Гудамжнаас УИХ-д суусан З.Баянсэлэнгэ гэж хэн бэ

Энэ жил монголчууд бид дөрвөн жилд нэг удаа олддог сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагынхаа 76 гишүүнийг сонголоо. Мэдээж энэ сонголтын араас хүн толгойтой бүхэн дор бүрнээ нэгийг хэлэх нь зүй ёсны хэрэг. Харин УИХ-д суусан зарим эрхмүүдийн хувьд цэвэр “аз”-аар орж ирсэн нь бий. “Төрийн толгойд сууж, ард түмний итгэл хүлээн, УИХ-д гишүүн болох, улс орны хэтийн төлөв бодлого, шийдвэр хэлэлцэх хүмүүсийг цензудлэх, тэдэнд тодорхой шаардлага тавьдаг байхгүй бол сурсан эрдэм, мэдсэн мэдлэггүй хэнбугай ч болов төр түшилцэхээр ороод ирж магадгүй байна” хэмээн учир мэдэх хүмүүс халаглаж сууна.

Ийн хэлсний учир нь энэ удаагийн сонгуультай шууд холбоотой. Тодруулбал, нам дагавал ам тосддогийн үлгэрээр МАХН-ын дарга Н.Энхбаяр хийгээд түүний намын төлөө гудамжинд жагсч, хуурай өлсгөлөн зарлаж явсан нэгэн бүсгүй аавын хаалга татах дээрээ тулаад байхдаа төрийн ордны хаалга татсан нь МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга, жагсагч /жагсаал цуглаанаар олноо танигдсан/ З.Баянсэлэнгэ байв.

“Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” хэмээн өөрийгөө тодорхойлдог эрхэм жагсагч өнөөдрийг хүртэл чухам ямар замаар замнасаар ийнхүү төрийн эрх барих дээд байгууллагад суудалтай болсныг нэхэн сийрүүлье.
Зангадын Баянсэлэнгэ, 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1991 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгсөөд гурван жил өнжсөний эцэст 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. Үүний дараа 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн гэсэн товч намтар түүний мэдлэг хэр зузааныг илтгэнэ. Түүнийг заяаны жагсагч гэх хүн ч бий. Тодруулбал, хэзээнээсээ л хороо болон дүүрэгт олон нийтийн ажилд оролцож явдаг хэнээтэй нэгэн байсан гэх. Ингэж яваад 2003- 2006 онд Баянзүрх дүүрэгт нотариатчин, дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албыг хашиж байжээ.
Харин өнөөдрийг хүртэлх түүний намтарт ганц халхавч болж яваа төрийн алба бол Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга гэх суудал ажээ. Тэрбээр эл албанд нэг их удаан суулгүй халаагаа өгч, төрөлхийн тэмцэгч зандаа хөтлөгдөн, МАХН буюу Н.Энхбаярын намыг дагаснаар Мянгатын дарга гэх сонгуульт албыг хаших болсон юм. Түүний түүхийн хуудсанд хориход ажиллаж байгаад ёс зүйн алдаа гаргасан учир хөөгдсөн гэх намтар ч орж ирнэ.

“Би насаараа Чингэлтэй дүүрэгт амьдарсан, манай дүүргийнхэн намайг мэднэ дээ” хэмээн цээжээ дэлддэг түүнийг үнэхээр ч 17 дугаар хорооныхон төдийгүй Чингэлтэйхэн андахгүй юм билээ. Гэхдээ харамсалтай нь эрхэм гишүүн З.Баянсэлэнгийн талаар олны амнаас гарах үг даанч олиггүй. “Хэзээнээсээ л хороогоор хэрүүл хийж явдаг хүүхэн байсан” гэх мэт үгс тасралтгүй цуврахыг яана. Тэдний хэлж буйгаар олон нийтийн ажилд идэвх санаачилгатай ажилладаг байсан тэрбээр 17 дугаар хороонд тусламжаар ирсэн нэлээд хэдэн компьютерийг ээжтэйгээ нийлэн, харуй бүрийгээр гэр рүүгээ зөөж байсан нь ч чих дэлсэнэ лээ. Үүнээс гадна цэрэг цагдаагаар явж, хууль дүрэм мэддэгээ гайхуулан, хуулийнхны үг, үйлдлийг элдвээр гоочилдог түүнийг залилан болон авлигын хэрэгт орооцолдож явсныг нь ярих хүн цөөнгүй. Тодруулбал, тэрбээр дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон найзаасаа 1.5 сая төгрөг, халаасласныхаа дүнд хэргээс мулталж байснаа нуудаггүй. Тэр бүү хэл эл үйлдлээ тэрбээр “Мөрдөн байцаагч хийдэгтээ оодорч, алдаа гаргаж байсан минь үнэн.

Найз нөхдөдөө тусалснаар би хэлмэгдсэн” хэмээн хээв нэг тайлбарлаж байв. Хууль хэрэгжүүлэгч байгууллагад алба хашиж байхдаа гаргасан алдаагаа албан тушаалдаа эрдсэнийх хэмээн тайлбарлаж байгаа хүн хууль тогтоох дээд байгууллагад орж ажиллаад хуулийг гууль болгохгүй гэх баталгаа даанч алга. Гудамжны жагсагч, галтай тэмцэгч З.Баянсэлэнгэ одоо ч хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа. Гишүүний тангаргаа өргөхөөс өмнө эл асуудал нэлээд хүчтэй сөхөгдсөн ч тэгсхийгээд намжсан. Гэхдээ энэ нь хэрэг замхарсан гэсэн үг биш юм. МАХН-ын хэсэг нөхөд болох З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох прокурорын биед халдсан гэх эрүүгийн хэрэг өдгөө мөрдөн байцаалтад буй. Тодруулбал, тэднийг өнгөрсөн арванхоёрдугаар сард экс Ерөнхийлөгчийн туслах Б.Тулгыг баривчлах үед прокурор О.Мөнхбаатарын биед халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1 дэх заалтуудыг үндэслэн, шалгаж эхэлсэн юм.

Ийнхүү З.Баянсэлэнгийн шүүх цагдаад дуудагдсан асуудал шил шилээ даран хөвөрнө. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноосныг эсэргүүцэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа шар цэцэг өргөж, УИХ-ын гишүүнд баймгүй ёс зүйгүй үйлдэл гарган, эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин тэдний эл үйлдлийг хуульчид дараагийн шатны шүүхийн шийдвэрт нөлөөлж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байгаа юм. Ийнхүү жагсаал цуглаанд уухайлан оролцож, намын даргынхаа хараанд нэлээд өртсөн тэрбээр намын жагсаалтад багтсан нь ийнхүү УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлуулав.

Гэхдээ энэ суудал гудамжинд жагсч, албан тушаалдаа оодордог шиг дуртай бүхнээ хийдэг алба биш гэдгийг эрхэм гишүүнд сануулья.

М.Өнөржаргал

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих