21 толгойтой хотгойлжин хар мангас төрөх түүх

Ардын үлгэрт арван толгойтой атгаалжин хар мангасын тухай үг, дүрслэл бий. Хотгойлжин 25 толгойтой нь бүр ч аймшигтай. Үлгэрт бүхнийг үнс нурам болгодог мангас өнөө цагийн XXI зуунд бодитоор амилж байгаа түүх эхэлж байна. Олон толгойтой мангасын жижиг толгойнуудыг хэчнээн таслаад ч ардын үлгэрийн баатар хүү ард түмнээ аварч чаддаггүй.

Гол толгой буюу том толгойг сэлмээр цавчиж байж сая дайснаа дарж, дархан цолоо мандуулах мэтээр үлгэр үргэлжилнэ. Харин орчин цагт, Монголын төрд мэндэлж байгаа 21 толгойтой мангасын гол толгой хэн болох нь мэдэгдэхгүй. Энэ нь л ирээдүйн үнс, нурам, гай, гамшгийн их, багийг тодорхойлох шалтгаан болоод байгаа юм. Энэ бол АН-ын түр байгуулах гэж байгаа 21 яамтай түр Засгийн газар юм.

Том толгой нь нэгэн цагт энэ улсын эзэн хаан байсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сайжрах замынхаа садаа, өөдлөх шатныхаа өргөс хэмээн үзэн ядаж байгаа Ц.Элбэгдорж ч юм шиг. Бүхнийг мөнгөөр худалдаж авдаг, Ардчилсан намд тусмаа айх хүнгүй болсон Х.Баттулга ч юм шиг. Эсвэл тэр хоёр хүний эрх ашгийг зангидангаа уран заль гаргаж, өөртөө хамгийн их ашиг хонжоотой суугаа Н.Алтанхуяг ч юм шиг. Жижиг толгойнууд ч таарсан бүхнээ түймэрдэж, мод төмөр ялгалгүй залгилж таарна.

Ийм олон эрх ашиг, эзэн биеийг нэгтгэхийн тулд жижиг, том олон толгой нэмсэн Засгийн газар учраас ард түмний эрх ашиг хумсын төдий хавчуулагдаагүй мангас болох гээд байна. Хотгойлжин мангасын 21 толгойн нэг хэсэг Ц.Элбэгдоржоос, нөгөө хэсэг Х.Баттулгаас, за бараг дийлэнх нь Н.Алтанхуягаас бүрдэж байна. Ерөнхий сайдаар буюу хотгойлжин мангасын гол толгойгоор Н.Алтанхуяг хэдий ч ард нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар буйгаараа яах аргагүй хувилагч шинжтэй. Хувилагч шинж хэдий чинээ их байна хор хөнөөл төдий чинээ их нүүрлэнэ. Басхүү төр засгийн газар гэдэг шинжээ сайн агуулна.

Ардчилсан намын зальтай, сул доройгүйчүүдийг тэргүүлдэг Н.Алтанхуяг хамгийн удаан намын даргын суудлаасаа ганхахгүй байгаа нэгэн. Тэр сул доройгоо мэддэг учраас эртнээс далдуур мөлхөж, өөрийнхөө талд гар өргөх хүмүүсийг зальдаж, итгүүлж бэлтгэдэг. Тиймийн учир Ардчилсан намынхны даргаа солих хуй, шуурганаас ганхсан ч сэмээрхэн үлдсээр байгаад өнөө хүрсэн. Муу, сул улстөрчийнхөө утгаар энэ улсад гай болох нь гарцаагүй энэ хүн өөрийгөө байх ёсгүй хэмжээнээс хэд дахин дээгүүр зиндаанд авчирчихаад байгаа улстөрийн бизнесмэн.

“Хаан жимс” түүний авлигыг нууж чадахгүй. Хагартлаа баяжсан нь улстөрөөр бизнес амжилттай явуулж буйн үр дүн. Тийм ч учраас хотгойлжин мангасын 21 толгойны хавьгүй олон нь Н.Алтанхуягийн алаг нүдний харцаар хөдлөх, үгсэн зөвшиж амьдрах даалгавартай хүмүүс. Ямартай ч, эдийн засаг, хөгжлийн сайдаар Н.Батбаяр МҮДН фракцаас тодроод байна. Ардчилал нэрээр арай гэж халхалдаг задрал бутралын нь гэрч болсон олон фракцын нэг МҮДН-ын толгойлогч “фортуна” дургүйгээ хүрэхээр өөрийнхөө гэгдэх хүмүүсийн УИХ-ын гишүүний нь картыг суга татаад зугтчихдаг.

Гэхдээ “фортуна” тулсан газарт Н.Алтанхуягийн талд тоглоно. Хуульзүйн сайдаар Ц.Элбэгдоржийн “долдугаар сарын 1-нд хүн буудчихаад халаасалчихсан хонгиог” дамжуулж халаасалсан Х.Тэмүүжин тодорсон байна. Энэ хүн баггүй, хань хамсаатангүй. Ц.Элбэгдорж түүнд энхрий дотно байсан ч сүүлийн үед харилцаа тасарснаас болж, Н.Алтанхуягаар “Төв аймагт нэр дэвш…” гэж хүртэл нүд үзүүрлэгдэн хөөгдөхдөө долдугаар сарын 1-ний хэргээр шоудаж, Ардчилсан намд оноо авчрах гэрийн даалгавар авсан нөхөр.

Монгол Ардын Намын М.Энхболд, Су.Батболд гэсэн хоёр босоо аварга байхад хажуугаар нь хотын шалдан банди Х.Тэмүүжинг илгээх үг Н.Алтанхуягийн амнаас унана гэдэг нь тэдний харилцаа тэнгэр, газар мэт хол байсны илэрхийлэл. Харин ойртуулахын тулд хичээсэн Х.Тэмүүжингийн гүйцэтгэл ерөнхийдөө сайн хийгдсэн.

Зорилгодоо хүрсэн болохоор өнөөдөр Х.Тэмүүжин шударга хуульчийн дүрд тоглох өнцөг долдугаар сарын 1-ний хэргээ умартахтайгаа хамт олон нийтэд анх танигдсан хуульч гэдэг нэрээ булшилсан. УИХ-ын сонгуулийн өмнө намынхаа жагсаалтад багтахын тулд “Х.Тэмүүжин л хайран байна” хэмээн захиалж бичүүлэн байж гуравдугаарт орж ирсэн болохоор нь хуульч мэргэжлээ бараг сэтгүүлчээр сольжээ гэж яригдаад ч удаж байна.

Ямар ч байсан түүнийг одоо улстөрийн хүрээнд “Х.Тэмүүжин өмхийрчихсөн” гэж ярих болсон билээ. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байж жагсаалтад ороод, УИХ-ын гишүүн болсон түүний хувь заяа бас л Н.Алтанхуягаас яах аргагүй аргамжаатай болчихсныг нэр дэвшүүлэлтийн үеийн Ардчилсан намын даргын аяглалаар тод харагдсан. Энэ өмхий хүнтэй хамт С.Эрдэнэ гэдэг боевик нөхөр бас Хуульзүйн сайдад хүч үзэж байгаа.

С.Эрдэнэ бол Н.Алтанхуягт хэзээ ч, хаана ч салаавч өгч чадна. Тийм замаар Н.Алтанхуягийн босгыг давах уу, яах вэ гэсэн бодолдоо итгэе гэвэл тэр Ц.Элбэгдоржтой ярилцах ёстой. Ц.Элбэгдорж дэмжин гар өргөвөл С.Эрдэнэ шууд сайдын суудал уруу дайрна. Жинхэнэ хууль зөрчигчид хуулийн салбар, талбар уруу дайрна гэдэг яавч сайны ёр биш л дээ.

С.Эрдэнээс хуулийг гууль болгох юу ч гарч мэднэ. Засгийн газрын дугаартай машин, утасны төлбөрт ч хяналт тавьж төсвийн хөрөнгө хэмнэх тухай их ярьсан Лу.Гантөмөр Боловсрол шинжлэх ухааны сайдаар цохогдсон. Нам дахь залуучуудын бүлэглэл гэх нэрээр улстөрийн зорилгоо хангадаг тэр яг чанартаа намын дарга хэн байна түүнтэй учраа олж, хамеолон болж чадна.

Нийгмийн хамгааллын сайдаар Д.Нямхүүг зүтгүүлэх эзэн нь бас Н.Алтанхуяг гарцаагүй. Тэд UBS сүлжээнд хамрагддагаа хэчнээн нуух гэж оролддог ч С.Эрдэнийг шоронд явуулах бичиг хамтарч үйлдсэнээрээ хамаг “ор, хөнжлийн” харилцаагаа нийтэд илчилсэн юм даа. Н.Алтанхуягийн дараагийн хүн бол Эрдэс баялгийн сайдын суудлыг онилсон Б.Ариунсан. Удаа дараа сонгуульд өвдөг шороодсон энэ хувь заяагүй хүн Н.Алтанхуягийн хэтэвч болдгийнхоо хэргийг энэ удаад яах аргагүй хүртэх шинжтэй.

Гэхдээ Н.Алтанхуягийг угжсан хөрөнгө, санхүүжилтээ сайд болоод илүү олон дахин өсгөж хохирлоо нөхөхөөр төлөвлөчихсөн яваа болохоор л 21 толгойтой Засгийн газрыг хотгойлжин хар мангас гээд байгаа хэрэг. Н.Алтанхуягийн ихэр “хүүхэд” Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрын хэн нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болно гэж нэр нь зоогдсон байна лээ. С.Баярцогт УИХ-ын дэд дарга болж ч магадгүй. Гэтэл энэ хоёр “Алтангудас”-ыг УИХ-ын дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болгохгүй гэсэн шаардлагыг АН-ын фракцууд Н.Алтанхуягт хүргүүлжээ.

Тэд мэдэгдэлдээ “С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар удаа дараа албан тушаалд томилогдсон. Томилогдож чадахгүйд хүрэхээрээ Бүдүүн бүлэг гээчийг байгуулж, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэж байсан. Тэгэхээр энэ хоёр нөхрийг ямар нэг томилгоонд оруулахгүй байхыг хатуу сануулъя” хэмээжээ. Харин А.Мөнхбат хэмээх нөхөрт Харилцаа холбоо, технологийн гээчийг байгуулж өгөх сураг байгаа. Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайдаар тодорсон Д.Ганхуяг бас л З.Энхболдоор дамжуулан тулсан газарт Н.Алтанхуягийн талд гар өргөх хүн болон очиж байна.

Х.Баттулга гэдэг хөрөнгөтний зүтгүүлж байгаа хүмүүсийн жагсаалтыг Ц.Оюунгэрэл тэргүүлж, Хөдөлмөрийн сайдаар бараг тохирчээ. Зам тээврийн сайдад ташуурдсан А.Гансүхийгээ амжихгүй бол Улаанбаатар төмөр замын даргад зүтгүүлнэ. Буурал А.Гансүх ч “За бараг яамнаас төмөр зам гэх вант улс нь дээр дээ…” гэж үзэж байгаа. Батлан хамгаалахын сайдаар “женко дарга” Ш.Түвдэндоржийг чихчихсэн. Энэчлэн хэд, хэдэн яамыг өөрийнхөө гарын хүмүүсээр толгойлуулах тохиролцоотой Х.Баттулга өөрийнхөө олон үйлдвэрийг мандуулж, бадруулахаар Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн сайдын суудлыг онилсон.

Эцэст нь, Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй хүмүүс орж ирнэ. Нэлээд маргаан дагуулан Лу.Болдын санаархаж байгаа Гадаад хэргийн сайдын суудалд С.Баттөрийг Ерөнхийлөгч зүтгүүлж байгаа. Дээхнэ үед Боловсролын сайд байсан энэ нөхөр бас л Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр Элчингээр явсан. Бараг нэг нутгийн гэдэг байх шүү. Соёлын сайдад оноогдсон хэнд ч танигдаагүй Ц.Оюундарь хүүхэн бас яах аргагүй Ц.Элбэгдорж автортой.

“Шударга ёс” эвсэлд олгосон квот ёсоор Эрчим хүчний сайдад МАХН-ын М.Сономпил, Эрүүл мэндийн сайдад мөн МАХН-ын Н.Удвал. Зарим мэдээллийн хэрэгслээр Эрүүл мэндийн сайдад С.Ламбаагийн нэрийг дурдсан ч энэ бол ташаарал. Зүгээр горьдлого тээсэн С.Ламбаагийн нисгэсэн “бор шувуу”. Горьдоогүй байсан ч намдаа нэр, төртэй мэт харагдах шаардлага бол С.Ламбаагийн хэмжээний “сөнөсөн галт уулд” байх нь ойлгомжтой. Түүнийг энэ салбарын сайдад яагаад яригдах боломжгүйд ийм итгэлтэй байна вэ гэвэл, “Шударга ёс” эвсэл Ардчилсан нам хоорондын нууц гэх гэрээний нэгдүгээр заалт нь Н.Энхбаярыг ялгүй гаргах, хоёрдугаарт, Н.Удвалыг Засгийн газарт багтаах, тэр тусмаа Эрүүл мэндийн сайд болгох тухай хатуу заасан гэх юм билээ.

Гэрээгээ зөрчиж, Н.Энхбаярыг шорон уруу ачуулсан Н.Алтанхуяг ичих нүүрээ элгэндээ наалгүй Н.Удвалаас арай ч амласан яамаа татаж чангаачихгүй байна. Дотоод хэргийн сайдаар Л.Цог. Үндсэн хууль зөрчиж, спикерийн тамгыг авсан Ардчилсан намынханд хурал удирдагч хөгшин болж гайхалтай үйлчилсэн болохоор түүнд тээглэх бэрхшээл бараг үгүй. Олон өрсөлдөгчтэй байгаа Тэргүүн шадар сайдын суудлын хоёр кандидат нь “Шударга ёс” эвслийн Ч.Улаан, Д.Тэрбишдагва.

Уг нь төлөвлөгөө ёсоор М.Энхсайханд Тэргүүн шадар сайдын суудлыг өгч Сангийн яам уруу Ч.Улааныг түлхэх сонирхол бий. Сангийн яам уруу М.Энхсайхан ч явж магад. Энэ хоёр суудал бол хоосон үлдэхгүйн төлөө элдэвлэж байгаа Д.Тэрбишдагвын нүүдэл, суудлаас хамаарч шийдэгдэнэ. Байгаль орчны сайдаар ИЗНН-аас С.Дэмбэрэл, Аялал жуулчлалын сайдаар С.Оюун нарыг тус тус зурчихсан байна.

Үлгэрийн 25 толгойтой хотгойлжин мангасаас дөрвөн толгойгоор дутуу шинэ Засгийн газрын бүтэц яригдаж байгаа ч нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй. Тэр хэмжээгээр үнс, нурам өгүүлшгүй их болно байх даа.

Б.Цэнгэл

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих