Ард түмнээсээ тасарцгаая!
Сүүлийн үед “улс төржих” гэсэн нэгэн шинэ зүйр үг гарчээ. Чи битгий улс төржөөд байл даа, ингээд улс төржөөд эхэлдэг юм ш дээ, битгий улс төр хийгээд байгаарай …гэх зэргээр улс төрчид ярилцана. Энэ зүйр үгийн утга нь хэрэлдэх, хонзогнох, уурлах, гүтгэх, худлаа ярих, цуурхал тараах, хэтрүүлэх, айлгах, сүрдүүлэх, мушгин гуйвуулах, олны анхаарал татах, тэнэглэх зэрэг маш олон утгатай ерөнхийдөө бол солиороод байна гэсэн шилжсэн утгатай ажээ. Битгий солиороод бай гэхийн оронд битгий улс төржөөд бай гэхэд л хангалттай.
Тэр дандаа улс төржиж байдаг юм аа гэвэл тэр хүн лав л өөдтэй хүн биш дандаа худлаа ярьдаг эсвэл дандаа хэтрүүлдэг ёо ёотой хүн юм гэж ойлгогдоно. Уг нь улс төр гэдэг үг “политик” буюу “бодлого” гэсэн утгатай үгний орчуулга. Тэхээр угтаа бол “улс төр” хийгээд байна гэдэгийг “бодлого хийгээд байна” гэж ойлгох байтал “бодлогогүй юм яриад байна” гэх нь холгүй ойлгох болж.
Их хурлын чуулганыг харахад нэг янзын ток шоу үзэж байгаа юм шиг санагдах вий. Тэд нар дандаа “улс төржинө” тийм болохоор хошин жүжгээс ч илүү сонирхолтой. Хэн нь илүү “тэнэглэж байна, худлаа ярьж байна, уурлаж байна, шоудаж байна… “ байна вэ гэдгийг харах сонин.
Улс төрчид, бизнесмэнүүд за ер нь товчоор хэлвэл баян хүн яах гээд байгаа улс вэ гэвэл жирийн ард иргэд биднээс буюу ард түмнээс салах гэж уралдаж байгаа улс юм.
Тэд нар гудамжаар ард түмэнтэйгээ цуг алхахгүй, автобусаар явахгүй, машинаар ард түмнээсээ нуугдаж яваад ажил дээрээ очно. Машиных нь шил нь хүртэл хар теньтэй. Ард түмэнд харагдахгүй гэж тэр.Тэд нар зурагтаар л гарахаас зүгээр нүдэнд үзэгдэхгүй.
“Ижил тэнгэртэйд нь харагдаж илүү тэнгэртэйд нь баригдана”.
Тэд нар ард түмэнтэйгээ цуг нийтийн байранд амьдрахгүй хэрмэн хашаан дотор хауст амьдарна. Хэрмэн хашаанаасаа цухуйнгуутаа машиндаа суугаад ордонд орж ажлаа хийнэ. Их хурлын эрхэм гишүүдийн хувьд бол ажил нь цөмөөрөө тойрч суугаад “ улс төржихийг” хэлнэ. Хэн нь яаж хөглөж байгааг парламентын сувагаар шууд харж болно. Эсвэл мэдээгээр жоохон жоохон “улс төржүүлээд” буюу хэтрүүлээд , мушгин гуйвуулаад эсвэл хасаж танаад үзүүлдэг. Ер нь баяжина нэрд гарна гэдэг ард түмнээсээ тасарч үл үзэгдэгч болохыг хэлнэ.
Ерөнхийлөгч маань ч гэсэн “ард түмэнтэйгээ амь нэгтэй” байна гэж хуурч байгаад ард түмнээсээ амьгүй тасарч одсон. Одоо тэрээр төрийн хамгаалалтанд буюу буутай цэргүүдээр мануулаад их тэнгэрт тасархай амьдарч өглөө босоод мөн л харуул хамгаалалттай машинаар явж харуул хамгаалалттай ордонд орж ажлаа хийнэ. Үзэгдэх юм бол зөвхөн телевизор хэмээх шилний цаанаас л үзэгдэнэ. Сонин сэтгүүл дээр зураг болж харагдана.
Ингэж ард түмнээсээ тасрахыг хэн хүнгүй мөрөөднө. Од болох гэдэг мөн л ард түмнээсээ хир хол тасарч байгаагаар хэмжигдэнэ. Хичнээн хол одно төдий чинээ од болж байгаа нь тэр. Тэгээд ч алс тэртээд байдаг одоор зүйрлэдэг биз. Од болсон хүн ард түмнээс тасарч амьдрах ёстой. Автобусаар биш болвол үнэтэй машинаар үгүй ядаж л таксигаар ч болсон ард түмнээс тасарч явах ёстой. Хүний буюу ард түмний барьдаггүй цүнх, өмсдөггүй гутал, хувцас өмсөж хир зэрэг биднээс хол одож, од болсноо харуулдаг. Мэдээж “ертөнцийг харах цонх” болсон зурагтаар бол цухуйна. Ном сэтгүүл дээр зураг болж харагдана. Амьдаараа харагдах юм бол сохор хүн шиг хар нүдны шил зүүсэн байх учиртай. Ядаж л нүд нь харагдах учиргүй. Болж өгвөл өөр улс оронд гардаг сэтгүүл сонин дээр зураг болсон байвал жинхэнэ од болж ард түмнээс хол тасарч одсоныг гэрчилнэ. Ард түмэн бид тэднийг “Ёо ёо үнэн тасарчихсан” гэж атаархан ярина. Тэд ч ингэж “тасарч” байгаадаа баярлан улам тасархай болох гэж үхэн хатан зүтгэнэ. Мэдээж сэтгүүл сонин, зурагтаар ярилцлага өгвөл “дандаа завгүй зав гарвал интернэтээр аялдаг” гэх мэтээр “тасарсан” юм ярина.
Уг нь бол бид үхэхээрээ л жинхэнээсээ ард түмнээсээ “тасарч” байгаа юм л даа. Гэхдээ үхэхээсээ өмнө яаж олноос тасрах вэ гэж зовно. Тасарч чадахгүй бол бухимдаж “ингэж ч амьд явах гэж…тасарчихсан амьдрах юмсан “ хэмээн гаслана. Жирийн ард хааяа нэг телевизорээр ч юм уу сонин сэтгүүл дээр гарвал “тасарчихсаан” гэж хөөрнө.
Ингэж л мөнгө хэмээх цаасаар бүтээсэн шоронд өөрийгөө хорьж ард түмнээсээ тасрахын төлөөх уралдаан бүх нийтийг хамарчээ. Баян болж тасарна, дарга болж тасарна, од болж тасарна, тасархай амьдрахыг мөрөөднө.
“Нирвана” хамтлагийн ахлагч Курт Ковбайн ийм шоронд орчихсоноо ойлгоод өөрийгөө буудсан байх гэж би боддог. Ийм шоронд насаараа хоригдох ялтай болно гэдэг яаж сайхан байх билээ дээ. Олон од ингэж дууссан байдаг.
“Юу дутлаа гэж амиа хорлож байгаа юм бэ” гэж бид гайхдаг. Бүх юм дутаад тэр. Насаараа хорих ялтай болсон хүнд бүх юм дутна шүү дээ.
Уран бүтээлч хүмүүсийн хувьд ч яахав. Тэд нар бүтээлээ хийгээд өөрийнхөө босгосон шорондоо сууж байж болох. Зальдаад авилгадаад гэнэтхэн аймаар их мөнгөтэй болчихсон хүмүүс л ёстой аймаар. Хадгаламжийн дэвтрээ хараад л санаа алдаад суудаг байх даа. Гаргаад хэрэглэх гэхээр болдоггүй үргэлж хүнээс нууж амьд явна. Гадаадад очихоороо л нэг юм үрдэг байхдаа казинод ордог ч юм уу яадаг ч юм. Гадаад гараад бүр явчих гэхээр бас хайран, хайран ч юу байхав дээ. Тэнд түүнийг хэн ч танихгүй болохоор гунигтай. Энд бол гоё шүү дээ. Хүн бүр танина зурагтаар гараад л. Их хурлын “эрхэм“ гишүүн гээд төрийн хамгаалалттай. Жинхэнээсээ тасарчихсан амьдарна гэдэг тэр.
“Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч” гэдэг. Худалдаачид л өнөөдөр улс төрөөр дүүрэн байна. За за би ч гэсэн “улстөржөөд” эхэллээ. (Солиороод эхэллээ гэж ойлгож болно эсвэл хэтрүүлээд гэж ойлгож ч болно…юу ч гэж ойлгож болно. Лав л өөдтэй утга биш… ).
Ард түмэнтэйгээ амь нэгтэй байяаа та минь ээ. Тасрах гэж уралдахаа болъё. Зүгээр л хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ хана хэрмэнд биш хамтдаа амьдарцгаая. Бие биенээ “тасарчихсан” энэ тэр гэж хөөргөөд ч байгаа юм шиг баалаад ч байгаа юм шиг ярихаа ч болъё. Ард түмнээсээ тасрах дуртай нь тасарч л байг. Тасархай амьдарч байгаа бол тэр л биз. Цөмөөрөө л тасрах гэж уралдахаа больцгооё та минь ээ.
Сэтгүүлч Д.Төрмөнх “улстөржив.”
URL: