Хүч түрсэн шийдвэрүүд
Энэ удаагийн сонгуулиар монголын ард түмэн улс төрийн намуудыг аль нэгийг нь олонхи болголгүй саналаа хуваан өгч, цаашид өөр хоорондоо “хэлцэн зөвшилцөж ажилла” гэсэн сонголтыг хийсэн билээ. Ийнхүү сонгуулийн үр дүнд АН 35, МАН 25, МАХН- МҮАН “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2, Бие даагчид 3 суудал авч энэ удаагийн УИХ-ыг бүрдүүлэх болсон. Хуулийг дагуу олонхи болж чадаагүй ч хамгийн олон суудал авсан нам бусад нам эвсэлтэй хамтран эвслийн Засгийн газраа байгуулж цааш ажиллах учиртай. Энэ ч үүднээс АН, “Шударга ёс” эвсэлтэй эвсэн Засгийн газрыг байгуулж цаашид ажиллах болж байгаа юм. Гэтэл АН улс төр дэх аливаа асуудлыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран УИХ-д олонхыг бүрдүүлж байгаа гэдэг шалтгаанаар улс төрийн асуудлуудыг эхлээд яаравчлан, дараа нь хүч түрэн шийдэх боллоо. Монголчууд “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг. АН-ынхны улс төрд олонхи биш ч олуулаа болчихлоо гэж хөөрцөглөн, яаран шийдвэрлэсэн шийдвэрүүд эхнээсээ хууль зөрчсөн.
Тэд ингэж яаравчлах явцдаа, өмнө нь ярьж хэлж, сонгуулиар амлаж байсан амлалтаасаа ч буцаад эхэлсэн. Төрийн аппарат хүнд нүсэр, бүтэц бүрэлдэхүүн ихтэй байна, яам тамгын газрыг цөөрүүлнэ, аль болох цөөн, оновчтой болгоно гэж хэзээнээс ярьж, хэлж ирсэн АН-ынхан харин өөрсдөө засагт гарах болохоор МАН-ын үед байсан 11 яамыг нэмэгдүүлж, 19 яамтай болгох гэж байгаа тухай ярьж эхэллээ. Үүнийхээ тайлбарыг ч “хөнгөхөн, хөөрхөн” хийхээ мартсангүй. Яамдын үйл ажиллагаа давхардаж байгаа тул салгах хэрэгтэй болсон л гэнэ, тодорхой салбаруудад шинэ яам нээх шаардлага тулгарч байна л гэнэ. АН-ынхан Ард түмнийг тэд “тэнэг” гэж бодсон юм байхдаа. Яамдыг олон болгох тухай ийм ядмагхан тайлбар хийхийн оронд тэд “Шударга ёс” эвслийнхэн болон манай намынхан төрийн “бялуунаас” ахиухан хүртэх гэсэн чинь энэ яамдын тоо багадаад байгаа тул нэмэх хэрэгтэй байна гэчихвэл яасан юм бол. Тэд яаж ч тайлбар хийсэн яг үнэн төрх нь л энэ гэдгийг Монголын ард түмэн ойлгох дээрээ байна.
АН-эн энэ үйлдэл нь гэсэн ард түмний АН-д итгэж байсан итгэлийг нэлээдгүй бууруулах болоод байна. Түүнчлэн АН-ынхан МАН-ыг хүлээхгүй, тоохгүй байж болох хэдий ч Монголын ард түмний сонголтыг үл ойшоож болохгүй. Аливаа улс төрийн асуудалд уян хатан байх нь угтаа ардчилал, ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчний гол шинж. Гэтэл заримдаа АН-д энэ шинж огт харагдахгүйгээр үл барам тэд хэт зүүний буюу өөрсдийнхөө шүүмжилж, үгүйсгэж ирсэн “коммунизм”-ын арга барилыг өөрийн үйлдлүүдээрээ харуулаад байх шиг. Хэрвээ АН энэ мэтээр хэтэрхий бардам, эрх мэдэлд шунасан, ард түмний тодорхой хэсгийн сонголтыг үл ойшоосон, доторх фракцууддаа тааруулан төрийн сандал суудал хуваарилахаар оролдох шинжтэй үйл ажиллагаа нь үргэлжилсээр байвал тэд 16 жилийн өмнөх түүхээ давтах болно. Олон засгийн газар солигдсон, шилдэг улс төрчөө бусдын гарт алдсан, Монголын улс төрд хямралыг дагуулсан 1996-2000 он жилүүдийг Монголын ард түмэн мартаагүй. АН -ынхан ч мартаагүй байх. Харин тэд өнөөдөр засгийн эрхэнд олонхи бус олуулаа болж орж ирээд энэ түүхээ мартан эрх мэдлийн төлөө хэтэрхий улайран зүтгэх юм бол дараа дараагийн сонгуулийн 10-20 жилд монголын улс төрд АН олонхи бүү хэл олуулаа ч болж сонгогдохгүй байх дүр зураг харагдаж байна.
АН эдгээр үйлдлүүдээ төрийн ажил гацах, зогсох ёсгүй гэж тайлбарлаж байна, төрийн ажил гацах, нэг хором ч саатах ёсгүй нь үнэн боловч, төрд ойлголцол, зөвшилцөлгүйгээр ажил цаашаа явдаггүйг ухаарах ёстойсон.
АН-ын хүч түрсэн, дээрэнгүй шийдвэрүүд хэдий болтол үргэлжлэх бол…
Ц.Гомбосүрэн
olloo.mn
URL: