“Галзуурахыг хүсвэл интернэт тоглоомын газрын үүдийг тат”

Удахгүй их дээд сургуулиудын хичээл эхлэх гэж байна. Хот хөл хөдөлгөөн ихтэй болж оюутнууд ирэх цаг ойртсоор.

Үүнтэй адилаар томоохон их дээд сургуулиудыг хүрээлэн байрлах интернэт тоглоомын газруудын үйл ажиллагаа идэвхэжиж эхэлнэ.

Тоосоо арчиж үүдээ нээж хөдөө, хотын хэдэн оюутны мөнгийг саах гэж улайрч эхлэх нь тэр. Үүдэндээ “Интернэт кафе” гээд эвлэгхэн хаяг тавьчихсан гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчийн үлгэр гэлтэй. Эдгээр интернэт тоглоомын газруудыг яах вэ.

Ариун цэврийн шаардлага хангаагүй ямар нэгэн байрны орц хонгилд мөөгөнцөртсөн подваль дотор үйл ажиллагаа явуулдаг интернэт тоглоомын газрууд гэмт хэргийн эх үүсвэр болж байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд Монгол Улсын Их сургуулийн тавдугаар байрны баруун талаас тус сургуулийн Хууль зүйн сургууль руу уруудах замд байрлах интернэт тоглоомын газар хоёр хүн амиа алдсан онц ноцтой хэрэг гарч байсан. Ердөө 20 орчим настай залуу тус интернэт тоглоомын газрын эзэн 30 настай залууг буудан хөнөөж улмаар өөрийн амийг егүүтгэсэн аймшигт хэрэг гарч байсан. Энэ мэт хэрэг гарах эх үндэс нь нөгөө л зах замбараагүй тоглоомын газрууд болж таарч байгаа юм.

Гэтэл гэмт хэрэг гарсаар байхад л шөнө дөл болтол ажилласаар байдаг энэ газруудыг нэг ч удаа хяналт шалгалт хийж хаалга үүдийг нь хааж байсангүй. Харанхуй бүгчим, ямар ч агааржуулах систем байхгүй. Гэрэлтүүлэг муутай, харанхуй, чийгтэй хонгилд бага насны хүүхдүүдийг суулгаж зугаацуулдаг юм. Интернэт тоглоомын газраар ихэвчлэн бага насны хүүхдүүд үйлчлүүлдэг. Эцэг эхийн хараа хяналт муу гэж зэмлэх л байх. Ядаж 16-гаас доош насны хүүхдэд үйлчлэхгүй гэсэн хаяг тэмдэг, хадаж болно доо. Гэсэн ч тийм зүйл хийх ухаан тоглоомын газрын эздэд алга байна. Хамгийн гол нь ариун цэврийн нэг ч дүрэм журам мөрдөгдөхгүй байгаад л хамаг учир байна. Ариун цэврийн өрөө нь битүү хог новш болсон, шал болон хана тааз нь мөөгөнцөртчихсөн ямар ч хамаагүй байрны хонгилд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь эдгээр интернэт тоглоомын газруудыг буруутгах хамгийн том шалтгаан.

Харин барууны өндөр хөгжилтэй орнуудад интернэт тоглоомын газар ариун цэвэр болон тав тухын асуудлыг нэн тэргүүнд тавьдаг байгаа юм. Гэтэл манай улсад болохоор ариун цэврийн асуудлаас гадна тав тух гэхээр юм нэг ч үгүй байдаг. Cap эсвэл жилдээ нэг удаа Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж алдаа дутагдлыг нь шүүж байгаад дүгнэлт гарган торгууль ногдуулдаг. Гэтэл нэг сая төгрөгөөр торгуульчихаад хэнэг ч үгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байх жишээтэй. Арга ч үгүй дээ, ашиг сайн олдог хойно. Хятад улсаас авчирч угсарсан хүний бие организмд муугаар нөлөөлөхүйц цацраг ялгаруулдаг хямд үнэтэй хуучирсан компьютер тавиад л интернэт тоглоомын газар нээх нь тэр шүү. Ямар ч хамаагүй интернэтийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжээс шилэн кабель татаж аваад залгаж орхино, тэгээд хуучирсан оффисын сандал, ширээ авчирч тавиад л дээд зэрэглэлийн   гэх   тодотгол   зүүж байгаа юм. Ингээд л нөгөө гэмт хэргийн эх үүсвэрийн үүр бий болно.

Дан ганц гэмт хэрэг гэхгүйгээр Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвөөр дүүрэн интернэт тоглоомын донтнууд байдаг. Тэднийг ийм байдалд хүргэсэн гол буруутан нь нөгөө л PC буюу интернэт тоглоомын газрууд. Өдөр шөнөгүй ажиллаж хүүхэд залуусыг жинхэнэ утгаар нь сэтгэцийн өвчлөлд өртүүлдэг. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд жилд 14-15 хүүхэд интернэт тоглоомын донтолтоос болж хэвтдэг гэнэ. Түүнчлэн интернэт тоглоомын газруудад орон гэргүй хараа хяналтгүй хүүхдүүд ихэвчлэн хонодог гэсэн мэдээлэл бий. Тэднийг нэг шөнө хонуулахад 2000-3000 төгрөг авдаг аж. Гагцхүү ашиг харж бусдын үр хүүхдийг золиосолж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 400 орчим интернэт тоглоомын газар байдаг гэнэ. Тэдний 10 орчим хувь нь стандартад нийцсэн тоноглол эрүүл ахуйн орчинтой гэсэн судалгаа гарчээ. Үйлчилгээний хувьд хангалтгүй гэсэн үнэлгээг бүгд авсан гэнэ. Ямар нэгэн үйлчилгээ явуулж байгаа бол насны хязгаар тогтоох нь зүйн хэрэг.

Алдрай бяцхан үрсэд аюулын харанга дэлдэж байгаа интернэт тоглоомын газруудыг цөөлөх нь зүйн хэрэг. Бүтэн 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг цорын ганц эрх мэдэлтэй байгууллага гэж тэднийг хэлэх байх. Цагийн үнэ 500 төгрөг байдаг гэж бодохоор 10 компьютертэй тоглоомын газар муугүй ашиг олдог нь тодорхой. Энэ хүчин зүйлээс нь үүдэж цаг наргүй ажиллаж залхуурал, солиорол, гэмт хэргийн эх үүсвэрийг нийгмийн дунд бий болгож байна. Хэдхэн жилийн дотор хүчээ авсан хамгийн хурдан мөнгө олох арга болсон интернэт тоглоомын газруудыг хэрхэх нь хуулийн байгууллагын мэдэл юм.

Харин үр хүүхдүүдээ галзуурлын ирмэгт аваачаад байгаа ээж, аавуудын анхаарал халамж энэ улсад үгүй болсон мэт. Хүүхдүүдийнх нь толгойг ганц интернэт тоглоомын газрууд л мэдэж буй.

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих