Олон нам төрд гарснаас л гацаа үүслээ
Төрийн ажил гацаанаас гарч, түмний амьдрал жигдрэх болоогүй бололтой. Улстөрийн гацаа зөвхөн МАН-аас биш УИХ-д суудалтай АН, МАХН-МҮАН-ын «Шударга ёс» эвсэл, ИЗНН-аас шалтгаалж байна. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн түүхэнд байгаагүй өвөрмөц сонголтыг хийсэн. Гэвч монголчууд багийн тоглолтод тааруухан гэдгийг улстөрчид ёстой нэг харуулж байна даа. Иргэд, сонгогчид арга ядсандаа өмнөх шигээ л хоёрхон намыг төрд илгээчихсэн бол арай ч ингэж хэтэрхий улстөржиж, ард түмнээ хохироохгүй байсан болов уу гэж гоморхож сууна.
Олон нам төрд гарахаар хоорондын тэмцэл «өшөө авалт» нь улам хурцдаж байна шүү. Өөрөөр хэлбэл, улстөрийн тогоонд цусгүй тулаан өрнөлөө. XX зуунд монголчууд МАХН/МАН/ гэдэг ганцхан намын эрхшээлд амьдарч байсан. Тэгэхдээ өнөөгийнх шиг ингэж бодлогогүй, хаврын тэнгэр шиг аашилж, төрийн ажлыг гацааж байгаагүй юм хэмээн хөгшид халаглаж байна. Уг нь бид ардчилсан нийгэмд хөлд тавиад, зургаа дахь удаагийн УИХ-ын сонгуулиа хийсэн. Гэсэн ч улстөрийн хоёр том хүчин эрх мэдэлтэй, олонх байхын төлөө нэгнээсээ өшөө авах зорилго өвөртөлчихсөн мэт байна.
1996 оны сонгуулиар AH олонхын суудал авсан. Тухайн үед МАН улстөрийн томилгооны асуудлаар
хэдэн сар завсарлага авч байв. Үүнээс үзэхэд МАН томилгооны асуудлаар нэлээд нухацтай ярилцдаг бололтой. Энэ байдлаасаа болоод улстөрийн ажлаас хоцорчхоод явж байна.
Өнөөгийн нөхцөл байдлаас харахад АН- ынхан олонх болчихоороо цөөнхөө үл ойшоодог, эсвэл албан тушаалын томилгоонд хэт яардаг гэх эргэлзээг төрүүлээд эхэлчихлээ. Уг нь МАН-ынхан 1996 оны сонгуулиас хойш УИХ-д олонхыг бүрдүүлэхдээ АН-ын шийдвэрүүдийг аль болох хүндэтгэж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилд МАН цөөнхийн бүлэг завсарлага авах бүрт нь хүлээцтэй хандаж, бие даасан шийдвэр гаргахгүй, төрийн ажлыг гацаахгүйгээр ажиллаж байсан. Гэтэл АН энэ удаа МАН-аас арай олон суудал авчхаад «Ханилж яваад нөхрөө» гэгчээр юм үзээгүй мэтээр «онгирч», «МАН бидэнд хамаагүй» хэмээн хөсөр хаяж, УИХ-аас олонхын саналаар хүч түрэн шийдвэрүүдийг яаравчлан гаргаж байна.
Тиймээс МАН-ынхан АН-ын энэ үл тоосон аашинд гоморхож, харамссан сэтгэлээ орхиж чадахгүй байгаа бололтой. МАН- ынхан «АН-ынхныг бид өнгөрсөн дөрвөн жилд бөөрөлхөж байгаагүй. Гэтэл биднийг бөөрөлхөж байна» хэмээн гэдийж, чуулганы хуралдаанд байтугай танхимд ч орохгүй байгаа. АН-ын бүлгийн дарга нь «Бид олонхоо бүрдүүлчихсэн учраас цөөнх бидэнд хамаагүй» гэж хээв нэг ярьж байгаа нь улстөрийн соёлгүйгээ харуулаад авах шиг боллоо. Хоёр том намынхан асуудлын гол нь ялалт, ялагдалдаа байгаа юм биш гэж тайлбарладаг.
Гэсэн ч үүнийх нь цаана парламентын суудлын тоо, олонх, цөөнхийн асуудал яригддаг учраас ийнхүү тэмцэлдэж, ард түмнийг үл тоон улстөржиж буй хэрэг. Хоёр намын тэмцлийн хажуугаар парламентад дөнгөж орж ирсэн шинэ эвслийнхэн өдөр, шөнөгүй хэвлэлээр жиргэх болов. Тэдэнд ямар нэгэн нэгдсэн бодлого байхгүй. Эвслийн мөрийн хөтөлбөрийн зорилго нь ч ард түмэнд төдийлөн танигдаагүй. Жинхэнэ сэтгэлийн хөөрлөөрөө л яваа хүмүүс юм хэмээн сонгогчид дүгнэж суугаа.
АН-ынхан МАХН- МҮАН-ын «Шударга ёс» эвсэл, ИЗНН-тай хамтарч засаг байгуулахаар гэрээ хэлэлцээр хийсэн. Гэсэн ч AH-тай хамтрах гэрээний цаад санаа нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг улстөрд буцааж, оруулах байжээ. Үүнийгээ тус эвслийн УИХ дахь бүлгийн дарга Ц.Батцэрэг «Хэрэв шүүх улстөрийн захиалгаар Н.Энхбаяр даргыг яллавал бид эвслийг задална» хэмээсэн мэдэгдлээрээ тайлбарлан, зарлах мэт илэрхийллээ. Тэр ч утгаараа МАХН-МҮАН-ын энэхүү эвсэл Н.Энхбаяр даргаас болж эвслийн Засгийн газарт орох, орохгүйдээ тулж, задрах тухай ч яриа гарч эхэлсэн.
Уг нь улстөрийн нам, эвсэл улс эх орныхоо хөгжлийн төлөө хамтарсан мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд оролцсон байх учиртай. Гэвч хэн нэгний хувийн асуудалд хутгалдчихсан явж байгаа нь олны дургүйг хүргэж эхэллээ.
Тэд AH-тай эвсэнэ гэдгээ албан ёсоор олон нийтэд зарлачхаад Засгийн газарт орох, гарах талаар ярьж, нэг хүний эрх ашгийг сонгогчдынхоо өмнө тавьж төрийн ажлыг гацааж буй нь нэг хүний нам, эвсэл мэт харагдаж байна.
В.Дондовдорж
”Өглөөний сонин”
URL: