Үзэмчин монголыг л үзэмчин монгол гэхгүй юм бол…

Үзэмчин монголыг л үзэмчин монгол гэхгүй юм бол ямар үзэмчин монголыг үзэмчин монгол гэх юм бэ?

-ФЕЛЬЕТОН-

Армений радиогоор шууд асуулт хариулт дамжуулж байна.

-Октябрийн баяраар Москва­гийн Улаан талбайд автомашин тарааж байгаа гэж “Правда” сонинд бичсэн нь үнэн үү?

-Үнэн үнэн. Гэхдээ зарим юмыг тодруулах ёстой. Октябрийн биш Майн, баяраар биш хамаагүй өдөр, Москвад биш Ленинградад, Улаан талбайд биш Невийн өргөн чө­лөөнд, Автомашин биш унадаг дугуй, тарааж байгаа биш хурааж байгааг, Правда сонин биш Голос америка, бичсэн биш ярьсан юм.

ЗӨВЛӨЛТИЙН ОНИГОО

Болж байгаа олон юмны учрыг олдоггүй ээ. За даа, болоод өнгөрс­нийг нь ухаарч байсан биш дээ. Би ер нь тэнэг хүн байгаа юм. Үүнийг ер нуудаггүй боловч амьдралын­хаа туршид хариулсан, бөглөсөн түм буман асуулт, анкет дотор “тэнэг эсэх” гэсэн асуулт нэг ч таараагүй учраас үнэнээ хэлэх боломж өдий хүртэл гарсангүй. Эхлээд тэнэгээсээ жаахан ичдэг байсаан, нуух юм биш. Гэтэл манай ард түмэн эрт дээр үеэс “Тэнэг хүн тэг дундуур нь” хэмээн сургаж ирснийг дуулаад их урам орсон доо. Эмээ маань “дээр үед сэхээт­ний төөрөгдөл” гэж аюултай юм гарч байсныг ишлэн байж, ухаан­тай байхын аюулыг сэрэмжлүүл­дэгсэн. Нээрээ “сэхээтний төөрөг­дөл” л гэж байснаас “Тэнэгийн төөрөгдөл” гэж байгаагүй болохыг МАХН-ын түүх хэлээд өгнө л дөө. Тун удалгүй 1990-ээд онд МАХН ч өөрөө “Төв ёсны үзэл” гэдгийг сонгож “тэнэг нам тэг дундуур нь” явах боломжтойг хэлж өгсөөн.

Гэтэл сүүлийн үед өрнөж бай­гаа үйл явдлын тэг дунджийг олоход тэнэг байх ч багадаад эхэллээ. Эхлээд МАХН маань нэ­рээ чулуу болгож байгаа нь энэ гээд МАН болчихов. Гэтэл улсын гурав дахь огцорсон Ерөнхийлөгч Н.Энхбаяр дэргэдээ нам байгуулж түүнийгээ МАХН гэж нэрлэв. (Цаа­шид ажлаа өгсөн Ерөнхийлөгч нарыг ингэж дуудаж хэвшихгүй бол зарим нь огцорсон гэдгээ өөрөө ч ойлгохгүй хүний өөрийн толгой эргүүлэх болов. Иймд П.Очирбатыг Монгол Улсын анх­ны огцорсон Ерөнхийлөгч, Н.Бага­бандийг Монгол Улсын хоёр дахь огцорсон Ерөнхийлөгч хэмээн дуудаж хэвших нь танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой гэсэн санал дэвшүүлж байна. Ингэхгүй бол П.Очирбат гуай нэг өдөр Монгол Улсын нэгдүгээр Ерөнхий­лөгч гээд эхэлбэл яана. Н.Бага­банди бас улсын хоёрдугаар Ерөн­хийлөгч гээд унавал юу бо­лох вэ? Иймээс дээрх санал хич­нээн ач холбогдолтой нь ойлгог­доно) Ингээд аль нь жинхэнэ жо­гор­хой болохыг мэдэж чадахаа байлаа.

Эхлээд МАН ч жинхэнэ МАХН юм байх гэж бодож байв. Гэтэл МАН-ыг байгуулсан Бодоог, жан­жин Сүх нь нухчихсан баримт гараад ирэв. Хэсэг иргэд “манай улсын ууган нам МАН-ыг бай­гуулсан Бодоогийн хөшөөг хотын төвд байгуулъя” гэсэн санал гар­гаад зодуулах дөхөв. Гэтэл тэд “намыг байгуулсан хүн гэхээсээ илүү байгуулагчийг нухсан хүн нь чухал” хэмээн зөрсөөр Д.Сүхбаата­рынхаа хөшөөг нээлээ.

Бурхан минь, одоо хөөрхий энэ намын дарга Сү.Батболдыгоо на­мын нарийн Сүхбаатар (Бодоог алаагүй нь) нухчихлаа гэхэд өөр­төө хөшөөтэй үлдэх нь байна шүү дээ. Эртүүд намын баярынх нь орой, намын төв байрных нь тэнд буу пижигнээд унахаар юм юм л бодогдсон шүү.

Ингээд харахаар манай “огцор­сон гурав дахийн” байгуулсан МАХН чинь Д.Бодоогийнхоо талд байгаа, жинхэнэ МАН-ын орон суурин юм биш үү? Тэд Бодоогийн зөв гээгүй боловч Бодоог алсан нь зөв гэхгүй байгаа нь найдлага төрүүлж л байна.

Сүхбаатарыг (Намын даргын аав биш) социализмын үеэс дан­гаар нь судалсаар доктор, шинжлэх ухааны гавьяат ажилтан болсон О.Пүрэв гуай түүнийг үзэмчин хэмээх Монголын нэгэн ястан бо­лохыг олж тогтоожээ. Монгол үн­дэс­тэн олон ястнаас бүрэлдэх ба жишээлэхэд, Ерөнхийлөгч Элбэг­дорж захчин монгол, МАН-ын өм­нөх хоёр дарга С.Баяр, Н.Энхбаяр нарын эмээ буриад монгол гм.

Гэтэл Сүхбаатарыг үзэмчин монгол гэхээр “Сүхбаатар хятад биш” гэсэн кампани өрнүүлсэн төдийгүй үүнийхээ нотолгоо болгож Дамдин гуайн гэргий Ханд гуайн угийн бичиг, удам судрыг гаргаж ирлээ. Тэр нь сайхан бахархам түүхтэй, сайхан ахмад настан ажгуу. МА намын генсектэйгээ ижил нэртэй төдийгүй ижил мэргэ­жилтэй болж таарав. Гэтэл энэ асуудлаар хурал хийлгэсэн МА намын нэг нарийн нь бас Сүхбаа­тар нэртэй болоод ирэв. Намын даргынх нь овог Сүхбаатар. Ингэж тааруулаад байна уу, даапаалаад байна уу ойлгохоо байчихлаа. Толгой эргээд зогссонгүй, манай Дашрэнцэн сэтгүүлч “анхны” Сүх­баатарын аав Дамдин нь эхнэр Хандынхаа удмын хүн болохыг баталсан баримт олчихож гэж хар дарж ч байх шиг.

Дээр нь зарим хүн миний олиг­той тэнэг бишийг гайхан, нарийн яривал энэ хөшөө чинь чиний яриад байгаа Дам.Сүхбаата­рын (Ардчилсан хувьсгалын зүтгэлтэн Дарь.Сүхбаатараас ялгахын тулд ингэж тэмдэглэв) хөшөө биш, Хү­рэл­сүхбаатарын хөшөө. Хөшөө­ний хавтан дээрх хуучин монгол бичиг нь зэрвэс харахад, хуучнаа­раа “Бидний улс…” гэж эхэлж бай­гаа мэт. Харин цааш нарийвчлан уншихаар “Бидний улс…ыг та удирдаад байна уу? Танай авгай удирдаад байна уу” гэсэн алдарт афоризм нь байгаа гэх юм.

Уул нь юманд дараалал гэж байдагсан. Саяхан МАН-ын даргын ойн илтгэлийг чагнаж суугаад МАХН цагаатгах ажлыг 1936 онд эхэлсэн гэхийг дууллаа. Түүхчид хэлмэгдүүлэлтийг 1937 онд эхэл­сэн гэдэг. Эхэлж цагаатгаад, дараа нь хэлмэгдүүлсэн болж таарах нь. Таминь, Цагаатгах ажлын комиссыг бушуухан тараахгүй бол араас нь яаж ч мэдэх нь байна. Дээр нь цаадуул чинь “бүтээснээсээ илүүг бүтээнэ” ч гэх шиг аймаар юм яриад байх боллоо.

Өө, бас нэг юм ойлгоогүйгээ хэлэхээ мартах нь байна. МАН-ын дарга 1930-аад онд ард иргэдээ буудсан асуудлаар уучлал гуйх нь гуйж. Гэхдээ хэлмэгдүүлж, хэлмэг­дүүлчихээд, “хэлмэгдэхээс хам­гаалж чадаагүйг минь соори” гэх аястай юм хэлчих шиг боллоо. Таныг зодсон хүн маргааш нь ирээд “Өчигдөр чамайг зодуула­хаас хамгаалж чадаагүйг уучилчих юм байгаа биз” гэвэл ямар вэ?

Тэнэг байхад ч хэцүү болж. Юмны гол нь тэг дундаа байхаа больчихож…
Б.ЦЭНДДОО


URL:

Сэтгэгдэл бичих