Катарчууд шонхрын урхи тагтааг зөвшөөрөлгүй барьжээ
Тагтаа шувууг зөвшөөрөлгүйгээр барьж, авч явах гэж байсан катарчуудыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд уржигдар саатуулав. Тус дүүргийн “XVI хороо буюу Гандантэгчэнлин хийдийн орчмоос олон тооны тагтаа барьж, торонд хийгээд машинд ачиж байна” гэж иргэд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсаар мэдэгджээ.
Үүний дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд тагтаа барьж байгаа Катар улсын иргэдийг шалгасан байна. Тэд хэдийгээр БОАЖЯ, МХЕГ зэрэг байгууллагаас идлэг шонхор барих зөвшөөрөл авсан ч, тагтаа барих зөвшөөрөл аваагүй, ямар нэг хураамж төлөөгүй байж. Монгол Улсын хууль журмыг зөрчсөн катарчуудад холбогдох асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.РАВЖАА
mongolnews.mn
URL: