Ирцгүй хуралддаг байснаа мартаагүй биз

Хүнийг мартах өвчтэй болж гэдэг бол нам нь өнгөрснөө санахгүй бол ой санамжгүй болчихож гэж дүгнэж болох юм. Өөрсдөө намынхаа хуралд суухийг илүүд үзэж УИХ-ын чуулганаа тасалчихаад сүүлд нь та нар биднийг оролцуулсангүй асуудлаа шийдлээ хэмээн гоморхсон МАН-ынхнаас шүүмжлэл тасрахгүй байна.

Хамгийн сүүлд л гэхэд, байнгын хороодын ирцийг багасгаж, Өргөдлийн байнгын хороог шинээр бий болгосныг айхтар шүүмжилж байна. Жишээ нь энэ тухай Ч.Хүрэлбаатар өчигдрийн сонинд “Тэд нэг байнгын хороог 14-19 гишүүнтэй байхаар байгуулж байна. Тэгэхээр 14 хүний найм нь л ирсэн тохиолдолд хууль хэлэлцэнэ гэсэн үг. Тэр наймын тавынх нь саналаар тухайн хууль дэмжигдэж таарах нь” гээд буруушааж.

Мөн өдөр Н.Энхболд “Байнгын хороодын гишүүдийн тоог арваар багасгасан байна. Зургаан хүний ирц бүрдээд дөрвөн хүний саналаар байнгын хороон дээр асуудал шийдэгдээд явах нь гэсэн үг. Энэ мэтчилэн парламентад байж болмооргүй асуудлууд олон бий” гэж бүр “давслав”. Сонсоход нээрээ л болохгүй зүйл хийчихсэн мэт боловч үнэндээ өмнө нь байнгын хороодын ирцээ одоогийн ярьж буй шигээ хангалттай байлгасан нь барагтайхан байснаа тэд өөрсдөө мартчихаж. Байнгын хорооны хуралдааны ирц байнга л хүрэхгүй “хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлов” гэх үгсийг өмнө нь хэчнээн удаа хэлж байсныг өнгөрсөн жилүүдийн хэвлэлээс тодорхой харж болно. Дуртай үедээ ирж хуралд суугаад, дургүйгээ хүрэхээр “өвчтэй” болчихдог гишүүд, “Дарга даган навсагнадаг” гадаад айлчлалын бүрэлдэхүүнд багтах дуртай гишүүд өнгөрөгч парламентад олон байсантай холбоотойгоор ирцтэй холбоотой олон онигоо гарсныг ч санаж буй байх. Ямар сайндаа л таван гишүүн байнгын хорооны хурлаа эхлүүлчих гэж бусдыгаа хоёр цаг гаруй хүлээж байгааг нь харсан нэгэн “нэгэнт таван гар бүрдчихсэн юм чинь мушик тоглочихвол яасан юм бэ” хэмээн даапаалж байх вэ дээ. Өөр нэг удаад бас л ирц бүрдэж өгөхгүйд хүрч арга ядсан нэг гишүүн нь коридороор гунхаж явсан Д.Арвин гишүүнийг сугадаж оруулж ирээд “одоо ганц гишүүн ороод ирчихвэл ирц хүрлээ” гэхэд гишүүн Л.Гүндалай “Наад оруулж ирсэн хүн чинь хоёр хүний сандал эзлэхээр том биетэй юм чинь ирц хүрсэн гэж тооцвол ямар вэ” гэж шоглож байж арайхийн олж ирсэн Д.Арвинг уурлуулаад гаргаж байх вэ дээ. УИХ-ын эрхэм гишүүдээсээ хэд дахин олон сурвалжлагч, сэтгүүлч цуглачихаад “Манайхан бол ирц бүрдчихлээ. Биднээс ганц нэгийг нь гишүүнд тооцоод хурлаа эхлүүлчих юм уу?” гэж сэтгүүлчид нь шог үг хаялж байсан нь ч бий.

Байнгын хороодын дарга нарын хувьд хуралдааны танхимаас хэдэн гишүүдээ алдчихгүй юмсан гэх нийтлэг зовлонтой. Өнөө хэдэн гишүүд нь санал хураалт бүртгэгч нарт “За ах нь байгаа шүү, санал хураалт болбол юу ч байсан дэмжинэ гээд л тоолоорой” гээд гараад алга болно. Зарим тохиолдолд байнгын хорооны дарга нь өмнөө ганц гишүүн суулгачихаад “зөвшөөрсөн 8, татгалзсан 0” гээд сууж байх нь энүүхэнд. Ийнхүү байнгын ирц дутуу байдлаас болж өнгөрөгч парламентад нэгэн хууль бус үзэгдэл гаарсан нь “бусдын саналын товчлуурыг дарах” гэгч байсныг ч мартаж болохгүй. Хуулийн дагуу Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Чуулганы хуралдааны хүчинтэй байх олонх гэдэг нь УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 38-аас дээш ирсэн байхыг хэлдэг. Гэтэл хуралдааны танхимд хуулийн төслийн хэлэлцүүлэгт 20 хүрэхгүй гишүүн оролцож шийдвэр гаргадаг байв. Мэдээж үүнийгээ хуулийн дагуу болгохын тулд хуралдаанд байхгүй гишүүдийг орлох картыг хуралдаанд үлдээхээ тэд мартахгүй. Өнөөдөр хууль ёс ярьж, ирц чухал гэж сургаж буй гишүүд маань өөрсдөө иймэрхүү байдлаар дөрвөн жилийг өнгөрөөсөн. Хэлэлцэж буй асуудал нь тухайн гишүүнд хамааралгүй бол хуралдаа орж ирэхгүй. Гэвч санал нь танхимд тоологдож л байна. Үүнтэй тэмцэхийн тулд хэвлэлийнхэн “Хуралдааны танхимд бараг гишүүд байхгүй байхад хууль олонхиор батлагдаж байна. Бодвол ордон сүнстэй болжээ”, “Гишүүд төгөлдөр хуур тоглож буй мэт байхгүй гишүүдийнхээ товчлуур дарахыг хэзээ болиулах вэ” гэх зэргээр олонтаа бичиж, гишүүдийн амыг ч асууж байсан. Угаас энэ бүхэн үнэн зүйл тул гишүүд хүлээн зөвшөөрч байсан үгсийг сануулахад илүүдэхгүй байх.

Тухайн үеийн Төсвийн байнгын хороон дарга Ц.Даваасүрэн “Бид 28-уулаа сууж байж 39 хүний санал өгч байна. Гэтэл энэ асуудал чинь чухал асуудал. Нэг хүн хоёр хүний саналыг кнопдоод сууж байна гэдэг ирц хангалтгүй байгаагаас үүдэлтэй. Хэлэлцэж буй асуудлаас шалтгаалан зарим гишүүд хуралдаанд оролцдоггүй”,

Р.Раш “Сүүлийн үед л ийм зүйл гарах боллоо. Гэхдээ энэ асуудлыг хуулиар зохицуулахаас гадна гишүүний өөрсдийн ухамсартай нь холбоотой. Намын бүлгүүд гишүүдийн ирцэд хяналт тавьж шахаж байх ёстой”

Д.Дондог “Чуулган, Байнгын хороо, бүлгийн хуралдааны ирц сайн байх ёстой. Учир нь улс орны хэмжээнд мөрдөгдөх хууль шийдвэр гаргаж байгаа тул хариуцлагатай хандах учиртай. Ирц сайтай, гишүүд оролцоотой байж сайн хууль гарах ёстой. Гэтэл ирц дутах зүйл их гарч байна. Ялангуяа төрийн удирдлага айлчлал хийж буй үед гишүүд олноор дагалдан явж байгаа учраас ирц бүрдэхгүй хангалтгүй байх зүйл гарч байна” гэж байжээ.

УИХ-ын Тамгын газрын дарга ч үүнийг нь болиулах тухай яриаг жилийн өмнө өгч байсан бөгөөд “Гишүүн зөвхөн өөрийнхөө кнопыг дардаг, цаад систем нь ч тухайн хүнээ таньдаг механизм хийнэ. Хурууны хээг ашиглах уу, өөрийнх нь царай зүсийг таниулах уу гэдэг дээр манай техникийнхэн ажиллаж байна” гэж байжээ. Байнгын хороодын гишүүдийн ирцийн тоог багасгалаа гэж шүүмжлээд буй нөхөд эхлээд өнгөрсөн дөрвөн жилийн ирцийн мэдээгээ хараад, өөрсдөө эдгээр хуралд сууж байсан эсэхээ бодоход илүүдэхгүй л байх. Уг нь ярьсны дараа бодох биш, бодсоныхоо дараа ярь гэдэгсэн биш бил үү.

Б.МАНД

Эх сурвалж: “Ардын эрх” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих