Э.БАТ-ҮҮЛИЙГ ЕРӨНХИЙ САЙД ЗАСАГ ДАРГААР БАТЛАМЖИЛЛАА

Ерөнхий сайд С.Батболд өчигдөр Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар томилж, батламжийг нь гардуулж өглөө. Мөн Г.Мөнхбаярыг уг албанаас чөлөөлсөн юм. Ингэснээр Э.Бат-Үүл нийслэлийн 31 дэх Засаг дарга болж буй юм. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-д зааснаар НИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, Ерөнхий сайд томилон батламжлах учиртай юм.

НИТХ-аас тогтоол хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан шийдвэр гаргадаг. Нийслэлийн ажлыг гацаахгүйн тулд Ерөнхий сайд ийнхүү шуурхайлснаа уулзалтын үеэр онцолсон байна. Мөн төрийн албаны мэргэшсэн залгамж чанарыг хадгалахыг сануулж, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа амжилттай хийж хэрэгжүүлэхийг хүсчээ.

Шинэхэн Засаг даргаас хамгийн түрүүнд хийх ажлыг нь лавлахад “Зам засварын ажилтай уялдаад байдал хүнд байна. Тиймээс энэ ажлыг хамгийн түрүүнд зохицуулна. Мөн өвөлжилтийн бэлтгэлд анхаарна. Энэ талаар сэтгэл зовоосон мэдээлэл байна. Үүнд л ойрын үед ханцуй шамлан орно” гэлээ. Дараа нь тэрбээр 15.30 цагт тамга тэмдгээ хүлээн авав. Ажлаа хүлээлгэн өгсөн хотын экс мээр Г.Мөнхбаяр түүнд баяр хүргээд, 2012 оны эхний долоон сарын байдлаар нийслэлийн төсвийн орлого, зарлага ямар байгааг танилцуулж, Улаанбаатар хотод хийж буй хөрөнгө оруулалтын ажлуудын тайланг хүлээлгэн өглөө. Энэ оны эхний долоон сарын байдлаар нийслэлийн төсвийн орлого 14.9 тэрбум төгрөгөөр давуу яваа бөгөөд дансны нийт үлдэгдэл 133 тэрбум 394 сая төгрөг байгаа гэнэ.

Төсвийн мэдээллийг танилцуулсны дараа тэрбээр өнгөрсөн хугацаанд гаргасан бодлогыг нь хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилласан хамт олондоо талархлаа илэрхийлсэн юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа зах зухаас энэ үеэр танилцуулсан. Юуны өмнө тэрбээр Улаанбаатар хотыг хөгжүүлж, бахархал төрүүлэх хот болгохын төлөө зүтгэхээ амлаад анхнаасаа нэлээд хатуу ажиллана гэж хамт олондоо сануулав. “Хотын засаг, захиргаанд ажиллаж байгаа хүмүүст нэг л шаардлага, хүсэлт тавина. Хоноцын сэтгэлээр бус, гэрийн эзний сэтгэлээр хамтран ажиллана шүү. Ингэж чадахгүй хүмүүстэй хамтарч ажиллахгүй” хэмээн тэрбээр хэлсэн.

Түүнчлэн авлигагүй нийслэл болгохын тулд бүх ажилчин, албан хаагчтайгаа ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах тухай гэрээ байгуулахаа дуулгав. Ямар ч байсан энэ ондоо багтан гэр хорооллын хэд хэдэн хэсгийн төлөвлөлтийг оршин суугчдын саналд тулгуурлан гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв тэгж чадвал хөрөнгө оруулалтыг нь он гармагц эхлүүлэх юм байна. Түүнчлэн нийслэл, дүүргийн Тамгын газар, Засаг дарга гээд бүхий л байгууллагын үйл ажиллагааг ил болгож, төсвийн орлого, зарлагын мэдээллийг өдөр бүр нээлттэй мэдээлж байх гэнэ. Гаргасан тушаал, шийдвэрүүд ч 24 цагийн дотор олон нийтэд хүрдэг болох аж. Хийхээр төлөвлөсөн бас нэг том ажил нь нийслэлийн Хот байгуулалтын хүрээлэнгээс хийсэн 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг УИХ-аар батлуулах юм байна. Энэ мэт олон ажил хийхээр төлөвлөснөө тэрбээр хэлээд удахгүй Засаг даргын мөрийн хөтөлбөрөө НИТХ-д танилцуулахаа мэдэгдсэн.

 

С.УУЛ, Р.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих