Хотоор “хөглөрч” буй боржин чулуу хэний бизнес вэ?

Нийслэлийн авто зам донсолгоо, машин, чулуун хашлага гурваар л баян байна. Донсолгоо, машин хоёр ч яахав, хэзээнээс танил болчихсон. Харин боржин чулуун хашлага “газрын хаанаас” ийм олноороо гараад ирэх нь энэ вэ.

Хэрэгтэй газартаа байрлаж байгаа бол хэн, юу хэлэхэв. Харин энэ хашлаганууд нэг л биш, бүр биш газруудад байгаад асуудал байна. Ганцхан жишээ өгүүлье.

Нийслэлд зам засварын ажил эхэлсний дараахнаас “Хар хорин” захын чанх арын зам дээрх явган хүний гарцыг чулуун хашлагаар хааж, тэр хэсгийн замыг машин буцаж эргэдэг уулзвар болгон өөрчилжээ. Машин буцаж эргэдэг тэр хэсгийг ч өнөөх чулуун хашлагаар хийсэн байна. Өдөр болгон энэ хэсгээр зам гараад сурчихсан тэр хавийн хүмүүс бухимдсанаас болсон уу, гарцыг таглаж хийсэн хашлагыг саяхнаас буцаагаад сэтэлчихэж.

Ингээд энд машин буцаж эргэнэ, хажуугаар нь нэгэнт гарцын тэмдэглэгээтэй, тэгээд ч өмнө нь энэ л хэсгээр “зам хөндлөн гараад сурчихсан явган зорчигчийн цуваа тасрахгүй. Жолооч нар буцаж эргэх гэхээр явган зорчигч нар бөөн бөөнөөрөө замд нь тээглэж жолоочийг ундууцуулна. Тэгээд чаддагаараа дуут дохиогоо хангинуулж сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь, “Гарцтай газраар буцаж эргэж байж юундаа түрэмгийлдэг юм” гэж явган зорчигчид ширүүлнэ. Ийм л дүр зураг “Хар хорин” захын арын зам дээр бүтэн өдөржин үргэлжилдэг.

Захаас хүнсээ цуглуулаад уут, шуудайгаар нь дамжилсан хүмүүс жолооч нарт ад үзэгдэж энэ хэсгээр зам хөндлөн гарах, эсвэл дээр нь байх гүүрэн гарц руу мацаж, уруудахаас өөр сонголт үлдсэнгүй. Гүүрэн гарц ч гэж дээ. Дундуур нь хоёр хүн зөрж гарах зай ч үлдээлгүй алт, мөнгөний дархан, хувцас захиалга, баар, цэнгээний газраар дүүрсэн газар. Чийг, шээс ханхалсан хонгил гэвэл илүү тохиромжтой байх.

1990-ээд оны үед манай Засгийн газраас 500 сая гаруй төгрөг гаргаж энэ байгууламжийг барьсан гэдэг юм билээ. Одоо тэгээд зам гарахын тулд энэ гүүрэн гарц руу мацдаг нэг ч хүн байхгүй. Тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс замыг хаагуур нь гатлах юм, бүү мэд. Энэ замын хойд талын гэр хороололд нийтдээ 30 мянган оршин суугч бий гээд бодохоор энд байсан гарц ямархуу ачаалал үүрдэг нь ойлгомжтой.

Өнгөрсөн жилийн зам засварын ажлаар энэ хэсгээс жаахан цаана, “Барс-2″ захын ард талын замд байсан уулзварыг мөн боржин чулуун хашлагаар хааж, өөр газарт шилжүүлсэн байна. Байрлал нь өөрчлөгдсөн уулзвар, боржин чулуун хашлага хоёр хэн нэгний хэтэвчийг чамгүй зузаатгасан учраас л өнөө жил иймэрхүү ажил газар аваад байгаа бололтой. Харин энэ нь явган зорчигчид болоод төмөр хүлэгтнүүдийн таалалд огтхон ч нийцэхгүй байна. Тэдэнд гай болохгүйгээр, “цэвэрхэн” хийж чадсан бол хэнийх нь мэдэгдэхгүй энэ бизнес хүний анхаарлыг татахгүй байсан биз.

Нэртэйгээр нь, 21 аймгийнхаа сум тус бүрийн засмал, засмал биш замыг дагуулаад боржин чулуун хашлагаа “шахвал” яасан юм бэ. Замынхаа бөглөө, ус зайлуулагч хоёрыг бүрэн шийдчихэж чаддаггүй бидэнд энэ олон чулуун хашлага л дутаад байгаа юм байх.

Орон сууцны хорооллын доторх замын хашлага хүртэл чулуун хашлагаар “бөөлжиж” байгааг оршин суугчид өгүүлж байна. Боржин чулууг байгалиас олборлоод бэлэн бүтээгдэхүүн болгох хүртэл багагүй хөрөнгө зарцуулдаг. Тэр ч утгаараа энэ хашлага өндөр үнэтэй байж таарна. Боржин чулуугаар нэг хөшөө хийхэд л хэчнээн их үнэ өртөг төлдөг билээ дээ. Тэгэхээр хэн гэдэг хүний бизнес, хотын гудамжаар “хөглөрөөд” байгаа нь анхаарал татаж байна.

Энд байсан гарцыг таглаж, тэнд байсан уулзварыг “чирж” авчраад, хуучныг нь “авсалж” орхидог зугаатай “тоглоом”-ыг хэн удирдаад байна вэ. Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.

Х.Хулан

”Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих