ЭКС ГИШҮҮН Д.ДОНДОГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ
-Л.Гүндалай, О.Чулуунбат нарын хэргийг удахгүй сэргээх бололтой-
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургаадугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд гурав дахь удаагаа хүргүүлсэн.
Гэвч тухайн үеийн УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярын зүгээс “Чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй” хэмээсээр энэ оны сонгуультай золгосон юм Уг нь УИХ-ын тухай хуулийн зургаадугаар зүйлд заасанчлан “УИХ-ын гишүүдийг гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн хэлэлцэх заалттай байсан. Гэвч УИХ-ын Дэд хорооны болон Байнгын хорооны дарга нар хууль тайлбарлах эрхгүй атлаа хууль тайлбарлаж, чуулганаар хэлэлцүүлэхгүй байсаар өдий хүрсэн билээ. Түүний гишүүний бүрэн эрх Парламентад шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөснөөр дууссан юм. Түүнийг нь хүлээж байсан уу, ямартай ч өнгөрсөн долоо хоногт Д.Дондогт холбогдох хэргийг сэргээн шалгах шийдвэрийг хууль хяналтын байгууллагынхан гаргажээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж буй юм. Түүнд 2009 оны наймдугаар сарын 28-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар хаацайлан өөрсдийгөө хамгаалсаар өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Үүний улмаас бусдад онц их хэмжээний буюу таван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан, олон яллагдагчтай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа зогсож, яллагдагч нар ял завших байдал үүсээд байсан юм. Энэ тухай ч Улсын ерөнхий прокурор УИХ-д хаягласан албан бичигтээ өнгөрсөн жил дурдсан байсан.
Д.Дондог нь 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа. Гэхдээ уг хэргийг АТГ, УМБГ-т шалгаагүйн учир нь цагдаагийн ажилтан холбогдсонтой холбоотой гэнэ.
Д.Дондог УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж. Улмаар тус компаниас “Сум бар” ХХК-ийн А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан аж. “Меритон” компаниас нэг сая гаруй доллар авч, 300 мянган ам.доллар, 400 сая төгрөгийг нь Д.Сайнбаяр авч Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан гэнэ.
Гэвч нөгөө газар нь бүтэхгүй болсон учраас “Меритон” компанийнхан хохирлоо олж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна. Энэ дунд ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан эрүүгийн төлөөлөгч Б.Ариунболд болон өөр нэг ажилтан холбогдон албан тушаалын байдлаа урвуулж, авлига авсан, хүн дарамталсан гэм буруутайд тооцогдоод буй гэсэн.
Харин гишүүн асан Д.Дондог уг хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээдэг билээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг ийнхүү сэргээн шалгаж эхэлсэн бол, удахгүй УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, О.Чулуунбат нарын хэргийг сэргээн шалгахаар болж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан, МАХН-ын гишүүн О.Чулуунбатад холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, НПГаас гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ. Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, 2006 оны гуравдугаар сарын 9-нд “Стоунлей интернэшнл” ХХК-тай 200 сая ам.долларын баримтат аккредитив гаргах гэрээ байгуулснаас болж Төвбанкнаас “М энд Р” компанид гурван сая гаруй долларыг хүү, торгуулийн хамт төлж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан.
2003, 2004 онд улсын валютын нөөцийг гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулахад тогтоосон таван сая ам.долларын лимитийг хэтрүүлэн, 2003 оны арваннэгдүгээр сарын 12-нд таван сая доллар, 2004 оны хоёрдугаар сарын 2-нд таван сая долларыг тус тус ОХУ-ын “Кредит траст” банкинд байршуулж, дээрх 10 сая ам.долларыг төлсөн мэтээр харуулах зорилгоор дахин 2004 оны арванхоёрдугаар сарын 28-нд ОХУын “Ийстэрнгейт секьюритис”-ийн дансанд 11 сая ам.долларыг байршуулан алдсан хэрэгт холбогдоод буй.
Шүүх түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж хэргийг хэлэлцэх шийдвэр гаргаснаар буцаагаад байсан. Энэ хэргийг мөн удахгүй шүүхээр хэлэлцэх гэнэ. УИХ-ын экс гишүүн Л.Гүндалайн хувьд түүнд холбогдох хэд хэдэн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохын зэрэгцээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулаад байсан. Өдгөө АТГ-т нэг хэргийг түдгэлзүүлээд байгаа юм.
Бидний авсан мэдээллээр, бусдын эд хөрөнгө завшсан гэх уг хэргийг нь удахгүй сэргээн шалгахаар болж байгаа аж. НПГ-ын эх сурвалж “Улсын ерөнхий прокуророос Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт удаа дараа тавьсан ч УИХ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй. Л.Гүндалайд холбогдох хэргийн нэг нь хэрэгсэхгүй болсон. Харин өөр нэг хэрэг болох Нямхүү нарт холбогдох хэргийг түдгэлзүүлээд байгаа. Гишүүний бүрэн эрх гэх хамгаалалт нь байхгүй болсон учраас удахгүй хэргийг АТГ-аас сэргээн шалгах байх” гэв.
mongolnews.mn
URL: