МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдсэн, хэлмэгдээгүй
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн ял оноосон нь монголчуудын хувьд бараг л шинэ үзэгдэл байлаа. Тодруулбал, өмнө нь төрийн өндөр албан тушаалтан авлигын хэргээр ял сонсч байсан нь тун ховор учраас тэр юм. Өнгөрсөн сонгуулиар багагүй суудал авч, хамтарсан засагт орж ажиллахаар болоод байсан Шударга ёс эвслийн гол хүн нь ял авсан нь улс төрийн хүрээнд нэлээд үл ойлголцол үүсгэж түүнийг зориуд хэлмэгдсэн мэтээр бичих болсон. Түүнийг хэлмэгдсэн, хэлмэгдээгүй гэх асуудлаар байр сууриа илэрхийлэх хүн тийм олон биш ч хуулийн мэргэжилтнүүд болон түүний ар гэрийнхэн нь байр сууриа илэрхийлжээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж:
Жирийн иргэн ял сонсох нь хууль, төрийн өндөр албан тушаалтан ял сонсох нь хэлмэгдүүлэлт гэж ойлгож болохгүй
-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд л шүүхийн шийдвэрийг олон нийт сонирхож байх шиг байна. Хамгийн гол нь Монголын шүүх төрийн өндөр албан тушаал хашиж байсан, мөн хүч, нөлөөтэй хүнд ял шийтгэл ногдуулсан нь анхаарал татлаа. Надад хоёр зүйл бодогдож байна. Нэгдүгээрт, хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёсыг цаашид тогтооход жишиг боллоо. Мөн төрийн өндөр албан тушаал хашигчдад сургамжтай үйл явдал боллоо гэж бодож байна. Хоёрдугаарт, шүүх эрх мэдэл хараат бусаар ажиллаж эхэлж байгаагийн илрэл гэж харж байна. Жирийн иргэнд ял оноохоор хууль ёс болдог. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд ял оноохоор хэлмэгдүүлэлт болдог гэж үзэж болохгүй л дээ. Хэлмэгдүүлэлт гэж юу байдгийг Монголын ард түмэн мэддэг, бас мартаагүй байгаа зүйл.
Ер нь Н.Энхбаярын хэргийг шүүх шийдэж ял ногдуулсан нь тухайн хүндээ биш, ер нь эх орноо худалдсан, тэднийг ил, далд өөгшүүлсэн, улсын баялгийг асар их хэмжээгээр эрх мэдлээ ашиглаж хууль бусаар завшиж ард түмнээ ядуу зүдүү байлгах эх үүсвэрийг тавьж, нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн этгээдүүдийг шударгаар шүүж, тэднээс үндэсний эрх ашгийг хамгаалахыг ард түмэн хүлээж, шаардаж байгаа юм биш үү. Дэлхийд шүүх мөрдөн шүүдэг, нөгөө нь мэтгэлцүүлэн шүүдэг хоёр тогтолцоо байдаг. Мэтгэлцүүлэн шүүдэг тогтолцоонд шүүгч гэм бурууг тогтоодоггүй, хавтаст хэрэгтэй урьдчилан танилцдаггүй. Тийм учраас энд шүүгч урьдчилсан санаа бодолтой байх нөхцөл байдаггүй. Мөрдөн шүүдэг манай тогтолцоонд шүүгч гэм бурууг тогтоодог, хавтаст хэрэгтэй урьдчилан танилцдаг болохоор хүссэн хүсээгүй урьдчилсан санаа бодолтой болоход хүрдэг.
МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар:
Аавд ял оноосон нь цэвэр улс төрийн захиалга гэж үзэж болно
-Өнгөрсөн баасан гарагт намынхаа зарим хүмүүсийн хамт Цагдан хорих 461 дүгээр ангид очиж аавтайгаа уулзсан. Бидний хувьд шүүхийн шийдвэр, үүссэн нөхцөл байдлыг үнэхээр гайхаж байна. Энэ шүүх хурал Монголын ард түмний төдийгүй олон улсын анхаарлын төвд байсан. Тэр ч утгаараа шүүх засаглал төрийн өндөр албан тушаалтнуудаас хараат байгаагаа, цаашлаад Монгол хэр зэрэг ардчилсан орон бэ гэдгийг харууллаа гэж үзэж байна. Бүх хүн шүүх хурлын явцыг нээлттэй харсан. Үнэндээ шүүх хурал дээр ямар ч баримт байхгүй зөвхөн субъектив талыг барьсан ял төлөвлөж, оноосон. Дандаа гэрчийн яриагаар тэгсэн байх аа, ингэсэн байх аа гэсэн үгээр баримт хийсэн л дээ. Аавд ял оноосон нь цэвэр улс төрийн захиалга гэж үзэж болно. Хэрэв тийм биш байсан бол Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хууль зөрчсөн, шүүхийн зарчмыг гажуудуулсан шийдвэр гаргахгүй байсан.
Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш. Бид давж заалдах шатны шүүхэд хандана. Шударга шийдвэр гарна гэдэгт итгэж байна. Бид шүүх хурлын маргааш шүүхийн гадаа цэцэг өргөсөн. Энэ бол шударга шүүх Монголд байхгүй байгааг эсэргүүцэж олон нийтэд хандаж хийсэн алхам: Өмнөх өдөр нь Сүхбаатар дүүргийн шүүх, ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шударга ёсыг булшилсан. Бид ардчилсан оронд амьдарч байгаа учраас үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Зөвхөн аавд маань ял оноолоо гэдэгтээ бус Монгол Улсад шударга ёс ямар нэг байдлаар зөрчигдөж эхэлбэл “Шударга ёс” эвсэл маш хүчтэйгээр эсэргүүцэх болно гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол нэг хүний асуудал биш.
Б.Тогтох
”Монголын мэдээ”
URL: