З.Баянсэлэнгийг олимпод оролцуулъя

УИХ-ын байнгын хороодын зарим нь өчигдөр хуралдаж даргаа сонгоцгоосон. Гайхашрал төрүүлсэн нэгэн томилгоо явагдсан нь “гэнэт гарч ирсэн” гэгддэг З.Баянсэлэнгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилсон явдал байлаа.

Барагтай аавын хүү, ээжийн охины хүсээд, зүтгээд ч хүрэхэд хэцүү төрийн түшээ гэх суудалд хэдэн удаа гудамжны хөдөлгөөнд оролцсон болоод л намын нэрээр гарч ирсэн тул түүнийг ийнхүү гэнэт цойлсон хэмээдэг. Гэвч УИХ-ын гишүүн түүний хувьд оргил биш байж. Тэрээр бүр УИХ-ын байнгын хороог толгойлох эрхийг атгав.

“Н.Энхбаярын шүүх хурлын шийдвэрийг хэлмэгдүүлэлт байлаа” хэмээн үүнээс болж “хамтран ажиллахаа болино шүү” хэмээн сүрдүүлэн хэвлэлийн хурал зарлаж байсан З.Баянсэлэнгэ нь хэргээ гаргаж таван яамыг атгасан байнгын хорооны дарга болж чадлаа. Түүнийг даргаар сонгох байнгын хорооны хуралдаанд нэг хүн хагас цаг хоцорч ирсэн нь тэрээр өөрөө байж анхнаасаа л хэл ам татлаж эхэллээ. Хуралд оролцсон гишүүд нь “дарга болох асуудлыг нь хэлэлцэх гэж байхад өөрөө ирэхгүй юм.

Ямар хувийн зохион байгуулалт муутай хүн бэ. Биднийг 30 минут хүлээлгэж буй хэрэг биш төрийн ажлыг 30 минут гацааж байна” гэх зэргээр шүүмжилж байсан ч “яах вэ, хийгээд л үзэг” хэмээн олонхиор сонголоо. Өнөө З.Баянсэлэнгийн өмнөөс намынх нь нөхдөд хүлцэл өчиж байхтай зэрэгцэн танхимын чиглэн нэгэн хүн хар хурдаараа гүйж байсан нь өнөөх З.Баянсэлэнгэ байлаа.

Ордны хонгилоор түүнийг гүйж байхыг харсан нэгэн нь “Энэ хүүхнийг чинь олимпын 100 метрийн гүйлтэд оролцуулчихмаар юм байна даа” хэмээн шоглох аж. Харин байнгын хорооны даргаар түүнийг сонгосон тухай сонссон нэгэн нь “Уг нь байнгын хорооны дарга гэдэг ч их хариуцлагатай ажил шүү дээ. Улс орны нэрийг дэлхийд гаргаж гадны төлөөлөгчидтэй уулзахаас эхлээд олон ажил хүлээж байгаа. Энэ бүсгүй чадах л байгаа даа” хэмээн шогширно.

Хуулийн байгууллагад ажиллаж байхдаа найзыгаа хувийн сонирхлоор хэргээс мулталж байсан хэмээн яригддаг түүнээс нэгэн сэтгүүлч “УИХ-д ороод хэн нэг танилдаа ашигтай шийдвэр гаргаад байх юм биш биз” хэмээн асуухад, “Үүнийг цаг хугацаа харуулна” хэмээн хээв нэг хариулж байсан шигээ гадныхны өмнө Монголын нэрийг элдэв хангайн зүйл ярьж байгаад түлчихгүй л бол яах вэ. Түүний хэн байхыг нээрээ л цаг хугацаа харуулна даа.

А.ШАРХҮҮ

niigem.mn


URL:

Сэтгэгдэл бичих