ТАЙЗНЫ АР ДАХЬ ТАВАНТОЛГОЙН IPO
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг эзэмшиж буй монголчуудын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, ногдол ашиг хүртэх хугацаа нь ирэх жил хүртэл хойшлов. Монгол, Хонконг, Лондоны хөрөнгийн биржид зэрэг IPO хийхээр зэхэж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хугацаагаа ирэх сар хүртэл хойшлуулсан тухай “Bloomberg” мэдээлж байсан. Тэгвэл IPO хийх хугацаа ирэх оноос ажил хэрэг болж магадгүй гэдгийг “Reuters” дамжууллаа.
Өнөөг хүртэл Тавантолгойн Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажил эцэслээгүй, Хонконгийн биржээс татгалзсан хариу сонссон “Эрдэнэс Тавантолгой” хэрхэн гурван биржид зэрэг IPO хийх гээд байгаа нь тодорхойгүй, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн барьж, намрын чуулганыг хүлээж байгаа учраас “Reuters”-ийн дамжуулсан мэдээ ортой аж.
ЖИГТЭЙ ЯВДАЛ, МУУ МЭДЭЭ, ШИНЭ БОЛОМЖ
“Эрдэнэс Тавантолгойн IPO-г Монголын хөрөнгийн биржид тодорхой хувийг нь гаргаж, олон улсын томоохон биржүүдэд давхар гаргах зохицуулалт одоогийн хуульд байхгүй. УИХ-д өргөн барьсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ асуудлаар нарийвчилсан зохицуулалт орж байгаа. Уг хууль батлагдаж байж энэ бүхэн бололцоотой болно” хэмээн Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай ярьсан. Тус биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд ч мөн ийм бодолтой байна. “Уг хуулийн шинэчилсэн найруулга өмнөхөөс илүү уян хатан болсон. Жишээ нь, түүхий эдийн үнэ хэлбэлзэх бүрт УИХ хуулиа дахин шинэчлээд явах боломжгүй шүү дээ” гэж Б.Болд хэлэв. Ямартай ч ирэх намрын чуулганаар уг хуулийг батлах байх. Улмаар Монголын хөрөнгийн биржид IPO хийх боломж нээлттэй болчихно.
Харин Хонконгийг яах вэ гэх асуултын хариу тодорхойгүй хэвээр байна. “Хонконгийн биржид бүртгүүлэхэд хууль эрх зүйн саадтай тулгарсан. Тиймээс IPO хийхэд хэдэн хувийг нь тус биржид арилжаалах боломжтойг судалж байна” хэмээн “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Л.Энэбиш “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус компани IPO хийхэд Лондоноос илүү Хонконг тохиромжтой гэдгийг шинжээчид сануулж байгаа. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд зургаан сарын өмнө бүртгүүлэх хүсэлт, танилцуулгаа хүргүүлж, энэ хугацаанд хувьцааны үнэлгээнд нөлөөлөх ямар нэг алхам хийхгүй байх үүрэгтэй. Гэтэл иргэдэд өгч байгаа хувьцааны үнийг нэг сая төгрөг гэж заасан, тэрхүү хувьцааг Засгийн газар нь бэлэн мөнгөөр худалдаж авахаар болсон зэрэг нь Хонконгийн хөрөнгийн биржийн хувьд урьд үзэгдээгүй жигтэй явдал, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд муу мэдээ болон хувирлаа.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Лондоны хөрөнгийн бирж FTSE 100 индекстээ тус компанийг оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн сураг ч байна. Хэрэв Хонконг, Лондоны хөрөнгийн биржид IPO хийх боломжгүй болбол “Эрдэнэс Тавантолгой” хадгаламжийн сертификат (Depositary receipt) гаргах хувилбар бий тухай гаднын хэвлэлүүдэд бичжээ. Хадгаламжийн сертификатын арилжаагаар дэлхийд тэргүүлдэг дөрвөн томоохон банкны төлөөлөл өнгөрсөн өвөл Монголд ирээд буцсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
БИД ЮУ АЛДАВ
Монголд ид өрнөж буй улс төрийн “хэт” сонирхолтой үзэгдлүүд манай орны ирээдүйд, эдийн засагт маш чухал нөлөө үзүүлэх “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх хариуцлагатай үйл явцыг тайзны ард орхив. Гэвч энэ зуур бид цагаас гадна нэлээдгүй зүйлийг алдсаныг эдийн засагчид сануулж байна. “Монголд өнөөдөр Оюутолгойгоос өөр “хөдөлж” байгаа төсөл алга шиг л байна. Өнгөрсөн онд тонн коксжих нүүрсний үнэ 300 ам.долларт хүрч, манай хууль ч хөрөнгө оруулагчдад ээлтэй байлаа. Гэтэл өдгөө нүүрсний үнэ буурсан. Тал талд хөлөө жийлцэж байх зуураа бид маш тааламжтай нөхцөл, боломжийг алдлаа” хэмээн Б.Болд ярьсан. Европын өрийн хямралаас үүдэж, дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ буурах таамгийг шинжээчид дэвшүүлж байгаа. Эдгээр түүхий эдийн хугацаат ханшууд ч үүнийг баталж эхэлсэн. Тэгэхээр коксжих нүүрсний үнэ дахин өснө гэх хоосон “мөрөөдөл”-ийг хүлээх хэрэг бидэнд алга. Дэлхийн зах зээлд тонн коксжих нүүрсний үнэ өнгөрсөн онд 330 ам.долларт хүрч байсан бол өдгөө 220 болтлоо шалдаа буужээ.
ТАВАНТОЛГОЙ ДАХЬ ЗУРГААН СОНИРХОЛ
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гацсан бас нэг томоохон шалтаг нь Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалт байна. Талуудын сонирхлыг тэнцүүлж чадаагүйн улмаас уг асуудал таг чиг болоод удав. Тэгвэл сонгон шалгаруулалтад тунаж үлдсэн АНУ-ын “Peabody Energy”, БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui & Co” компаниудын консорциум, “Оросын төмөр зам” болон Японы консорциум, БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австралийн “Xstrata coal”, Бразилийн “Vale”, Люксембургийн “Arcelor- Mittal” гэх зургаан тал гаднын хэвлэлүүдээр дамжуулан өөрсдөд нь ногдох бялууны хувийг чамлаж, ихэсгэхийг хүсэж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Хэсэг чимээгүй байсан дээрх компани, консорциумууд дахин хөдөлгөөнд орж, “аяны шувуугаар үг дайх” болсон нь шинээр байгуулах Засгийн газрыг чиглэж байгаа болов уу. Зөвхөн тэд ч биш Монголын уул уурхайг чиглэсэн, овоо хараандаа авсан гаднын хөрөнгө оруулагчид шинээр байгуулах Засгийн газар, уул уурхайд, гаднын хөрөнгө оруулагчдад ямар бодлого баримталж харилцах вэ гэдгийг хүлээж байна.
Ж.ТЭГШЖАРГАЛ
URL: