Хямрал арилжааны банкаар дамжин халдварлаж эхлэв үү?

Дөрвөн жилийн өмнөөс АНУ-д үүсч, өдгөө Европын орнуудад халдварлан хүндээр өвчлүүлээд байгаа эдийн засгийн хямралын вирүс хэзээ дарагдах нь тун тодорхойгүй байна.

Гэтэл манайхан “Хаа байсан Европын хямрал манайд ямар хамаа байна” гэх юм. Үгүй бололтой. Цаана чинь бодлогоороо дамжуулан тун ч сайн хамгаалалт хийгээд байсан Хятад улс өнөөдөр хямралд өртчихөөд хэцүүдэж байна.

Нэгэнт манай улсын хамгийн том зах зээл болох урд хөршийг сандрааж эхэлснээс хойш биднийг ч гэсэн зүгээр орхихгүй нь тодорхой байсан. Гэтэл эдийн засгийн энэхүү халдвар хэдийнэ арилжааны банкуудаар дамжин илэрч эхэллээ. Өмнө нь төвөг багатай байсан төрөл бүрийн зээлийн гарц буурч эхэлжээ.

Бизнес эрхлэх, орон сууц авах, цалингийн гээд олон төрлийн зээл бий. Банкны үүд сахиж, зээл бүтээх гэдэг хамгийн ярвигтай бөгөөд өндөр шалгууртай ажил болж хувирсан байна. Хүү нь өндөр, барьцаа хөрөнгө, батлан даалт гээд чангахан шаардлагыг банкуудын зүгээс тавьж байгаа аж.

Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний ханшны уналтын мөчлөгтөө орчихсон. Гэтэл уул уурхайдаа хэт найдсан манай улсын эдийн засаг энэ асуудлаас болж хад мөргөхөд ойрхон болчихож. Монгол Улсыг чиглэх хөрөнгийн урсгал удааширч, улсын төсөв алдагдалд орж, татварын бүрдүүлэлт багасчихлаа. Засаг, төрийн ажил яах нь мэдэгдэхгүй орооцолдож байх зуур манай улс хадгаламжаа хоосолчихоод, сарын цалингаа хүлээж суудаг ажилчны дүрд хувирав.

Нэгэнт улсын орлого багассан учир банкуудад байрших мөнгөний хэмжээ ч дагаад буурна. Энэ үед Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргачихдаг. Арилжааны банкууд зээлдэгч нарт итгэхийн оронд өндөр хүүтэй дансанд мөнгөө байршуулахыг илүүд үзэв. Ингээд үлдсэн жаахан хөрөнгөндөө тааруулаад аль чансаатай, чадвартай, баталгаатай зээлдэгч нарыг хүлээж суух болж. Тэгэхээр бараагаа нэмж, үйлчилгээгээ өргөжүүлэх дэлгүүрийн эзэн, байгаа хэдэн төгрөгөөрөө байрны урьдчилгаа хийж зээл авах гэсэн энгийн иргэдэд боломж үлдэхгүй нь ойлгомжтой.

Харин арилжааны банкуудын зүгээс энэ мэдээллийг эрс үгүйсгэсэнгүй. Гэхдээ улирлын чанартай үүсдэг түр зуурын үзэгдэл хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал, “Хадгаламж” банкны зээлийн бодлого зохицуулалтын хэлтсийн захирал Ж.Оюунчимэг “Ерөнхийдөө зээл багассан. Зургаа, долдугаар сард хэрэглээний зээлийг түлхүү олгодог. Одоогийн байдлаар манай банкны хувьд зээлийн олголт хэвийн байгаа. Гэхдээ том зээлийн өсөлтийн хурд саарсан.

Өөрөөр хэлбэл, орон сууц, бизнесийн зээл буурсан. Энэ нь олон шалтгаантай. Тухайлбал, төрөөс хямд эх үүсвэртэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь ч нөлөөлж байгаа байх. Банкуудын бодлого ч байж болно. Ер нь улирлын шинж чанартай буурах үзэгдэл гэж хэлж болно” гэв.

Мөн өөр нэгэн эх сурвалж “Сонгуулийн жилийн дараа иймэрхүү зүйл болдог л юм. Инфляцийг хөөрөгдөхийн тулд барилгын болон бусад салбарууд иймэрхүү зүйл ярих нь бий. Зээлийн гарц учиргүй хаагдчихсан юм байхгүй. Гэхдээ нийгэмд байгаа мөнгөний эргэлтээс шалтгаалан банкууд үйл ажиллагаа явуулдаг учир өөр шалтгаан ч байж болно” гэсэн юм.

Ерөнхийдөө зээл хүсэгчдийн тоо буурсан гэж зээлийн мэргэжилтнүүд хэлж байв. Үүнд Засгийн газрын удаашрал, зун цагийн налгар байдал, арилжааны банкны хэт өндөр зээлийн хүү гээд нөлөөлөх хүчин зүйлс олон бий. Орон сууц худалдан авах зээл гэхэд л жилийн 18-25.2 хувийн хүүтэй байна. “Дөрвөн хана”-ын дунд амьдрахын тулд ийм өндөр хүүг насаараа төлөх сонирхол буурах нь хэнд ч тодорхой.

Нэгэнт ийм өндөр хүү тогтоочихсон болохоор түүнийг төлж дийлэх зээлдэгч л банкинд хэрэгтэй. Тэгэхээр байгаа мөнгөндөө тааруулаад баталгаатай нэгнийг олох банкны бодлогод энэ байдал яв цав таарч байгаа биз. Цаана нь зээл хүсээд ч нэмэргүйг ойлгосон жирийн иргэд л хөөрхийлөлтэй. Маньд хамаагүй мэтээр төдийлөн ойшоохгүй байтал эдийн засгийн хямрал аажмаар нэрвэж байгаагийн ганцхан жишээ нь энэ.

Б.Солонго

”Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих