ЮНЕСКО-д бүртгэлтэй цэцэрлэгт хүрээлэн түймэрт өртжээ
Канарын арлуудын Ла Гомера аралд түймэр гарч Гаражонай үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь сүйджээ.
Өнгөрсөн даваа гарагт мэдээлснээр ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн үнэт өвд бүртгэлтэй уг цэцэрлэгээс нийт 350 гаруй га талбай түймэрт автсан байна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 70 гаруй хувийг лаврын мод эзэлдэг бөгөөд одоогоор битүү мананд дарагдсан байгааг албаныхан хэлж байгаа юм.
Ла Гомера арлын 1487 метр буюу хамгийн өндөр уул болох Гаражонайн нэрээр тус паркыг нэрлэжээ. Испани улсад харьяалагддаг Канарын арлуудаас нийтдээ 3000 гаруй га ой түймэрт өртөж сүйдсэн байна. Үүнээс гадна ойролцоогоор 25 орчим орон сууцны байшин шатаж, 600 гаруй оршин суугч өөр хот руу дүрвэжээ.
Гэхдээ агаарын хэм буурч, чийгшилт нэмэгдэж байгаа нь гал унтраагчдад нэмэр болж байгаа бөгөөд түймрийг унтраасан бүсийн оршин суугчид гэртээ эргэн ирэх боломжтой болж байгаа юм.
Харин хөрш Ла Палма арал дээр гал унтраагчид түймрийг зогсоож чадсан гэнэ. 1400 га ой түймэрт автаад байсан юм. Улаан загалмайн нийгэмлэг одоогоор нийт 36 хүн бэртсэн гэсэн мэдээллийг өгч байна. Ла Гомера болон Ла Пальма арлуудад түймэр Өнгөрсөн бямба гарагаас эхлэн гарсан юм.
Албаныхан түймрийн шалтгааныг одоогоор тодорхойлоогүй байгаа гэнэ. Канарын арлуудын Засгийн газрын тэргүүн Паулино Риверо арлуудад түймрийг унтраах нисдэг тэрэгнүүдэд удаан хугацааны түшиц газар байгуулж өгөх тухай шийдвэрлэсэн байна.
URL: