Г.Уянга: Бид тийм амархан зүйл дээр эвслийг задлахгүй

-Бодлоосоо түр түдгэлзэх ганцхан шалтгаан надад бий-

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Мордохын хазгай гэгчээр энэ парламентын өнгө бараанаар дүүрэн байх шиг. Таны хувьд хэрхэн харж байна вэ. Улс төрийн өнгөөр улс орныг шинжвэл ирэх дөрвөн жил зуд болох нь уу гэлтэй?

-Би өмнө нь байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан. Миний том зорилго бол Үндсэн хууль болоод системийг шинэчлэн боловсруулж, өөрчлөх юм. Гэхдээ энэ бодлоосоо түр түдгэлзэх ганцхан шалтгаан надад бий. Тийм шалтгаанаар би Ардчилсан намтай хамтарч, эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжсэн.

-Тэр шалтгаан юу юм бол?

-Ардчилсан нам анх удаа бие дааж, ялалт байгууллаа. Улмаар бусадтай хамтарч өөрийн хөтөлбөр бодлогоо хэрэгжүүлэх боломж энэ намд олдлоо. Энэ бололцоог бид харж, бас олгох ёстой. Олгоод зогсохгүй энэ бололцоог нь дээд зэргээр ашиглах гэж хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан. МАН-ын хувьд намынхаа эрх ашгийг өмнөө тавьж, УИХ-ын үйл ажиллагааг гацаалаа. Гэхдээ энэ гацаа тэдний санаснаар болсонгүй. УИХ олонхио бүрдүүлээд урагшаа алхаж явна. Эхний алхам амжилттай болсон.

-Гэхдээ МАН гацаагаа тайлах сонирхолгүй байна. Дээр нь Шударга ёс эвсэл ч УИХ-ыг гацааж мэдэхээр нөхцөл байдал бий болж эхэллээ. Энэ олон ээдрээг тайлах хүнд байх болов уу?

-Ганц энэ удаад УИХ-д гацаа гараад зогсохгүй байх. Дахиад иймэрхүү гацаа үүсэх нөхцөл байдлууд бий болж мэднэ. Учир нь миний харж байгаагаар эмзэг Засгийн газар байгуулагдах нь. АН өөрөө 4-5 фракцитай. Эвсэж байгаа намууд нь 2-3 намын нэгдэл, эвсэл байх жишээтэй. Тийм болохоор аль нэг нам, хүчин, фракци  хуралд оролцохгүй гэвэл хуралдаан гацах боломжтой. Ийм нөхцөлд энэ парламент үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Яах вэ, явуулаад үзье. Сайнаар харвал бид хамтарч ажиллаад АН-ын мөрийн хөтөлбөрт туссан, мөн манай эвслийн мөрийн хөтөлбөрт туссан ард түмэн хийгээсэй гэж бодсон, дэмжсэн, тэгж бодож саналаа өгсөн мөрийн хөтөлбөрүүд хэрэгжинэ. Хэрэгжүүлэх ч учиртай.

-Гэвч муугаар харвал..?

-Хамгийн муугаар бодож, бид эвсэж хамтарч ажиллаж чаддаггүй юм аа гэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Тийм учраас энд нээг их дордоод байх юм алга. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс болж төрийн ажил гацаж, сүйд болсон юм ч одоогоор алга. Өнөөдөр (өчигдөр) УИХ дахь байнгын хороодыг байгууллаа. Удахгүй дарга нараа сонгож, томилно. Ингээд УИХ хууль ёсны бүрэн бүрэлдэхүүн, бүтэцтэй боллоо гэсэн үг. Үүний дараа Ерөнхий сайдыг томилох асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барьж, зөвшилцөх байх. Миний байр суурь бол ямар нэгэн асуудлаас болж Монгол төрийг гацаах тэр шалтаг, шалтгаан, шантаг тээг нь манай Шударга ёс эвсэл байж болохгүй гэсэн хатуу зарчимтай. Манай эвслийн олонх гишүүн ийм байр суурьтай учраас бид өнөөдөр (өчигдөр) УИХ-ын байнгын хороодыг байгуулууллаа.

-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр дөрвөн жилийн хорих ял сонссон нь Шударга ёс эвсэл бутрахад хүргээд байгаа юм биш үү. М.Энхсайханы мэдэгдэлд МҮАН Засгаас гарахгүй гэсэн бол МАХН-ын мэдэгдэлд хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Улс төрийн хүрээнийхэн ч хэдийнэ ийм прогнозыг гаргаад эхэллээ?

-Энэ бол хэтэрхий амархан прогноз байна гэж хэлмээр байна. Бид тийм амархан зүйл дээр эвслийг задлахгүй. Эвсэл анхнаасаа сонгуулийн гэхээсээ илүүтэй Монголын ирээдүйг олж харах, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх урт хугацааны бодлогын эвсэл байсан. Тийм учраас МАХН, МҮАН есөн жилийн хугацаатай улс төрийн холбоо байгуулсан. Зорилго нь зөвхөн сонгуульд ялах, Засаг барих биш. Үүнээс ч том  зорилго тавьсан учраас тийм амархан задрах эвсэл биш гэж бодож байна.

-Хэрэв МАХН-ын гишүүд намын даргыг нь хэлмэгдүүллээ гэж үзэн, Засагт орохгүй гэж шийдвэрлэвэл эвсэл задрах болов уу. Таны хэлж байгаагаар эвсэл бутрахгүй харин хамтарсан Засгийн газарт орохгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Ийм нөхцөл байдал одоогоор үүсээгүй байна. Иймээс би тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэж хэлэх нь ёс зүйд таарахгүй. Ер нь тийм нөхцөл байдал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна. Сонгогчид мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжүүлээсэй гэсэндээ саналаа өгч, дэмжсэн. Тэгэхээр энэ хөтөлбөрийг биелүүлэх нь бидний зорилго. Үүнийгээ эвслийн гишүүд бүгд ойлгож, ухамсарлаж байгаа гэж ойлгож байна.

-АН болоод Шударга ёс эвслийн хооронд байгуулсан гэрээнд үзэл бодол нийлэхгүй бол гэрээг цуцлах заалт орсон гэж байсан. Энэ үнэн үү?

-Гэрээ байгуулах хуулийн хүрээнд ойлголцохгүй асуудал гарвал аль болох зөвшилцөж, тохиролцож хамтарч ажиллахыг эрмэлзэх ёстой. Түүнээс биш аль нэг нам нь дангаараа гэрээг цуцлах эрх байхгүй гэсэн заалт л бий.

Парламент бол дан тэмцлээр явдаг талбар биш

-Ард түмэнд амласан амлалтыг нь нэхэмжилж, жанжны талбайд уриа лоозон барьж жагсаж байсан Г.Уянга парламентад хөл тавьж, халуун тогоонд нь орлоо. Та хэр өөрчлөгдсөн бэ. Саарал ордонд тухалсан эрхэм гишүүн ард түмний төлөө тэр үе шигээ тэмцэж чадах болов уу?

-Би чадна гэж энэ парламентад орсон. Миний ярьсан бодлогын шинжтэй хөтөлбөрүүд, олон түмний төлөө гэсэн тэмцэл энэ бүхнийг дэмжиж ард түмэн надад саналаа өгсөн. Энэ бүхнийгээ хэрэгжүүлээрэй, ярьж байгаа энэ том бодлого саналаа, Монголд хэрэгтэй ажлуудаа ажил хэрэг болгоорой гэж надад боломжийг өглөө. Мэдээж, би тэдний хүсэл зорилгыг нь биелүүлэхийн төлөө ажиллана. Ард түмнээс мандат авсан надад тэдний төлөө ажиллах өргөн боломж бий. Зөвхөн нам эвслийн эрх ашиг, тэр бодлого шийдвэрт баригдахгүйгээр эрх чөлөөтэй ажиллах бололцоог сонгогчид олгосон учраас би тэгэж ажиллаж чадна гэж бодож байна.

-Гэхдээ саарал ордныг гороолж, төмөр хаалганы цаана тэмцэх, дотор нь орж, дугуй танхимд нь тохой нийлүүлэн сууж мэтгэлзэх хоёр тэнгэр, газар шиг зөрүүтэй байх болов уу. Та өнөөдөр УИХ-ын гишүүн. Ард түмэнд амласан амлалтаа 100 хувь биелүүлж чадах болов уу?

-Ганц надаас шалтгаалах юм энд байхгүй. Жишээ нь, 76 гишүүний дийлэнх олонх дэмжиж байж асуудал батлагдаж, төрийн шийдвэр болно. Эцсийн үр дүнд нь ажил хэрэг болдог ийм систем дунд орсон. Иймээс надаас шалтгаалах зүйл бий, мөн шалтгаалахгүй зүйл ч бий. Гэхдээ би шалтгаалахаас нь эхлээд шалтгаалахгүйг нь хүртэл хийх болно. Гэвч систем, тогтолцооны буруу гэж орхихгүйгээр системийг нь олон түмэнд үйлчилдэг болгож өөрчлөхийн төлөө ажиллана. Уг нь хамгийн эхэнд хийх ажил энэ юм. Гэвч хамгийн хүнд хэцүү, магадлал муутай, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардах ажил. Хэрэв систем суурийг нь өөрчилж чадвал олон асуудлыг шийдвэрлэнэ. Нөгөөтэйгүүр, намаараа талцдаг, хуваагддаг байдлыг халахын тулд Үндсэн хуульд дахиад  өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ мэтчилэн олон том зорилтууд бий. Энэ талаар гишүүдтэй санал бодлоо хуваалцаж байгаа. Санал нэгтэй гишүүдтэй хамтарч хуулийн төсөл боловсруулж, өргөн барих, батлуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн.

-Та өмнө нь бохир улстөрчдийг шүүмжилж, муу муухайг нь илчилж байсан. Түүнийхээ төлөө шүүхийн хаалга татсан удаатай. Харин өнөөдөр нэг ангид тохой нийлүүлэн сууснаар улстөрчдийг ар, өврийг ухдаг тэмцэл тань сарниж байна гэж үзэж болох уу?

-Хүмүүс парламентынхныг нэг ангийнхан гэлцдэг. Үнэндээ тийм биш юм. Бид зарчмын том шийдвэр гаргах гэж, энэ улс орны хувь заяаг атгаж байгаа хүмүүс. Энэ парламентад буй хүмүүс олон зорилго тээж орж ирсэн болов уу. Зарим нь өөрийгөө хаацайлж, хамгаалах гэж, эсвэл мөнгөө аривжуулж, хамгаалуулах гэж. Гэхдээ тэдний санааны үзүүрт улс орон гэсэн, сонгогчдын эрх ашгийг дээдлэх бага боловч сэтгэл бий гэдэгт эргэлзэхгүй байна. Миний шүүмжилж байсан тэр УИХ-аас энэ парламентад зарчмын том өөрчлөлт гарсан. Ард түмний хүсэн хүлээж байсан тэр сонголтууд орж ирсэн. Жишээ нь, С.Ганбаатар, Ж.Батзандан цаашлаад есөн эмэгтэй энэ парламентад сонгогдлоо. Нөгөөтэйгүүр, иргэний хөдөлгөөн, Амлалт нэхэх ард түмний холбоо, үндэсний үзлийг тугаа болгосон МҮАН-ын төлөөлөл, бие даагчид гээд олноороо багтлаа. Энэ хүмүүс ямар ч байсан энэ парламентад жаахан ч гэсэн агаар салхи оруулах байх. Гэхдээ хангалттай хүч алга. Нэгэнт хангалттай хүч байхгүй тул олон түмний дэмжлэгийг авч ажиллана. Асуудлыг аль болох ард түмэндээ тайлбарлаж, ойлгуулж, хамтарч ажиллах нь миний ажлын гол чиглэл. Мэдээж, бид хүссэн хэмжээгээрээ л ажиллахыг бодно.

-Тэгвэл парламентын дугуй танхимд ч Г.Уянгаагийн тэмцэл өрнөнө гэсэн үг үү?

-Гэхдээ парламент бол дан тэмцлээр явдаг талбар биш. Илүү ухаалаг байдал, тууштай тэмцэгчийнхээ хажуугаар ухаалаг, уран улс төрийн бодлого хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд яавал олонхийн дэмжлэг авах уу, ямар үед нь олон түмний шахалтыг парламент руу үзүүлэх үү гэхчлэн олон үл мэдэгдэгчтэй бодлого шиг  улстөрчөөс илүү нарийн ухаан, тэвчээр, хатуужил шаардсан салбар.

-Гудамжинд тэмцэхээс тэс өөр гэж үү?

-Гудамжинд тэмцэх нь надаас илүү хамаарч, шалтгаалсан байлаа. Шүүмжлэл бол тийм л байдаг. Яг ажил хийе гэвэл арга барилын өөр зүйл шаардлагатай.

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих