Ажилгүйдэл нэмэгдэж, хэмнэлтийн үе эхэллээ

Евро бүсийн иргэд өөрсдийн цаашдын ирээдүйг хэр эерэгээр харж байгаа тухай судалгааны дүн өмнөх жилийнхээс харьцангуй унажээ. Тус бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-ын ажилгүйчүүдийн тоо нэг сарын дотор 7000-аар нэмэгдэв. Тиймээс дараагийн гурван сард тус улсын эдийн засаг сайжрахгүй төлөвтэй байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн дэлхийн газрын тосны томоохон компани болох “Royal Dutch Shell” Европын банкуудаас хөрөнгөө татаж эхэлжээ. Энэ явдал Евро бүсийн эдийн засгийн өнөөгийн байдалд мэдэгдэхүйц хүндээр тусна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Бүсийн хямралын гол буруутан Грект нэмэлт зээл олгохыг Европын төвбанк дэмжсэнээр тус улсын сүйрлийг түр ч атутай зогсоож чадсан нь ойрд сонсогдоогүй сайхан мэдээ байв. Өөрөөр хэлбэл нэмэлт онцгой зээл олгосноор Грек ирэх есдүгээр сард олон улсын ээлжит тусламж авах хүртлээ тэсч чадахаар болжээ. Гэвч шүүмжлэгчид Европын Төвбанкны энэ үйлдлийг эрс буруушаасаар байгаа юм.

АНУ-ЫН ХЭРЭГЛЭГЧИД МӨНГӨӨ ХЭМНЭЖ ЭХЛЭВ

АНУ-ын Худалдааны яамнаас тус улсын эдийн засаг 1.9 хувиар тэлсэн гэж мэдээллээ. Гэсэн ч энэхүү өсөлтийг цаашид удааширна хэмээн судлаачид болгоомжилж байна. Нью-Йорк хот дахь” BNP Paribas” банкны ахлах эдийн засагч Жереми Лавсон хэлэхдээ: “Манай эдийн засаг үнэхээр хэцүү үед ирлээ. Хөдөлмөрийн зах зээл сул байгаагийн дээр орлого төдийлөн нэмэгдэх төлөвгүй байна” гэв.

АНУ-ын ДНБ-ийн 70 орчим хувийг хэрэглэгчдийн мөнгө зарцуулалт бүрдүүлдэг аж. Тус улсын хэрэглэгчид цаашид ч харьцангуй бага мөнгө зарцуулах төлөвтэй байгаа нь жижиглэнгийн худалдааны эргэлт буурснаас харж болох аж.

Судлаачдын үзэж байгаагаар, нэн ялангуяа автомашин зэрэг харьцангуй үнэтэй барааны борлуулалт буурах хандлагатай байгаа юм.

ИХ БРИТАНИД ТЭТГЭМЖ НЭХЭМЖЛЭГЧ НЭМЭГДЖЭЭ

Их Британи улсад ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжлэгчдийн тоо ганцхан сарын хугацаанд гэнэт 8100 хүнээр нэмэгдэж 1.6 саяд хүрсэн тухай тус улсын Статистикийн албанаас мэдээлжээ. Судлаачид энэхүү үзүүлэлтийг өсөх биш харин ч 4000 хүнээр буурна гэсэн хүлээлттэй байсан юм.

Эндээс харахад, Их Британи улсын хөдөлмөрийн зах зээлийн байдал эргэн сэргэхэд хүндрэлтэй байгаа нь тус улсын Ерөнхий сайд Давид Камероны хувьд ихээхэн дарамт болж байна.

Учир нь түүний хэрэгжүүлж буй төсвийн зардлыг бууруулах төлөвлөгөө нь Евро бүсийн өрийн хямралд сөргөөр нөлөөлж байгаа учир Их Британи улсын эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд хоёр дахь удаагаа удаашрахад хүргэх нь гэж сөрөг хүчин болох Лейборист намаас шүүмжилсээр байгаа юм.

Б.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих