хяналтынхан байтугай монголчууд мэддэг, бүр таньдаг болох нь ээ. Хар тамхины хэрэгт монгол хүн холбогдлоо, баригдлаа, ял сонслоо гэх бүрт дээрх эгч дүү хоёрын нэр холбоо үг мэт хамт яригддаг. Гэтэл өнөөг хүртэл тэднийг баривчилдаггүй нь тун ч хачирхалтай юм.

2003 онд Д.Энхбат агсныг С.Зоригийн аллагад сэжиглэн Франц улсаас хулгайлан, Германы нутаг дэвсгэрээр дамжуулан Монголд авч ирсэн байдаг. Тухайн үед үүнийг улстөрийн зорилготой гэх мэтээр элдвээр л тайлбарласан. Мөн тэрхүү хэргээс өмнө БНХАУ-ын аюулаас хамгаалахын ажилтнууд Монголын иргэн Ж.Соёлтыг Бээжингийн онгоцны буудалд баривчилж байсан. Шалтгаан нь тодорхойгүй байсан ч төд удалгүй «БНХАУ-аас хууль бусаар гарсан манай иргэн» учраас баривчилсан гэдэг хариу өгч байв.

Гэтэл Ж.Соёлт хууль ёсоор манай иргэн болсон нь нотлогдсон. Тиймээс Ж.Соёлтыг чөлөөлөхийг шаардсан мэдээлэл хэвлэл мэдээллүүдээр гарч, дипломат шугамаар авч байсан арга хэмжээнүүдийн үр дүнд 45 хоног саатуулаад чөлөөлж байсан. Энэ мэтчилэн тагнуул болоод дипломат байгууллагын асуудал олон бий. Гэтэл дэлхий нийтээр тэмцэж буй хар тамхины наймаанд нутаг нэгтнүүдээ золиосолж буй эгч, дүүсийг баривчлахад манай хууль хяналтынханд чухам ямар саад бэрхшээл байдгийг ойлгохгүй юм. 2000-2008 онд манай улсын 10 гаруй иргэн Хятадын нутаг дэвсгэрт хар тамхины хэрэгт холбогдож байсан гэдэг. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо эрс өсчээ. Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдолтой ял эдэлж байгаа болон шийтгэх тогтоолыг нь хараахан танилцуулаагүй 27 иргэн Хятадын шоронд байна. Өөрөөр хэлбэл, хар тамхины хэргээр ял эдлэх 27 хүн гэсэн үг. Мөн хар тамхины зөөвөрлөгч болсноор тус улсад амиа алдсан хүн ч бий шүү дээ.

Харин УМБГ-т Б.Хулан, Б.Халиун нарын бүлэглэлд элсэж, хар тамхи зөөсөн болон тээвэрлэхийг завдсан 20 гаруй сэжигтэн, яллагдагч байгаа. Дахиад Хятад, Хонгконг, Малайзад хэдэн ч монгол хүн тэдний гар хөл болж, амиараа дэнчин тавьж яваа юм бүү мэд. Монголоос ч гэсэн хэчнээн хүн өндөр цалинтай ажлын зарын дагуу Б.Хулан, Б.Халиун нарын зуучлагч нартай холбогдон, явах бэлтгэлээ хангаж байгаа юм бэ, хэн мэдэх вэ.

Энгийн жишээ хэлэхэд энд УМБГ-т байцаагдаж буй хүмүүсийн мэдүүлэг зэргээс «Алтан гурвалжин»-гийн эгч, дүүсийг баривчлах боломж бишгүй байдаг мэт. Тэд эндээс анхны уулзалтаа ямар хүмүүстээ хийж, зуучлуулан явсан зэргээс эхлэхэд эрлийн үзүүр аяндаа хөтлөөд очих баймаар юм. Тэр ч байтугай хар тамхины хэрэгтэй холбоотой дээрх эгч, дүүс Монгол Улсын өмч гэсэн Е серийн улаан паспорттой. Гэтэл тэднийг эрэн сурвалжилж буй тохиолдолд Е серийн паспортод нь яагаад хяналт тавихгүй байна вэ. Уг нь хуулийн дагуу хориг тавигдах ёстой. Гэтэл Б.Хулан, Б.Халиун нар Зүүн өмнөд Ази буюу Хятад, Хонгконг, Малайзад чөлөөтэй зорчдог тухай хэрэгт холбогдогчид нь ярьдаг. Энгийнээр тайлбарлахад “Е” серийн паспортод тамга дарах боломжтой 25 нүүр бий. Түүнд виз авахгүйгээр, зөвхөн хилээр нэвтрэх штамп дарууллаа гэхэд 60 орчим удаа л хилээр нэвтрэх эрхтэй гэсэн үг. Энэ нь зөвхөн визгүй оронд зорчино гэсэн үг.

Үндсэндээ Монголын маш олон иргэн БНХАУ-ын Шинь Жинь хотод амьдардаг. Өглөөдөө Хонгконг руу гарч ажил, хичээлдээ явчихаад оройдоо буцаад Хятад руу орж ирдэг тухайгаа ярьдаг. Хонгконг өртөг өндөртэй учраас тийн амьдардаг юм билээ. Тэгэхээр паспортны хуудас ямар хугацаанд дуусах нь ч тодорхой. Гэтэл эгч, дүүс Е серийн паспортны хугацаагаа дуусахаар Монгол руу захиалан авахуулдаг тухай хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хүмүүс нь хэлдэг. Түүнчлэн өнгөрсөн жил буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд Хонгконгт төрсөн Хулангийн Бенжамин гэдэг хүүхдэд төрсний гэрчилгээ гаргуулан авсан тухай нь ярьдаг. Энэ нь Б.Хулангийн хүү нь. Хэдийгээр Б.Хулангийн хэрэгт хүү нь хамааралгүй гэлээ ч түүнийг хаана амьдарч байгааг бэлхнээ гэрчилж байгаа хэрэг. Байг гэхэд тэдний гар, хөл болж Монголоос Е серийн паспортыг нь гаргаж өгдөг, авдаг холбоог нь таслан зогсоох боломж бий шүү дээ. Тэгвэл паспортны асуудалтай эгч, дүү хоёрыг бусад улс орон хилээрээ чөлөөтэй нэвтрүүлээд байхгүй л баймаар юм.

Энэ тохиолдолд манай хууль хяналтынхан яагаад тэднийг баривчилж болдоггүйг энд шалгагдаж байгаа сэжигтнүүд ч хэлдэг. Тухайн улс гүрнүүдийг дамжин өнгөрч байгаа гэмт хэргийг таслан зогсоохын тулд хамтран ажиллах хууль хяналтынхны тусгайлсан гэрээ, конвенцийн дагуу ажиллагаа зохин байгуулах эрх байгаа шүү дээ. Тэгэхэд яагаад АТГ-ынхны ярьдагчлан тулыг нь бус жараахайнуудыг нь оролдоод байдгийг ойлгохгүй юм. Б.Хулан, Б.Халиун нарын жараахайнууд нь маш энгийн ердөө л хүнд хэцүү амьдралтай, бага хугацаанд өндөр цалинтай ажил хийж ахуйгаа дээшлүүлэхийн мөрөөсөлд баглуулсан ядарсан иргэд байдаг нь өдгөө шалгагдаж буй хүмүүстэй уулзахад л илэрхий байдаг. Хар тамхины хэрэгт элэг нэгтнүүдээ татан оролцуулж, өөрсдөө ашиг хонжоо олж буй дээрх эгч, дүүсийн ар гэрийнхэн болон ойр дотныхон нь Монгол дахь асуудлыг нь зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, бичиг баримттай холбоотой болон зөөвөрлөгч болох ахуй, амьдрал тааруухан хүмүүсийг олж зуучилдаг гэнэ. Тиймээс үүнийг нь дагаад Иргэний бүртгэлийн газрынхан ч авлигын хэрэгт холбогддог бололтой. Хэрвээ тийм биш бол Б.Хулан, Б.Халиун нар хаанаас ямар аргаар бичиг баримтаа бүрдүүлдэг болж таарах вэ гэдэг их сонин.

Мөн сүүлийн үед «Алтан гурвалжин» бүлгийнхнээс зугтан эх орондоо ирэх гэсэн хүмүүс ёстой л «Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага» гээч болдог гэнэ. Амь гарч, тэднээс зугтаад ирлээ гэхэд тэдэнд хар тамхи зөөвөрлөсөн, зохион байгуулалттай гэх зэргээр Эрүүгийн хуулийн хэд, хэдэн зүйл анги уншихаас аргагүй болдог. Тиймээс тэд «Бид анхнаасаа мэдэхгүй явсан. Харин гэмт хэрэг хийж буйгаа ухамсарлан, ойлгоод буцаад ирлээ. Гэтэл биднээс гадна дахиад хэчнээн хүн дахиад явж байгаа, явах буйг мэдэхгүй. Тиймээс эгч дүү хоёрыг бариач» хэмээн учирлаж байлаа. Үнэхээр хогийн ургамлыг үндсээр нь таслахгүй бол дахин ургадагтай адил «Алтан гурвалжин» бүлэглэлийг бүхэлд нь барьж чадахгүй ч хоёр монгол эмэгтэйг барьж яагаад чадахгүй байна вэ.

Манай улсын Тагнуулын Ерөнхий газар, УМБГ, УБЕГ, ХХЕГ гээд хэдхэн байгууллага хамтарч ажиллахад хангалттай мэт санагдавч хэдэн хүнийг Хятад, Монголын шоронд хориулж, хэчнээн хүний аминд хүрсний эцэст анхааралдаа авч, арга хэмжээ авах гээд байгаа нь тун ойлгомжгүй байна.

Ж.Нарангэрэл

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих